
Цаг үеийн болоод улс төрчийн үйл ажиллагаа, үзэл баримтлалыг таниулах зорилготой "Шийдвэр гаргагч" булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц уригдлаа.
Шатахууны хүрэлцээ, инфляцын дарамттай ийм үед зорчих хурдыг нэмэгдүүлж, тээврийн урсгалыг сайжруулах нь үнийн өсөлтийг сааруулахад ч тодорхой нөлөөтэй.
- 2027 оны төсвийн тухай яриагаа эхэлье. Таны бодлоор энэ удаагийн төсвийн давуу болон дутагдалтай тал юу байна вэ?
Эхлээд сайн талаас нь ярья. Төрийн өмчит компаниудын (ТӨК) болон Оюу толгойн ногдол ашгийг төсөвт тусгаж оруулж ирэх гэж байгаа нь эхний зөв алхам гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол Улс сүүлийн 30 гаруй жил гурван тусдаа төсөвтэй явж ирсэн. Нэгдүгээрт, улсын төсөв, хоёрдугаарт, орон нутгийн төсөв, гуравдугаарт, эдийн засгийн маань 20-30 орчим хувийг эзэлдэг ТӨК-уудын санхүү, зарцуулалт тусдаа явж ирсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ТӨК-уудын ашиг, үйл ажиллагааны талаарх тайланг жил бүр гаргадаг. Тэр тайлангаас харахад 2024 онд төрийн өмчит компаниуд нийт 5.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2023 онд 4.9 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Гэтэл энэ мөнгө улсын төсөвт төвлөрөхгүй, ТӨК-ууд өөрсдөө зах зээлд нийлүүлэх, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх зэргээр зарцуулдаг. Уг нь төрийн өмчит компанийн бодлого Монгол Улсыг бүхэлд нь харж, нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулахад чиглэх ёстой. Тиймээс УИХ-ын шууд хяналтаас гадуур хэдэн их наяд төгрөг зарцуулагдаж ирсэн асуудлыг цэгцэлж, 2027 оны улсын төсөвт ТӨК-уудын ногдол ашгаас 3.5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь зөв алхам гэж бодож байна. Энэ удаагийн төсөв өмнөхөөсөө 10 орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэсэн шүүмжлэл гарч байгаа. Гэхдээ үүний 3.5 их наяд нь өмнө нь төсвөөс гадуур зарцуулагддаг байсан ТӨК-уудын орлого юм. Мөн Оюу толгойн ногдол ашгаас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газар үүний тодорхой хэсгийг хөрөнгө оруулалтад зарцуулж, нэг их наяд төгрөгийг Баялгийн санд хадгалах хувилбар оруулж ирсэн. Тэгэхээр төсөв нийтдээ 10 их наядаар өссөн мэт харагдаж байгаа ч өсөлтийн томоохон хэсэг нь уул уурхай, ТӨК-уудын ногдол ашигтай холбоотой.
Хоёр дахь давуу тал нь иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн зардлууд байна. Үнийн өсөлт, шатахууны тасалдал, инфляцын улмаас сүүлийн хагас жилд иргэдийн амьдрал нэлээд хүндэрлээ. Ийм нөхцөлд иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хаврын чуулганаар баталсан тэтгэвэр, татвар, тэтгэмжтэй холбоотой хуулиудын өөрчлөлтийг хэрэгжүүлэх төсөв орж ирсэн. Нийт төсвийн өсөлтийн дотор өмнөх онтой харьцуулахад 6.5 их наяд төгрөг нь уул уурхай, ТӨК-уудын орлогоос бүрдэж байгаа. Үлдсэн өсөлтийн тодорхой хэсэг нь багш, эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийн нэмэгдэл зэрэгт зориулагдана. Суурь тэтгэврийн нэмэгдлийг арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлсэн бөгөөд 500 орчим мянган тэтгэвэр авагчийн орлого нэмэгдэж байгаа. Мөн ирэх оны эхнээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Иргэдийн амьжиргаа, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед энэ чиглэлд анхаарсан нь төсвийн давуу тал гэж харж байна. Ерөнхийд нь хэлбэл, төсвийг дэмжсэн. Гэхдээ сул талыг нь бас ярих ёстой.
- Тэгвэл энэ удаагийн төсвийн сул тал юу байна вэ?
Миний хувьд төсөвт хэд хэдэн зарчим баримталдаг. Нэгдүгээрт, төсвийн зарлага эдийн засгийн бодит өсөлтөөсөө давж болохгүй. Энэ байр суурийнхаа дагуу төсвийн хэлэлцүүлгийн үеэр хоёр санал гаргасан. Нэг нь дэмжигдсэн, нөгөө нь харамсалтай нь дэмжигдээгүй. Эхний санал маань Засгийн газар төсвөө эдийн засгийн ирээдүйн өсөлтийн хэт өөдрөг төсөөлөлд тулгуурлан нэмэгдүүлдэг байж болохгүй гэсэн агуулгатай. Жишээлбэл, “Энэ жил эдийн засаг 10 хувиар өснө” гэж төсөөлөөд төсвийн зарлагыг мөн 10 хувиар нэмэгдүүлж болохгүй. Харин уул уурхайн бус салбаруудын сүүлийн 12 жилийн эдийн засгийн өсөлтийн дунджаар төсвийн зарлагыг нэмэгдүүлэх зарчим баримтлах ёстой гэсэн санал гаргасан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-тэй холбоотой санал байсан бөгөөд нэгдсэн журмаар дэмжигдсэнд баяртай байгаа. Үүний үр дүнд төсвийн зарлагыг бараг таван их наяд төгрөгөөр бууруулах шаардлага бий болсон. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг илүү хэмнэлттэй зарцуулах зорилготой санал дэмжигдсэн гэсэн үг. Хоёр дахь санал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.9 дүгээр заалттай холбоотой. Энэ заалтаар орон нутгийн төсвийн үлдэгдэл, ногдол ашиг зэрэг тодорхой орлого их хэмжээгээр үлдвэл төсвийн зарлагыг тэр хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой байдаг. Засгийн газар үүнийг урьдчилан тооцоолох боломжгүй гэж тайлбарлаж байсан. Гэхдээ тооцоолох боломжтой гэж би үзэж байгаа. Улсын төсөв гэдэг өрхийн санхүүгийн төлөвлөгөөтэй төстэй. Өрх өнгөрсөн жил цалин, урамшуулал авсан эсвэл гэнэтийн орлого орж ирлээ гээд түүнийгээ энэ жил 100 хувь зарцуулна гэж төлөвлөдөггүй. Тодорхой төлөвлөгөөний хүрээнд зарцуулах ёстой. Үүнтэй адил төсвийн зарлагыг урьдчилан төлөвлөсөн хэмжээнд барих ёстой гэсэн санал гаргасан ч энэ удаа дэмжигдээгүй. Дараагийн чуулгануудаар энэ асуудлыг засах санал дахин гаргана гэж бодож байна. Өөр нэг сул тал нь замын салбарт хэт их хөрөнгө оруулалт тавьж байгаа явдал. Авто зам тавих нь зорчиж байгаа хүмүүст мэдээж таатай. Гэхдээ зөвхөн ая тухыг бодож мөнгө зарцуулах нь учир дутагдалтай. Эхлээд эдийн засгийн өсөлт, ажлын байр, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг суурь асуудлыг шийдэх ёстой. Ирэх оны төсөвт зам, тээврийн салбарт 1.4 их наяд төгрөг буюу нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэг орчим хувийг тавьсан. Боловсролын салбарт 1.3 их наяд төгрөг буюу 23 орчим хувь, эрчим хүчний салбарт нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн байсан. Гэвч Оюу толгойн ногдол ашгаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх боломж хумигдсан. Засгийн газар тухайн төслүүдийг санхүүжүүлэхтэй холбоотой хуулийн төслөө буцаан татсанаар эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт дахин хойшлох нөхцөл үүссэн. Боловсролын хөрөнгө оруулалт шаардлагатай учраас үргэлжлэх боловч хамгийн их хөрөнгө оруулалт замд төвлөрсөн хэвээр байна. Миний баримталдаг зарчим бол төсвийн хөрөнгө оруулалт нийгэм, эдийн засгийн байдлыг бодитоор сайжруулах ёстой гэсэн зарчим юм.
- Тэгвэл улсын төсвөөр замд хөрөнгө оруулах шаардлагагүй гэсэн үг үү? Ямар замыг түрүүлж барих ёстой гэж үзэж байна вэ?
Зам хэрэгтэй. Гэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой гэж боддог. Энэ талаар төсөв өргөн барихаас өмнө Зам, тээврийн сайд болон Засгийн газрын бусад гишүүдтэй ч ярьж байсан. “Мянганы зам” төслийг 20 гаруй жил хэрэгжүүлсний үр дүнд 21 аймгийн төвийг нийслэлтэй холбосон. Өөрөөр хэлбэл, аймгийн төвүүдийн хувьд үндсэн холболт бий болсон. Одоо эдгээр замын засвар, арчлалтыг улсын төсөв хариуцах нь зүйтэй. Харин улсын төсвөөр шинээр замын хөрөнгө оруулалт хийх бол хоёр том ажлыг түрүүлж хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, Чойр-Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Алтанбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн замыг дөрвөн эгнээ болгох шаардлагатай. Энэ бол эдийн засгийн өндөр ач холбогдолтой зам. Шатахууны хүрэлцээ, инфляцын дарамттай ийм үед зорчих хурдыг нэмэгдүүлж, тээврийн урсгалыг сайжруулах нь үнийн өсөлтийг сааруулахад ч тодорхой нөлөөтэй. Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил гэхэд бараг найман жил үргэлжилж байна. Босоо тэнхлэгийн замаа дөрвөн эгнээ болгож чадвал эдийн засгаа тэлэхэд чухал ач холбогдолтой. Хоёрдугаарт, авто замтай зэрэгцээ чиглэлд байгаа төмөр замыг хойш нь Алтанбулаг хүртэл хос царигтай, цахилгаанжуулсан болгох хэрэгтэй. Энэ ажилд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай ч аль болох эрт эхлүүлж, ашиглалтад оруулах нь чухал. Ингэснээр эдийн засгийн идэвх нэмэгдэж, ажлын байр бий болно. Төмөр замын 50 хувийг хойд хөрш эзэмшдэг учраас хэлэлцээрийг сайн хийх шаардлагатай. Монгол Улс төмөр замаа хос царигтай, цахилгаанжуулсан болгох ажлыг төлөвлөж байгаагаа хэлээд, хөрөнгө оруулалтын 50 хувийг гаргах эсэхийг нөгөө талтайгаа ярилцах хэрэгтэй. Хэрэв хөрөнгө оруулалт хийхгүй бол өөрсдөө 100 хувь эзэмшиж, ажлаа хэрэгжүүлэх хувилбар ч байж болно. Манай төмөр замаар дамжин өнгөрч буй ачааны 60-70 орчим хувь нь хойд хөрш рүү чиглэдэг бараа бүтээгдэхүүн байдаг. Тиймээс энэ төсөл ОХУ-д ч, Монгол Улсад ч, цааш экспорт хийж буй урд хөршид ч хэрэгтэй. Улсын хэмжээнд нөлөөтэй ийм том төслүүдэд хөрөнгө оруулахыг би бүрэн дэмжинэ. Гэтэл төсөвт тусгасан замын төслүүдийг харахаар аймгийн төвөөс сумын төв рүү холбох, улсын чанартай 20 орчим авто замаас сумдын төв рүү салаа зам тавих зэрэг харьцангуй бага ач холбогдолтой ажлуудад их хөрөнгө тавьсан байна. Төсвийн ажлын хэсэгт нийтдээ 280 орчим санал ирсэн. Би өөрөө 50-60 санал гаргасан ч ихэнх нь дэмжигдээгүй. Үүний нэг шалтгаан нь төсвийн бүтцэд орон нутгийн шинж чанартай хөрөнгө оруулалт хэт их тусдагтай холбоотой. Тойргоос сонгогдсон 78, жагсаалтаар сонгогдсон 48 гишүүнтэй парламентын нөхцөлд тойргийн шинжтэй санал төсөвт нөлөөлөх нь бий. Гэтэл улсын төсвийн гол зорилго нь улсын хэмжээний асуудлыг шийдэхэд чиглэх ёстой. Орон нутгийн чанартай зам хэрэгтэй байж болно. Гэхдээ аймгууд өөрсдийн төсвөөр хийх боломжтой. Одоогоор 21 аймгийн тав, зургаа нь л төсвийн орлогоо өөрсдөө бүрдүүлж чаддаг, бусад нь улсын төсвөөс татаас авдаг. Татаас авдаг аймгуудын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрсдөө орлогоо нэмэгдүүлэх, замын ажлынхаа эх үүсвэрийг олох талаар ажиллах ёстой. Улсын болон орон нутгийн асуудлыг тус тусынх нь зохистой эх үүсвэрээр шийдэх зарчмыг тодорхой болгох хэрэгтэй гэж боддог.
Эхлээд 16 яамаа нэгтгэж, 10 яамтай болох бүтцийн өөрчлөлтөө хийсний дараа орон тоо, урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах ёстой

- Төсвийн хэмжээ ДНБ-ий 37 орчим хувьд хүрэхээр орж ирсэн гэх шүүмжлэл бий. Сөрөг хүчин ч энэ төсвийг хүчтэй шүүмжилж байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
Түрүүн хэлсэнчлэн төсвийн өсөлтийн дийлэнх хэсэг нь урсгал зардал байна. Тэр зардлын гол хэсэг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулагдаж байгаа. Эдгээрийг нэмэгдүүлэх хуулийг сөрөг хүчин өөрсдөө ч дэмжиж баталсан. Нөхцөл байдал хүндэрлээ, багш, эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх ёстой, тэтгэврийн зардлыг нэмэх ёстой гэж бүгдээрээ хэлж, хамтдаа шийдвэр гаргасан. Тэр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зардлаар төсвийн өсөлтийн ихэнх хэсэг бүрдэж байгаа. Тийм хуулийг дэмжиж санал өгчихөөд төсвийг хэлэлцэх үед эсрэг санал өгч байгаа нь логикгүй гэж бодож байна. Хэрэв төсвөө багасгаж, зарлагаа бууруулъя гэж байгаа бол тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх асуудлыг ч дэмжихгүй гэдгээ сөрөг хүчин тодорхой хэлэх ёстой. Нэг талаас мөнгө нэмэх ёстой гэж ярьчхаад нөгөө талаас зарцуулж болохгүй гэж байгаа нь хоорондоо зөрчилтэй байр суурь юм. Миний хувьд төсвийн огцом өсөлтийг сааруулах санал байнга гаргаж ирсэн. Сөрөг хүчнээс ийм санал гаргасан гишүүн ганцхан байсан нь Жаргалан гишүүн. Бид хоёрын саналын нэг нь дэмжигдэж, нөгөө нь дэмжигдээгүй. Сөрөг хүчин нэгдсэн байр суурьтайгаар санал гаргасан бол төсвийн зарим алдааг засах боломж байсан. Батлагдсаны дараа шүүмжлэх нь ажил хэрэгч бус хандлага гэж би хувьдаа боддог. Миний хувьд төсвийн ДНБ-д эзлэх хувийг бууруулах байр суурьтай. МАН сонгуулиар төсвийн хэмжээг ДНБ-ий 25 хувь хүртэл бууруулах мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ байр суурь хэвээрээ. Оюу толгойн хоёр их наяд төгрөгийн ногдол ашгийг зарцуулахаар төсвөөс хасахад төсвийн хэмжээ 38 хувиар өргөн баригдсанаас 36 хувь болж, хоёр нэгж хувиар буурсан. 2028, 2029 онд ДНБ-д эзлэх төсвийн хэмжээг 33, 31 хувь болгохоор төсөөлсөн байна. Шууд 25 хувь болгох нь эдийн засагт хүндрэл үүсгэх тул үе шаттай бууруулах нь зөв. Гэхдээ Засгийн газар төсөв өргөн барихдаа төсвийн хүрээ, төсөөллөө хуульд нийцүүлэх ёстой. Хуулиа давуулж байгаад төсвөө баталж болохгүй. Мөн төсвийн хэмжээг бууруулахын тулд Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллагууд, УИХ-ын харьяа байгууллагуудын чиг үүрэг, бүтэц, орон тоог оновчлох шаардлагатай. Одоо 16 яам, 20 сайдтай байгаа нь хэтэрхий том бүтэц гэж боддог. Өнгөрсөн жил төсвийн ерөнхийлөн захирагч бүр орон тоогоо есөн хувиар бууруулах шийдвэр гаргасан. Энэ бол буруу арга. Зарим байгууллага олон ажилтантай, зарим нь цөөн орон тоотой ч маш чухал чиг үүрэг хэрэгжүүлдэг. Бүх байгууллагын орон тоог шууд 9-10 хувиар бууруулбал заримынх нь үйл ажиллагаа доголдоно. Эхлээд 16 яамаа нэгтгэж, 10 яамтай болох бүтцийн өөрчлөлтөө хийсний дараа орон тоо, урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах ёстой. Энэ талаар чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс тогтмол асуудаг ч одоогоор тодорхой хариулт аваагүй байна. Жишээлбэл, зам, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, барилга, орон сууцжуулалт, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харилцаа холбооны чиг үүргийг нэгтгээд Дэд бүтцийн яам байгуулж болно. Зам тавихад цахилгаан, цэвэр, бохир усны шугам зэрэг дэд бүтцийг хамтад нь төлөвлөх шаардлагатай. Тиймээс нэг төлөвлөгөө, нэг зохион байгуулалтаар ажиллуулах боломжтой.
Хоёрдугаарт, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны уул уурхайн чиг үүрэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйн чиг үүргийг нэгтгэн Байгалийн нөөцийн яам байгуулж болно. Монгол Улсын газар нутгийг уул уурхайд ашиглах уу, бэлчээрт ашиглах уу, байгалиа хамгаалах уу гэдэг нэг төлөвлөгөөтэй байх ёстой. Гэтэл эдгээр чиг үүрэг тусдаа яамдад хуваагдсанаас уул уурхайн аж ахуйн нэгж, оршин суугчид, малчид, байгаль хамгаалагчдын хооронд зөрчил үүсэх нөхцөл бүрддэг. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны соёл, спортын чиг үүргийг Боловсролын яамтай нэгтгэх боломжтой. Хүүхдийн боловсрол бие бялдар, оюун санаа, сэтгэл зүйн хөгжилтэй холбоотой учраас соёл, спортын бодлого боловсролтойгоо хамт явах нь зөв. Харин аялал жуулчлалын чиг үүргийг Гадаад харилцааны яамтай уялдуулж болно. Гадаад улсад Монголын төрийг төлөөлж буй байгууллага бол Элчин сайдын яам. Элчин сайдын яамаар дамжуулан тухайн орны иргэдэд Монголын аялал жуулчлал, бүтээгдэхүүнийг сурталчлах боломжтой. Үүнээс гадна Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, шүүхийн байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо зэрэг төсвийн ерөнхийлөн захирагчдын чиг үүргийг ч оновчлох талаар ярих хэрэгтэй. Энэ судалгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хийж, төсвийн зардлыг үе шаттай бууруулах шийдлээ улсын төсөвтэй хамт өргөн барих боломжтой гэж бодож байна. Энэ байр сууриа цаашид ч тавьж, асуулт асууж ажиллана.
- Төсвийн зарцуулалтын задаргааг ил болгох тухай хуулийн төслийг та УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй хамт өргөн барьсан. Гэвч санал хураах үед эсрэг санал өгсөн гэж яригдсан. Яг юу болсон юм бэ?
Би Цэнгүүн гишүүний хамт төсвийн задаргааг ил болгох, төсвийн зарцуулалтыг нарийвчлан харах боломж бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа. Харин санал хураалтын үеэр би хуралдаанд оролцож чадаагүй. Чуулганы нэгдсэн хуралдааны тов төлөвлөсний дагуу яваагүй. Анх санал хураалтыг пүрэв гарагт хийхээр товлосон байсан. Тиймээс би долоо хоногийн өмнөөс ажлаа зохицуулж, тухайн өдрийн хуралдаанд оролцохоор төлөвлөсөн. Гэтэл танхимд гишүүдийн ирц хүрээгүй учраас санал хураалтыг баасан гарагийн өглөө болгон хойшлуулсан. Харин тэр өдөр би сар гаруйн өмнөөс товлосон арга хэмжээг удирдаж байсан учраас санал хураалтад оролцож чадаагүй. Ингээд системд татгалзсан саналтайгаар бүртгэгдсэн. Миний байр суурь өөрчлөгдөөгүй. Хуулийн төслийг дахин өргөн барих боломжтой. Би өөр олон хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэдгээртээ энэ агуулгыг тусгаж, Цэнгүүн гишүүн болон хамтран өргөн барьсан бусад гишүүнтэй ярилцаад дахин өргөн барих чиглэлээр ажиллана. Төсвийн зарцуулалт ил тод байвал хяналт сайжирна. Төсвийн материал дотор олон хавсралт байдаг. Тэдгээрээс хамгийн нарийн задаргааг нь харах шаардлагатай хэсэг бол урсгал шилжүүлэг. Улсын төсөв 40 орчим их наяд төгрөгөөр батлагдаж байгаа гэж үзвэл үүний 40 хувь буюу 16 их наяд орчим төгрөг нь урсгал шилжүүлэг хэлбэрээр сайд, яамдын багцад орж ирдэг. Яг ямар байгууллагад, ямар зардлыг, ямар шалтгаанаар шилжүүлж байгааг нарийвчлан харах хэрэгтэй. Ингэж байж төсвийн хэмжээг бууруулах боломж бүрдэнэ. Мэдээлэл нээлттэй бол УИХ-ын гишүүдээс гадна судлаачид, эдийн засагчид, мэргэжилтнүүд ч хянах боломжтой болно. Тиймээс энэ бол чухал хуулийн төсөл гэж бодож байна.
- Таныг “номер нэг” гэж хочилдог юм байна. МАН-аас жагсаалтын нэгдүгээрт бичигдэж УИХ-д орж ирсэн. Энэ хоч танд дарамт болж байсан уу?
Нэлээд олон хүн намайг “Номер нэг” гэж дууддаг. Зуу гаруй хүн ингэж дууддаг ч би ерөөсөө дасдаггүй юм байна. Боломж гарвал “Номер нэг” гэж дуудахгүй, нэрээр минь дуудаарай гэж хэлдэг. Гэхдээ хүмүүс өөрсдийнхөөрөө л дуудах байх. Миний зан аашийн хувьд аливаа стресс, дарамтыг эмзгээр хүлээж авах нь буруу гэж боддог. Харин тийм нөхцөл байдал үүсвэл түүнийг давуу тал болгож ашиглаад, “Би одоо юу хийх ёстой вэ?” гэж бодон ажил хэрэгч, бүтээлчээр ажиллах нь чухал. Санаа зовлоо гээд асуудал шийдэгдэхгүй. Тиймээс би стресс, дарамтыг өөр дээрээ нэг их мэдэрдэггүй. Өөрийн хийх ёстой ажлаа сайн хийх нь миний хийж чадах хамгийн зөв зүйл. Харин ажлыг минь хэрхэн үнэлэхийг бусад хүмүүс шийднэ. Хийсвэр зүйлд санаа зовохыг хүсдэггүй.
Зургаан их наяд төгрөг зарцуулсан байхад утаа байсаар байна. Энэ нь бодлогын чиглэл өөрөө алдаатай байсныг харуулж байна
- Сонгогчдод өгсөн амлалтаасаа хэр биелүүлж байна вэ? Та анх нэр дэвшихдээ ямар зорилго тавьж байсан бэ?
Нэр дэвших санал авч, шийдвэрээ гаргаж байхдаа хотыг төлөөлж буй хүний хувьд хоёр асуудлыг шийдэх ёстой гэж бодсон. Нэгдүгээрт, агаарын бохирдол буюу утааг бууруулах. Хоёрдугаарт, түгжрэлийг шийдэх. УИХ-ын гишүүн болоод ажиллаж эхэлсний дараа төсөв маань үр дүнд чиглээгүй байгааг анзаарсан. Төсвөөр ажил хийсэн ч үр дүн гарахгүй бол тухайн сайдад хариуцлага тооцож чаддаггүй хууль, эрх зүйн орчинтой юм байна. Тиймээс анх тавьсан хоёр зорилгоос гадна энэ суурь алдааг засах шаардлагатай гэж үзээд ажиллаж байна. Утааг бууруулах чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой “Дулаанбаатар” аяныг зохион байгуулж, хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын 57 болон 119 дүгээр тогтоолыг батлуулсан. Үүний үр дүнд тодорхой ахиц гарч байгаа. Сүүлийн 10 гаруй жил бид утаагүй зуух, сайжруулсан түлш, цаашлаад хий зэрэг шатдаг бүтээгдэхүүнд төсвөөс татаас олгож, төрийн бодлогоор дэмжиж ирсэн. Утаа тодорхой хэмжээгээр буурсан ч бүрэн шийдэгдээгүй. Нийтдээ бараг зургаан их наяд төгрөг зарцуулсан байхад утаа байсаар байна. Энэ нь бодлогын чиглэл өөрөө алдаатай байсныг харуулж байна. Тиймээс жил бүр түлшинд олгодог 300 тэрбум төгрөгийн татаасыг шатдаггүй шийдэл рүү, өөрөөр хэлбэл байшин, гэрээ дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй болгоход чиглүүлэх ёстой. Ногоон санхүүжилт, ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлтийн салбар сүүлийн 10 гаруй жилд технологийн хувьд ихээхэн хөгжсөн. Эдгээр шийдлийг хурдан нэвтрүүлж, утааг бууруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын тогтоолоор Засгийн газар болон Монголбанкинд тодорхой үүрэг өгсөн. Монголбанк ажлынхаа ихэнхийг хийсэн гэж бодож байна. Өмнө нь байшин, гэрээ дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдаж авах, амины орон сууц барих, нарны хавтан авах зэрэг нь хэрэглээний зээлийн ангилалд орж, 30 сарын дотор төлөгдөх нөхцөлтэй байсан. Гэтэл эдгээр нь олон жил ашиглагдах хөрөнгө оруулалт учраас зээлийн хугацаа урт байх ёстой. Монголбанк ногоон зээлийн журмыг шинээр гаргаж, ийм бүтээгдэхүүнд олгох зээлийн эргэн төлөлтийн хугацааг 60 сар болгож сунгасан. Мөн хүүгийн хөнгөлөлт, татаасыг 0.5 хувиас 2.5 хувь болгож нэмэгдүүлсэн. Тиймээс ногоон зээл хэрэглээний зээлээс илүү урт хугацаатай, хүү багатай байх боломж бүрдэж байна. Монголбанк энэ чиглэлд ажлаа сайн хийж байгаа гэж боддог. Харин Засгийн газар, нийслэл, аймаг, дүүрэг, сумдын Засаг дарга нар тогтоолын хэрэгжилтийг хангах шаардлагатай. Цаашид төрийн бодлого, дэмжлэгийг эрчим хүчний хэмнэлттэй, шатдаггүй шийдэлд чиглүүлэх ёстой. Юм шатаж л байвал утаа гарна гэдгийг хүүхэд ч мэднэ. Тиймээс бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай. Арван жил хэрэгжсэн бодлогыг өөрчлөхөд хугацаа орно. Гэхдээ хоёр жил хагасын хугацаанд боломжийн ахиц гаргасан гэж бодож байна. “Дулаанбаатар” аяны гол зорилго гурван хэсэгтэй. Нэгдүгээрт, улс төрийн шийдвэр гаргагчид, улс төрийн намууд, Засаг дарга нар, ИТХ-ын төлөөлөгчдөд зөв бодлогыг хэрэгжүүлэх, дэмжих шаардлагатай гэдгийг ойлгуулах. Хоёрдугаарт, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, барилга, байшин, гэр дулаалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, зөв шийдэл, боломжит өртөг, хэрэгжүүлэх арга замыг нь бий болгох. Гуравдугаарт, олон нийтийн ойлголтыг зөв болгох. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны томоохон асуудлыг шийдэхийн тулд улс төрийн шийдвэр гаргагчид, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, олон нийт гэсэн гурван талын ойлголт, оролцоо нэг цэгт нийлэх ёстой. Энэ гурван тал хамтран ажиллаж байж л том асуудлыг шийднэ. Бид энэ гурван талын оролцоог бүрдүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн жил нийслэлийн бараг бүх хороогоор явж, 2,000 орчим иргэнтэй уулзсан. Аяныг эхлүүлж байх үед хүмүүс “Ямар зуух сайн бэ?”, “Хөх коксоор халаах уу?”, “Газан халаагуур тавих уу?” гэх мэт асуулт их тавьдаг байсан. Харин энэ жил дүүрэг бүрт ажиллахад дулаалгын сайн материал аль нь вэ, ямар зээлд хамрагдах боломжтой вэ, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын заавар, аргачлалыг хаанаас авах вэ гэж асуух болсон. Өнгөрсөн жил мэдээлэл аваад явсан хүмүүс энэ жил дахин ирэхдээ байшин, гэрээ дулаалсан тухайгаа ярьж байна. Дүүрэг бүрээс цөөнгүй хүн ийм туршлагаа хуваалцсан нь ахиц гэж бодож байна.

- Дулаалга хийснээр найман жилийн дараа агаарын бохирдол 74 орчим хувиар буурна гэж та ярьж байсан. Энэ тооцоог ямар үзүүлэлт, судалгаанд үндэслэсэн бэ?
Олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч боломжит шийдэл, хувилбар, өртгийн тооцоо гаргуулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан болон мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн судалгаанд үндэслэсэн. Мөн 2009 оноос хойш утааг бууруулахад зарцуулсан зургаан их наяд төгрөгийн үр дүнг харьцуулж үзсэн. Үүний үндсэн дээр хамгийн бага өртгөөр утааг бууруулах боломжит хувилбарыг тооцоолсон юм.
Бид зөвхөн Улаанбаатар хотын асуудлыг шийдэх гэж байгаа биш. Дархан, Эрдэнэт хотын төвүүдийн агаарын бохирдлыг ч хамтад нь бууруулах зорилготой. Нийтдээ 300 орчим мянган өрхийн янданг бууруулахын тулд жил бүр 10-15 мянган байшин, гэрийг дулаалах шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үүнд шаардагдах зардлыг тооцож, өрхүүд ногоон зээлд хамрагдан бага хүүтэй санхүүжилт авах боломжийг судалсан. Мөн төрөөс жил бүр түлшний татааст олгодог 300 тэрбум төгрөгийг энэ чиглэлд шилжүүлбэл ойролцоогоор 670 тэрбум төгрөгөөр найман жилийн хугацаанд орон даяар энэ ажлыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн тооцоо гаргасан.
Хот төлөвлөлт, бодлогын санал дэвшүүлэхдээ ийм тооцоог үндэслэлтэй гаргаж тавих ёстой гэж боддог. Энэ мэдээллийг 2025 оны хаврын чуулганы үеэр болсон утааны сонсголд төрийн байгууллагуудын зарцуулсан мөнгөний мэдээллийг цуглуулж, юунд зарцуулсныг нь ангилж үзсэн дүнтэй харьцуулан гаргасан. Зургаан их наяд төгрөг гэдэг маш их мөнгө. Түүний гурван их наяд орчим нь дэд бүтэц, цахилгааны шугам татах зэрэгт зарцуулагдсан. Харин үлдсэн гурван их наяд орчим нь утаагүй зуух, сайжруулсан түлш зэрэгт зарцуулагдсан. Зөвхөн сайжруулсан түлшинд хоёр их наяд төгрөг зарцуулсан байна. Цаашид мөнгөө шатдаг зүйлд зарцуулсаар байх уу, эсвэл бодитой үр дүн үлдээх дулаалга, эрчим хүчний хэмнэлтэд чиглүүлэх үү гэдгийг харьцуулж үзсэн юм.
Бүгд л мөнгө, төсөв байхгүй гэж ярьдаг хэрнээ их хэмжээний мөнгө зарцуулдаг. Гэвч үр дүн нь гарахгүй, иргэдийн амьдрал сайжрахгүй байх тохиолдол бий
- Та хот төлөвлөлтийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Улаанбаатарын зам, барилгажилт, түгжрэл, ногоон байгууламж гээд олон асуудал бий. Хот төлөвлөлтийн хувьд бид яг юун дээр алдсан юм бол?
Миний докторын судалгаа ч яг юун дээр алдсаныг нь олж тогтоох зорилготой байсан. Гол шалтгаан нь төрийн байгууллагууд, яамдын чиг үүрэг хэт салангид байгаатай холбоотой. Яамд тусдаа байхаар төлөвлөгөөнүүд нь ч тус тусдаа гардаг. Энгийн жишээ хэлэхэд, нэг зун явган зам зассаны дараа жил нь очиход шугам солих гэж ухаж сүйтгэсэн байдаг. Явган замын төлөвлөгөө тусдаа, цэвэр, бохир усны шугамын төлөвлөгөө тусдаа, дулааны шугамын төлөвлөгөө бас тусдаа явдаг. Иймээс нэг ажлыг дахин дахин хийж, татвар төлөгчдийн мөнгийг давхардуулан зарцуулж байна. Олон улсад үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоонд шилжсэн. Ялангуяа Монголтой адил социалист тогтолцоотой байсан Зүүн Европын орнууд ийм тогтолцоонд шилжиж байна. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зам, явган болон дугуйн зам, нийтийн тээвэр, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, дулааны шугам гээд бүх дэд бүтцийг нэг төлөвлөгөөнд багтаах ёстой. Тэр төлөвлөгөөндөө үндэслэж төсвийн хөрөнгө оруулалтаа зарцуулж, зарцуулсан мөнгөө дараа нь үнэлж, үр дүнг хэмжих хэрэгтэй. Үр дүн гарвал тухайн салбарын төсвийг нэмэгдүүлэх эсвэл хэвээр нь батлах боломжтой. Харин үр дүн гараагүй бол төсвийг бууруулах зэрэг бодлогын хэлэлцүүлэг УИХ дээр өрнөх ёстой. Ийм нэгдсэн төлөвлөгөө байхгүй байгаа нь суурь алдаа юм.
Өөр нэг том алдаа нь газрын төлөвлөлт бусад төлөвлөгөөнөөс тусдаа явдаг. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж шинээр барих зэрэг олон төлөвлөгөө бий. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдэд “Таны хашаа, байшинг буулгаж, газрыг тань авна” гэж хэлээд нэг төлөвлөгөө танилцуулдаг. Гэтэл дараа нь 10-20 жил сураггүй болчихдог. Харин хажуугаар нь өөр ажлууд үргэлжилдэг. Тухайн хашаанд амьдарч байгаа иргэн “Хэзээ нэг өдөр хашааг минь буулгаад аваад явчих юм байна” гэж бодно. Ингэснээр иргэн хашаандаа мод тарих, нүхэн жорлонгоо шийдэх зэрэг сайжруулалт хийх сонирхолгүй болдог. Ийм тодорхойгүй байдал үүсгэж байгаа юм.
Тиймээс энэ олон төлөвлөгөөг нэгтгэх ёстой. Энэ нь зөвхөн Улаанбаатарын асуудал биш. Дархан, Эрдэнэт хотод ч Улаанбаатарын алдааг давтаж байгааг харж болно. Эдгээр хотын төлөвлөлтийн алдааг засах эхний алхам бол нэгдсэн төлөвлөгөөтэй болох гэж бодож байна.
- Та төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаад хоёр жил гаруй болж байна. Анх төрийн байгууллагад ажиллахад ямар хүндрэл тулгарсан бэ?
Шинэ ажилд ороход хүндрэл гарах нь мэдээж. Төрд ч бай, хувийн хэвшилд ч бай адилхан. Би өмнө нь Японд инженерийн зөвлөх үйлчилгээний компанид ажиллаж байхдаа 10 орчим гадаад улсын төсөл дээр ажиллаж байсан. Вьетнам, Камбож, Турк, Латин Америкийн хэд хэдэн улсад ажилласан. Тэнд ч гэсэн Монголтой төстэй нөхцөл байдал ажиглагддаг байсан. Олон даргатай, олон нэгжтэй, байгууллагууд хоорондоо уялдаа муутай. Бүгд л мөнгө, төсөв байхгүй гэж ярьдаг хэрнээ их хэмжээний мөнгө зарцуулдаг. Гэвч үр дүн нь гарахгүй, иргэдийн амьдрал сайжрахгүй байх тохиолдол бий. Энэ бол дэлхий нийтэд байдаг засаглалын сул тал гэж харж байсан. Тиймээс Монголд ирээд УИХ-ын гишүүнээр ажиллахад ийм нөхцөл байдалтай тулгарах байх гэж төсөөлж байсан, үнэхээр тийм зүйл байсан.
Нөгөө талдаа гэрэл гэгээтэй зүйл ч харагдсан. Яам, тамгын газар, агентлаг, нийслэлд ажиллаж байгаа албан хаагчдын 20-30 орчим хувь нь хариуцлагатай, санаачилгатай, бүтээлч, ажил хэрэгч хүмүүс байна. Ялангуяа залуучуудтай гар нийлж ажиллахад урам зориг авдаг. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд тодорхой үр дүн гаргаж байгаа нь тэр залуучуудтай хамтарч ажилласны үр дүн гэж боддог. Бодлогоо зөв гаргаж, шийдлээ ойлгомжтой танилцуулбал төрийн байгууллагынхан ч сэргэг хүлээж авдаг. Тиймээс ажлаа хийхэд төсөөлж байсан шиг их хүндрэл гараагүй.
- Төрийн тогтолцоонд ямар системийн өөрчлөлт хийх шаардлагатай гэж харж байна вэ?
Хамгийн түрүүнд үр дүнд суурилсан засаглал бий болгох хэрэгтэй. Яг ямар үр дүн гарсныг эхлээд ярьдаг байх ёстой. Одоо хууль тогтоогчид, УИХ-ын гишүүд, иргэдийн төлөөлөгчид, сайд нар “Зам тавилаа, тууз хайчиллаа” гэж ярьдаг. Гэтэл зам тавьсан нь өөрөө үр дүн биш. Тухайн зам ашиглалтад орсноор Улаанбаатар болон аймгийн төвүүдийн хооронд зорчих хугацаа багассан уу, осол аваар буурсан уу, тухайн орон нутагт ажлын байр нэмэгдсэн үү, жуулчдын тоо өссөн үү гэдгийг хэмжих ёстой. Шинэ зам тавьсан гээд баяр хүргэж, алга таших биш, бодит үр дүнг нь харах хэрэгтэй. Энэ өөрчлөлтөд хугацаа орно. Зөвхөн систем, тогтолцооны асуудал биш, ажлын арга барил болон сонгогчдын шаардах зүйл ч өөрчлөгдөх ёстой. Иргэд ямар нэг шинэ ажил нэхэхээс илүүтэйгээр үр дүн нэхдэг болох хэрэгтэй. Бид олон нийтээрээ үр дүнг ярьж чаддаг болбол Сингапур, Солонгос, Япон шиг хөгжих боломж бий гэж боддог.
Би энэ талаар нэг минутын богино бичлэгүүд хийж эхэлж байгаа. Гол зорилго нь хэн дарга байх, хэн сайд байх, хэн Ерөнхийлөгч байх, аль нам засаглах нь хамаагүй, үр дүнг нь нэхдэг байх ёстой гэсэн санааг олон нийтэд хүргэх. Үр дүн гаргасан бол сайшааж, дахин итгэл үзүүлж болно. Харин үр дүн гаргаагүй бол хариуцлага тооцох ёстой. Энэ бол энгийн логик. Тиймээс ямар ч байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хэлэлцэхдээ “Та бүхэн үр дүнд суурилж ажиллаж байна уу?” гэдэг асуултыг эхэнд тавих нь зөв гэж боддог.
Сүүлдээ намайг юу ч хэлсэн үгэнд ордоггүй, нэмэргүй хүн гэж ярьдаг болсон. Дүлий цэрэг гэдэг.
- “20 минутын хот” төслийг өмнөх Засгийн газрын үед ярьж байсан. Тэр ажил зогссон уу, үргэлжилж байгаа юу?
Тэр ажил үргэлжилж байгаа. Эрдэнэбүрэн сайд 20 минутын хотын асуудал хариуцсан үндэсний хороонд ажиллаж байх үедээ надаас мэргэжлийн зөвлөгөө хүссэн. Миний мэргэжил, гадаад улсад хийж байсан ажилтай холбоотой учраас энэ санааг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулж ажиллаж байна. Үзэл баримтлал нь дууссан. Одоо Хот төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа.
Энэ ажлын гол зорилго нь үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт бий болгох. Төсөв нь төлөвлөгөөгөө дагадаг, хэрэгжилтийг нь зөв үнэлдэг, үр дүн гарч байна уу гэдгийг хэмждэг тогтолцоог бүрдүүлэх юм. УИХ-ын гишүүний хувьд хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэгтэй болохоос биш “20 минутын хотыг бий болгочихлоо” гэж хэлээд шууд хэрэгжүүлэх боломжгүй. Үүнийг сайд, Засаг дарга нар хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ ажил үргэлжилж байгаа бөгөөд 20 минутын хот нь түгжрэлийг шийдэхэд ч чухал ач холбогдолтой.
- МАН дотроо 30,38 гэж хуваагдаж, зөрчил нь даамжирч байна. Ерөнхийлөгч хүртэл суудлаасаа буулаа. Энэ хуваагдал танд нөлөөлсөн үү? Шинэ гишүүдэд дарамт байсан уу?
- Хуваагдал байх ёстой зүйл. Бүх гишүүн бүх хуулийн төсөл дээр санал нэгтэй дэмжээд байвал тэр чинь коммунизм болно биз дээ. Зарим асуудал дээр санал зөрнө, зарим дээр санал нэгдэнэ. Миний хувьд улс орны болон ард түмний эрх ашгийг харж, тэр байр сууринаасаа ирцдээ орж, саналаа өгч ирсэн. Аль аль талаас “Ийм санал өгөөч” гэсэн хүсэлт ирдэг. Би өөрийн байр сууриа тодорхой хэлдэг. Ажилдаа явж, ирцдээ орж, саналаа өгнө гэдэг байр суурьтай байсан.
Нэг харахад намайг 38-ын талд орчихсон явж байдаг, дахин харахад 30-ын талд орчихсон байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ хуваагдлыг дагаж, улам дэвэргэж байна уу гэж боддог. Яг ямар зорилготой, юуны төлөө зөрчилдөж байгааг хэлэлцэх боломж, орон зайгүйгээр сошиал мэдээлэл дүүрч байна. Занданшатарын Засгийн газрыг огцруулах үед би ирцдээ орсон. Учралын Засгийн газар байгуулагдахад зарим гишүүн ирцдээ ороогүй байхад би бас ирцдээ байсан. Төрийн ажил гацаад байж болохгүй. Нам хэд хуваагдах нь хоёрдугаар асуудал. УИХ тогтвортой ажиллаж, Засгийн газар ажлаа хийх ёстой. Шийдэх асуудал байвал санал хураалтаараа шийдээд явах нь гишүүдийн үндсэн ажил. Би энэ зарчмаа тогтмол баримталсан. Сүүлдээ намайг юу ч хэлсэн үгэнд ордоггүй, нэмэргүй хүн гэж ярьдаг болсон. Дүлий цэрэг гэдэг шиг. Гэхдээ миний хувьд энэ хуваагдлаас болж ажлаа өөрчлөх, нэг талд орох шаардлага байгаагүй. Хэвлэл мэдээлэл энэ асуудлыг улам даамжруулж цацаж байна гэж боддог.

- МАН-ын нэр хүнд унаж байна. Ирэх сонгуулиудад амжилттай оролцож, олонх болж чадах болов уу?
2024 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд одоо үлдсэн нэг жил гаруй хугацаа хангалттай байж болно. Энэ хугацаанд ажлаа эрчимжүүлж, үр дүн гаргах боломж бий. Одоо үлдсэн хугацаанд хэрүүл маргаанаа үргэлжлүүлэх үү, эсвэл хамтдаа боловсруулж дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Парламент дотор маргаан, зөрчил байж л байдаг. Гэхдээ гол зорилго бол сонгогчдод амласан амлалтаа биелүүлэх. Гаргасан үр дүнгээ хамгаалж, олон нийтэд ойлгуулж чадвал боломж байгаа гэж бодож байна. Харин сандал, суудлын маргаан, “манай тал, танай тал”, “миний хуулийг дэмжээгүй”, “намайг дарга болгоогүй” гэх мэт асуудлыг ярьсаар байвал сонгогчдын итгэлийг дахин авах боломжгүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед миний үнэхээр итгэл үнэмшлээрээ дэмжсэн зүйл бол 14 мега төсөл байсан
- Та гурван Засгийн газар, гурван Ерөнхий сайдын үед ажиллалаа. Оюун-Эрдэнэ, Занданшатар, Учралын Засгийн газрыг харьцуулбал ямар үнэлгээ өгөх вэ?
Засгийн газар бүрт сайн болон сул тал бий. Эхлээд сайн талаас нь ярья. Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед миний үнэхээр итгэл үнэмшлээрээ дэмжсэн зүйл бол 14 мега төсөл байсан. Үүнд ашиглалтад хараахан ороогүй байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг төсөл багтсан. Эдгээрийг хэрэгжүүлснээр эрчим хүч, газрын тос, шатахууны хувьд хараат бус болох бодлого дэвшүүлсэн. Тухайн үед УИХ-ын 126 гишүүн эдгээр асуудлыг дэмжиж байсан. Энэ чиглэлийг зөв гэж боддог. Сул тал нь төсвийн зарлагыг нэлээд нэмэгдүүлсэн. Томоохон хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд төсөв зарцуулах нь мэдээж. Гэхдээ зарцуулалтын хэмжээ, үр ашгийг сайн тооцох хэрэгтэй. Занданшатарын Засгийн газрын үед төсвийг бууруулах, 14 мега төслийн хэрэгцээ шаардлагыг дахин эрэмбэлэх, шаардлагагүй төслүүдийг хойшлуулах, төрийн эдийн засаг дахь оролцоог бууруулах чиглэлээр ахиц гарсан гэж боддог. Энэ нь нийгэмд тодорхой хэмжээний цочроо өгсөн байх. Харин сул тал нь төсвийн ерөнхийлөн захирагч бүх байгууллагын орон тоог жигд есөн хувиар бууруулах шийдвэр байсан. Энэ бол болхи, буруу шийдвэр. Ерөнхий сайд аливаа шийдвэрийг судалгаа, үндэслэл, тооцоотой гаргаж, ямар үр дүнд хүрэхээ тооцох ёстой. Учралын Засгийн газрын хувьд мөрийн хөтөлбөрт туссан ажлуудаа хэрэгжүүлж эхэлж байна. Нэгдүгээрт, татварыг бууруулах чиглэлээр ажилласан. ХХОАТ-ын хувьд 792 мянган төгрөг хүртэлх орлогоос татвар авахгүй, хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулах, түүнээс дээш орлогод шаталсан журмаар татвар авах зохицуулалт хийсэн. Мөн НӨАТ-тай холбоотой хугацааг хоёр, гурван сараар сунгах, ААНОАТ-ын шатлалыг өөрчилж, 200 мянга орчим аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулах шийдвэр гаргасан. Гарааны бизнес эрхлэгч байгууллагуудын ажилтны тооноос хамааруулан НДШ-ийг хөнгөлөх зэрэг шийдэл ч гаргасан. Татварын дарамтыг бууруулах чиглэлд ахиц гарсан гэж бодож байна.
Хоёрдугаарт, зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчлөхөөр ажиллаж байна. Монгол Улс социализмаас үлдсэн нэг сул талтай. Нэг талаас олон улсын стандартыг мөрддөг тогтолцоонд орсон мөртөө нөгөө талаас зөвшөөрлийн тогтолцоогоо давхар хадгалсан. Стандартаа хангаж байгаа бол заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байх ёстой. Энгийнээр хэлбэл, iPhone-ийн стандартыг Монголд тусгайлан баталж байж л худалдах эрх олгоно гэсэнтэй адил утгагүй нөхцөл үүсдэг. Үүнийг засах ажлыг богино хугацаанд, шуурхай хийж чадсан нь сайн гэж бодож байна.
Мөн Занданшатарын болон Учралын Засгийн газар дамнан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад илүү нааштай болгох чиглэлээр ахиц гаргасан. Ногдол ашиг хүртэх хугацааг 10 жилээр наашлуулж, 2027 оноос хүртэхээр болгох, зээлийн хүүг бууруулах, гурван жил тутам хэлэлцээр хийдэг болох зэрэг асуудал яригдаж, шийдэлд хүрч байна. Нийгэмд сөрөг мэдээлэл их түгдэг учраас ийм ахиц, үр дүн заримдаа дарагдаж байна уу гэж боддог.
Сул тал гэвэл бензиний хомсдол, шатахууны үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хэлнэ. Энэ асуудлыг гурван Засгийн газар бүгд урьдчилан тооцож, арга хэмжээ авах шаардлагатай байсан. Цаашид алдаагаа засаж, ийм нөхцөл байдал дахин үүсэхээс сэргийлэх ёстой гэж бодож байна.
- Та 2028 оны сонгуульд нэр дэвших үү?
Намайг нэр дэвших эсэхийг намын удирдлагууд шийдэх байх.
- Цаашид улс төрийн карьераа үргэлжлүүлэх бодол бий юу?
Миний мэргэжлийн салбар болох хот төлөвлөлтөд үр дүн харахын тулд дор хаяж тав, цаашлаад 10 жил шаардлагатай байдаг. Утаа, түгжрэл зэрэг асуудлын шийдлийн үр дүн эхнээсээ харагдахад ч хугацаа орно. Зөвхөн хууль, тогтоол батлуулаад ажлаа дуусгах нь ажлаа дундаас нь орхиж байгаатай адил гэж боддог. Тиймээс баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хянах, үр дүн гарахгүй бол хариуцлага тооцох байр сууриас цаашид ч оролцоотой байх нь зүйтэй гэж хувьдаа бодож байна.
- Таны ХАСХОМ-оос асуух зүйл байна. Та 2024 онд анх мэдүүлэхдээ 458 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол хадгаламж тань 48 сая төгрөг болж буурчээ. Харин орлого 110 сая төгрөг болж өссөн байна. Үүнийг тайлбарлах уу?
Миний орлого буурсан. Өрхийн орлогоор харж байгаа учраас 110 сая төгрөг гэж харагдаж байгаа байх. УИХ-ын гишүүн болохоос өмнөх үеийнхтэй харьцуулахад манай өрхийн орлого 40 орчим хувиар буурсан. Эхнэр бид хоёр Японд компанид ажилладаг байсан. Одоо эхнэр маань жирэмсний болон амаржсаны амралттай учраас орлого нь буурсан. Миний хувьд ч өмнө нь авч байсан цалингаасаа бага орлоготой болсон. Тиймээс өрхийн орлогын түвшин буурсан. Хадгаламжаа орон сууцны асуудлаа шийдэхийн тулд зарцуулсан. Тийм учраас хадгаламжийн хэмжээ тэр хэмжээгээр буурсан байгаа.

- Түгжрэлийн асуудлаар таны санал, шийдэл юу байна вэ?
Түгжрэлийг бууруулах шийдлүүд бий. Гэхдээ хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд түгжрэлийг шууд шийдэх боломж хязгаарлагдмал. Өмнөх болон одоогийн хотын дарга нарт мэргэжлийнхээ хүрээнд ийм арга хэмжээ авбал түгжрэл, утааг бууруулах боломжтой гэсэн саналаа хэлж ирсэн.
Түгжрэлийг бууруулах хамгийн гол гарц бол нийтийн тээвэр. Мэдээж хэвтээ болон босоо чиглэлийн өргөн чөлөө, замуудыг барих шаардлагатай. Гэхдээ нийтийн тээвэр өөрөө түгжирдэггүй болох ёстой. Нийслэлд 1,300 орчим автобус байгаа ч автобуснууд түгжрэлд орж байгаа нь өнөөдрийн гол асуудал. Тиймээс эхлээд автобусаа түгжирдэггүй болгох ажлыг хийх хэрэгтэй.Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар хэд хэдэн зөвлөмж өгсөн. Тэдгээрээс хоёр ажил хэрэгжсэн. Эхнийх нь автобусанд зөвхөн “Ю Мoney” картаар суудаг байсныг өөрчилж, хүн бүр ашиглах боломжтой болгох асуудал. Нийтийн тээвэр гэдэг нь “Ю Мoney” картгүй бол ашиглаж чадахгүй үйлчилгээ байж болохгүй. QR код уншуулах, банкны картаар төлбөр хийх боломжтой болгох саналыг өгсөн. Тухайн үед хотын дарга Х.Нямбаатар, түүний нэгдүгээр орлогч Н.Мандуул болон холбогдох албаныхан энэ нь зөв шийдэл байна гэж үзээд богино хугацаанд хэрэгжүүлсэн. Одоо хэн ч, хэзээ ч, хаана ч автобусанд шууд суух боломжтой болсон.
Хоёр дахь нь автобусны чиглэлийг газрын зураг дээр ойлгомжтой харуулдаг болгох санал. Хүмүүс өөрийн байнга зорчдог чиглэлээс өөр автобус хаашаа явдгийг мэддэггүй. Гадаадын орнуудад метро, автобусны чиглэлийг газрын зураг дээр харуулдаг. Үүнтэй адил автобусны буудал дээр чиглэлийн зураг байрлуулах ажлыг хэрэгжүүлэхийг санал болгосон. Тухайн үеийн Нийтийн тээврийн газрын дарга Отгонжаргал энэ саналыг дэмжиж, нийслэлээс хэрэгжүүлсэн. Нийслэлд 1,000 орчим автобусны буудал байдгаас одоогоор 50 орчим буудалд автобусны чиглэлийг газрын зургаар харуулдаг болсон. Цаашид үүнийг өргөжүүлэх хэрэгтэй.
Мөн автобусны чиглэлийг оновчлох, гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Ингэж байж автобусны түгжрэлийг шийдэх боломжтой. Түгжрэл бол иргэдийн сонголт байх ёстой. Хувийн машинаар явбал түгжрэх магадлалтай, харин автобусаар зорчвол түгжрэхгүй гэсэн амлалтыг нийслэл иргэдэд өгөх хэрэгтэй. Энэ ажлыг жил хагасын дотор хийх боломжтой гэж боддог. Цаашид ч нийслэлийн удирдлагуудад саналаа хэлж, хэрэгжилтийг нь шаардана.
- Одоогийн хотын даргатай хэр хамтарч ажиллаж байна вэ?
Утаа, дулаалга зэрэг дээр хотын дарга нартай тогтмол харилцаж, санал солилцдог. Өмнөх хотын дарга нарт ч саналаа хэлж байсан. Ер нь хотын дарга нартай харилцахад амар, зөв зүйтэй саналыг хэрэгжүүлье гээд авч явдаг хүмүүс гэж боддог.
Ялангуяа Б.Пүрэвдагва хотын дарга дулаалгын бодлого зөв гэдгийг сайн ойлгосон. 2027 оны нийслэлийн төсөвт зарим өрхөд сайжруулсан түлшний татаас өгөхийн оронд дулаалгыг нь дэмжиж үзэх бодлого оруулж ирэх гэж байна. Б.Пүрэвдагва дарга үүнийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх байр суурьтай байгаа. Улсын төсөв батлагдсанаас хоёр долоо хоногийн дараа нийслэлийн төсөв, түүнээс хоёр долоо хоногийн дараа дүүргүүдийн төсөв батлагдана. Тэр үед ямар шийдэл оруулж ирэхийг нь харна.
Одоо Хот төлөвлөлтийн тухай анхдагч хуулийн төсөл дээр ажиллаж байна. Үүнтэй зэрэгцүүлээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг боловсруулж байгаа. Манай засаглал үр дүнд суурилдаггүй гэсэн суурь асуудлыг засахын тулд энэ хоёр хуулийг боловсруулж, дагалдах 10 орчим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Эдгээрийг хамтад нь өргөн барихаар ажиллаж байна. Мөн Орон сууцжуулалтын тухай хуулийн ажлын хэсэг, “Эко өрх” болон дулаан, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг эрчимжүүлэх чиглэлийн ажлууд дээр ажиллаж байна. Үр дүнд суурилсан засаглалын ажлын хэсгийг ч ахалж байгаа. Нийтдээ гурван ажлын хэсгийг ахалж, 13 орчим ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байна. Ер нь нэлээд ачаалалтай ажиллаж байгаа даа.
- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа
ЯРИЛЦСАН Б.АМИРДАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.