
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсантушаалаар батлагдсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээний талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдаанд танилцуулла.
Хиймэл дагуулын мэдээллээр 484,383.7 га талбай түймэрт өртсөний 431,592.8 га (89.1%) нь Нөмрөгийн дархан цаазат газрынх, 52,790.9 га (10.9%) нь орчны бүсийн талбай байна.
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр нь экосистемийн ихэнх хэсгийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд өргөн хүрээний нөлөө үзүүлсэн. Хэдийгээр тал, хээрийн ихэнх хэсэгт байгалийн нөхөн сэргэлт явагдах боломж хадгалагдан үлдсэн боловч шатсан талбай, ойн экосистем, голын татмын эмзэг орчинд урт хугацааны сөрөг нөлөөлөл үргэлжлэх эрсдэл өндөр байна.
Түймрийн улмаас ургамлан бүрхэвч, хөрсний хамгаалах үе, амьтдын амьдрах орчны чанар, идэш тэжээлийн нөөц буурч, ус, хөрсний доройтол нэмэгдэж байна. Иймд байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих, өндөр эрсдэлтэй болон эмзэг бүсүүдэд хамгаалал, хяналт-шинжилгээ, экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэв.
Байгаль орчинд учирсан нийт хохирол 1.2 их наяд төгрөг болсон. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох зохицуулалтын дагуу Нөмрөгийн дархан цаазат газрын хэмжээнд хохирлын үнэлгээ 3.3 их наяд төгрөгт хүрч байгааг үнэлгээнд дурджээ. Нөхөн төлүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ гэж сайд хэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.