
Монголын улс төр, нийгмийг тэхий дундуур нь хувааж дуусашгүй маргааны эхийг тавьсан “Бодь” группийг тойрсон нүүрс, төмөр замын сэдэв эцэст нь Ерөнхийлөгчөө хүртэл хугацаанаас нь урьтаж огцруулах нэг шалтгаан болов. Алс холын Канадаас олон сая ам.долларын авилга, хээл хахуулийн талаар шүгэл үлээж цөөнгүй баримт гаргаж тавиад буй Х.Нямбаатарын бямба гараг бүрийн “лайв” бичлэгүүд үзэлт, хандалтаараа их байхын хэрээр олон нийтийн дунд энэ сэдэв өндрөө авсан хэвээр байгаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцорсны дараа Н.Учралын кабинетээс ч мөн цөөнгүй сайд огцорч, нэр төрөө цэвэрлүүлэх хүсэлт гаргаад байгаа. Гэхдээ олон нийтийн дунд төрийн өндөр албан тушаалтнууд буусан ч “Бодь” групптэй холбоотой хэргүүд эцэслэн шалгагдаж, үнэн мөнийг тогтооход хэцүү гэж үзэж байна. Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэе гэвэл дээрх хэрэгт нэр дурдагдсан улс төрийн албан тушаалтнууд бүх ажлаа хүлээлгэж өгч, мөн анхлан энэ хэргийн талаар шүгэл үлээсэн хотын экс дарга Х.Нямбаатар Канадаас ирж байж хуулийн байгууллага бүрэн дүүрэн ажиллах нөхцөл бүрдэх юм. Үүний хүрээнд хамгийн чухал нь “Баясаа захирлаа хайгаад байгаа 110 сая ам.долларыг хэн хэзээ, ямар цүнхтэй авсныг би яриад өгье. Намайг гэрчийн хамгаалалтад аваач” хэмээн үгээ хэлсээр буй “Бодь” группийн захирал асан А.Амундрагийн мэдүүлэг, баримтууд хамгийн чухал. Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр руу жилийн өмнөөс гадаад улсаас “Б.Энхбаяр аа, намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гэж мэдэгдэл хийгээд байсан түүнийг одоо л гэрчийн хамгаалалтад авч бүгдийг нь яриулах ёстой.
Энканто сауны гараажид хоёр ч машин байрлаж буй зурагт цүнх дүүрэн мөнгө байсныг Х.Нямбаатар “лайв” бичлэгийнхээ үеэр үзүүлсэн. Тэгвэл энэ зургийг “Бодь”-ийн захирал асан А.Амундра хотын экс дарга руу явуулсан байх магадалтай.
Хамгийн чухал нь “Бодь”-ийн хэргийн үнэн зөвийг ялгаж, салгахын тулд хуулийн байгууллага хэний ч нөлөө ятгалгад үл автан ажиллах ёстой. Тэгвэл яг одоогийн АТГ, Прокурор, Шүүхийн байгууллага гэрч А.Амундра, хэрэгт яригдаж буй У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, Х.Баттулга, Д.Баясгалан гэх хүмүүсийн асуудлыг зөвхөн хууль дээдлэх зарчмаар дэнсэлж чадах болов уу?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.