
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс уул уурхай, ашигт малтмалын боловсруулалт, геологийн судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцжээ.
Тодруулбал, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзах үеэрээ хоёр улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн байна.
Уулзалтын үеэр геологийн судалгаа, уул уурхайн мэдээллийн санг цахимжуулах, алт боловсруулах технологи, газрын ховор элемент болон бусад стратегийн ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөнджээ.
Мөн уран болон алт боловсруулах салбарт туршлага солилцох, уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэх, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.
Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ашигт малтмалыг зөвхөн олборлохоос гадна нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах технологи нэвтрүүлэх, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэх боломжтой юм.
Монгол Улсын хувьд газрын ховор элемент болон стратегийн ашигт малтмалын нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь уул уурхайн салбарын урт хугацааны бодлогын чухал зорилтуудын нэг болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.