
Монгол Улс 2027 оны сүүлээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны техникийн үнэлгээнд хамрагдаж, шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж чадвал 2028 онд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо тус улсын Худалдаа, хөгжлийн агентлагийн (USTDA) Энэтхэг-Номхон далайн бүс хариуцсан захирал Верина Файктай уулзаж, хоёр улсын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ. Уулзалтын үеэр сайд Б.Дэлгэрсайхан Монголын тал АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) болон Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын талаар мэдээлэл өгсөн байна. Тэрбээр Монгол Улс 2027 оны дөрөвдүгээр улиралд FAA-ийн техникийн үнэлгээнд хамрагдахаар төлөвлөж байгаа бөгөөд шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангаж чадвал 2028 онд шууд нислэг эхлүүлэх зорилт тавьж байгааг онцолжээ. Шууд нислэг эхлүүлэхэд ямар шаардлага тавигдаж байна вэ? Монгол Улс, АНУ-ын Засгийн газар 2023 онд Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм. Гэхдээ шууд нислэг эхлүүлэхийн тулд Монголын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо АНУ-ын FAA-ийн шаардлагад нийцсэн байх шаардлагатай. Тодруулбал, АНУ-ын FAA-аас олгодог Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээний Category 1 зэрэглэл нь Америк руу шууд нислэг үйлдэхэд чухал нөхцөл болдог. Энэ хүрээнд USTDA Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог үнэлж, дүрэм журам, стандарт, эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна. Мөн нисэхийн аюулгүй байдлын хяналтын байцаагчдыг сургах, мэргэшүүлэх ажлыг уг төсөлд багтаажээ. USTDA-ийн Энэтхэг-Номхон далайн бүс хариуцсан захирал Верина Файк Монголын иргэний нисэхийн салбарын шинэчлэл болон шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн байна.
Эдийн засаг, аялал жуулчлалд ямар боломж нээгдэх вэ?
Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг нээгдсэнээр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын харилцаа өргөжихөөс гадна иргэд, бизнес эрхлэгчдийн зорчих боломж нэмэгдэх юм. Түүнчлэн АНУ-ын зах зээлд Монголын ховор металл, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортлох, худалдааны шинэ гарц бий болгоход агаарын тээврийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Ийнхүү 2028 онд шууд нислэг эхлүүлэх зорилт нь хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй тээвэр, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал алхам болж байна. Гэхдээ нислэг эхлэх эцсийн хугацаа нь FAA-ийн үнэлгээ болон шаардлагатай аюулгүй байдлын нөхцөлийг хангах эсэхээс хамаарах юм.
Эх сурвалж: АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA), АНУ-ын Тээврийн яам.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.