
Энэ удаагийн "Шийдвэр гаргагч" буландаа Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанааг урьж оролцууллаа. Тэрбээр, өнгөрсөн сард Монополын эсрэг газрын даргаар томилогдсон бөгөөд түүний ажлын үзэл баримтлал болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.
"12 улсын байцаагчтай байгууллага улс даяарх монополтой тэмцэх боломжгүй"
Та ажлаа хүлээн авснаас хойш байгууллагынхаа нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Олон улсын жишигтэй харьцуулахад манай байгууллагын эрх хэмжээ, бүтэц, хүний нөөцийн чадавх хангалтгүй байна. Бусад улсад ижил чиг үүрэгтэй байгууллагууд зах зээлд өргөн хүрээтэй хяналт шалгалт хийх, шаардлагатай баримт мэдээллийг цуглуулах, зөрчлийг илрүүлэх боломж илүү байдаг. Манайхаар жишээлбэл, Авлигатай тэмцэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй. Харин манайд улсын байцаагчийн эрхтэй ажилтнууд аж ахуйн нэгж дээр очиж шалгалт хийхээс цаашгүй, өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх, боломж хязгаарлагдмал.
Байгууллагын эрх хэмжээ, хараат бус байдал ямар байх ёстойг бусад орны жишээнээс харж болно. Тухайлбал, ОХУ-д монополын эсрэг байгууллага төрийн дээд түвшинд харьяалагддаг, томоохон эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөөнөөс ангид ажиллах нөхцөл бүрдүүлэх шаардлага тавигддаг. Германд монопол, өрсөлдөөний асуудлаар тусгайлсан, бие даасан шүүхийн механизм ажилладаг. Асуудлыг тэнд шийдвэрлэж, гаргасан шийдвэр нь эцсийн шинжтэй байдаг жишээ бий. Том компани байсан ч зах зээлд давамгайлах байдлаа дур мэдэн ашиглах боломжгүй, шаардлагатай бол хязгаарлалт тогтоодог. Ийм жишээнээс манайд ямар эрх зүйн болон институцийн шинэчлэл хэрэгтэйг харж болно.
Манай байгууллага нийт 33 орон тоотой. Үүний 15-16 нь захиргааны болон туслах чиг үүргийн ажилтан. Үндсэндээ арав орчим хүн улсын хэмжээнд өрсөлдөөн, монопол, давамгай байдлын асуудал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллах шаардлагатай болж байна. Ийм цөөн хүнээр улс орны хэмжээнд энэ бүх асуудлыг бүрэн хариуцна гэдэг бодитой биш. Улсын байцаагчийн эрхтэй 12 хүн л байна.
Байгууллага маань 22 жилийн түүхтэй. Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагыг анх байгуулахдаа тухайн цаг үедээ дэвшилттэй алхам хийсэн байх. Гэхдээ цаашдын хөгжил, эрх хэмжээ, хараат бус байдлыг нь урт хугацаанд харж төлөвлөөгүй юм шиг санагддаг. Олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд ийм байгууллагатай байх ёстой гэж үзээд байгуулсан боловч дараа нь эрх мэдэл, цар хүрээг нь нэмэгдүүлэхээс болгоомжилж, үйл ажиллагааг нь хязгаарласан тал ажиглагддаг.
Байгууллагын статус өөрөө их ойлгомжгүй байх шиг байна?
Байгууллагын статусыг хаана байршуулах вэ гэдэг асуудал чухал. Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай гэсэн гурван үндсэн хууль манай үйл ажиллагаанд шууд хамаардаг. Үүнээс гадна дагалдах таван хууль бий. Эдгээр зохицуулалтыг хооронд нь уялдуулж, шинэчлэх шаардлагатай. Байгууллагын статус, харьяаллыг ч мөн адил авч үзэх ёстой.
Байгууллага Засгийн газрын, Ерөнхий сайдын шууд харьяанд бус, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж ирсэн. Ингэснээр үйл ажиллагааны нөлөө, хүрээ нь тухайн түвшнээс дээш гарах боломжгүй байжээ. Саяхан шатахууны асуудлаар Ерөнхийлөгч холбогдох дөрвөн байгууллагыг дуудаж уулзахад манай байгууллага анх удаа энэ чиг үүргээрээ оролцсон. Өмнө нь ийм түвшинд уулзаж, үүрэг даалгавар авч байгаагүй. Шатахууны асуудлаар ажиллаж эхэлснээс хойш л хүмүүс Монополын эсрэг газар гэж ямар байгууллага байдгийг илүү сайн мэддэг болсон болов уу.
Нөгөө талаар сүүлийн хоёр жилд 33 орон тооны 15-16 нь солигдсон. Намайг ажилд орохын өмнөх хоёр сарын хугацаанд гэхэд зургаан хүн шинээр ажилд орсон байсан. Ажилтнуудын ихэнх нь залуу, туршлага багатай. Бизнес эрхэлж үзээгүй, тендерт оролцож байгаагүй хүн тухайн салбарын хүндрэл, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг асуудлыг шууд ойлгоход амаргүй. Ийм нөхцөлд байгууллагын ажлыг шинэ хүмүүсээр үр дүнтэй авч явна гэдэг амаргүй байна.
Олон жил ажилласан хүн туршлагатай байдаг ч зарим тохиолдолд нэг хэвийн арга барилдаа баригдах тал бий. Гэхдээ туршлагыг үгүйсгэж болохгүй. Энэ хоёрын тэнцвэрийг олох шаардлагатай.
Өмнө нь байгууллагын дарга нар ойр ойрхон солигдож ирсэн. Дарга нарын хувийн байр суурь, арга барилаас гадна байгууллагын эрх хэмжээ сул байсан учраас сайд, улс төрийн албан тушаалтнаас зэмлэл сонсох вий гэсэн болгоомжлол ч байсан болов уу. Би өмнө нь намын Хяналтын ерөнхий хороонд ажиллаж байхдаа сайд, УИХ-ын гишүүдийг дуудаж уулзаж, тайлбар авдаг байсан. Тэр туршлага, байр суурь надад бий. Гэхдээ төрийн байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд албан тушаал, эрх хэмжээний заагийг баримтлах ёстой. Хувийн зан ааш, өмнөх ажлын хэв маягаа төрийн ажилд шууд авчирч болохгүй.
Бас нэг том хүндрэл нь улсын байцаагчийн гаргасан акт, торгуультай холбоотой маргаан бараг бүгд шүүхэд очдог. Шүүхийн ажиллагаа дор хаяж хоёр жил үргэлжлэх нь бий, зарим нь дөрөв, зургаа, цаашлаад арван жил ч үргэлжилдэг. Байгууллагын дарга хэдхэн сар, эсвэл нэг жил ажиллаад солигдож байхад шүүхийн процесс дуусахгүй. Өмнөх шийдвэрүүдийн нөлөө замхрах тохиолдол ч байна. Кейсүүдийг нь харвал манай байгууллага шүүх дээр ойролцоогоор 95 хувьд нь ялагдаж байгаа дүр зураг харагдсан. Улсын байцаагчийн гаргасан акт, торгуулийг хамгаалах урамшуулал, тогтолцоо ч байхгүй. Ийм зохицуулалт ажилтны идэвх, хариуцлагад сөргөөр нөлөөлөхөөр байна.
Тэгвэл энэ байгууллагыг удирдахаар ирэхдээ та ямар зорилт тавьсан бэ?
Би залуудаа төрийн албанд нэг, хоёр жил ажиллаж байсан. Үүнээс хойш хувийн хэвшил, улс төрийн салбарт ажилласан. Ер нь төрийн албанд ажиллахаас илүү хувийн хэвшилтэй харилцаж, улс төрийн хүрээнд ажиллаж байж илүү үр дүнтэй хувь нэмэр оруулна гэж боддог байсан.
Ерөнхий сайд болон Шадар сайд Доржхандтай уулзах үеэр энэ байгууллагын үйл ажиллагааг хуулиар хүлээсэн чиг үүргийнх нь дагуу сэргээж, эрх, үүргийг нь бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай талаар ярилцсан. Нэгдүгээрт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ёстой. Хоёрдугаарт, төрөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай зохицуулалтыг хийх ёстой. Гуравдугаарт, нэр нь монополын эсрэг боловч үндсэндээ бизнесийн орчныг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, зарим тохиолдолд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг ч хамгаалах үүрэгтэй байгууллага юм. Энэ гурван чиглэлийн огтлолцолд ажиллаарай гэсэн агуулгатай санал тавьсан.
Томилгоо өөрөө миний хувьд гэнэтийн байсан. Ажилд орсон үе шатахууны хомсдолтой давхацсан учраас бараг шатахуун судлаач болох шахлаа. Энэ хугацаанд хэд хэдэн ажил санаачилж, тодорхой үр дүнд хүрсэн. Шатахуун түгээх станцуудын урд үүсдэг байсан урт дараалал арилсан. Мөн үнэ зөвхөн өсдөг биш, буурах боломжтойг харуулсан. Дэлхийн зах зээл дээр үнэ өсөж байсан үед төрийн байгууллагууд хамтарч ажилласнаар дотоодын үнийг тодорхой хэмжээгээр бууруулах арга хэмжээ авсан.
Гэхдээ шатахууны асуудал манай байгууллагын өдөр тутмын үндсэн ажил биш. Бид монопол, давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан эсэх асуудалд төвлөрөх ёстой. Үнэ тариф, нийлүүлэлтийн хомсдол гэх мэт түр зуурын асуудлыг зохицуулахын зэрэгцээ үндсэн чиг үүргээ орхигдуулж болохгүй.
"Ямар нэгэн нам, албан тушаал, хувийн харилцаанд баригдахгүйгээр ажлаа хийх ёстой"
Та өмнө нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан. Одоо төрийн байгууллагыг удирдахдаа улс төрөөс хараат бус байж чадах уу?
Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, намын Ёс зүйн хорооны дарга гэдэг улс төрийн нөлөө бүхий албан тушаал байсан. Тэнд ажиллаж байхдаа сонгогдож, томилогддог албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, тэдний үйл ажиллагааг үнэлж дүгнэх чиг үүрэг хэрэгжүүлдэг байлаа. Нөлөөлөл, эрх хэмжээ байсан нь үнэн.
Гэхдээ одоо энэ байгууллагын даргаар томилогдсон цагаасаа эхлээд намаас түдгэлзсэн. Намын улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Дүрэм, хуулиараа ч ийм зохицуулалттай. Шударга өрсөлдөөнийг хамгаалах байгууллагад ирчихээд өөрөө шударга бус байж болохгүй.
МАН-ын өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал гарвал шалгах уу гэж асууж байна. Шалгана. Энэ дээр эргэлзэхгүй. Ямар нэгэн нам, албан тушаал, хувийн харилцаанд баригдахгүйгээр ажлаа хийх ёстой. Төрийн алба өөрөө хугацаатай. Тэр хугацаанд ажлаа хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хүнд сурталгүй, шударгаар хийхийг зорьж байна. Ямар нэгэн наймаа хийхгүй, ашиг хонжоо хайхгүй ажиллана.
Би өмнө нь хувийн бизнест ажиллаж байсан хүн. Өөрийн амьжиргааг авч явах боломжоо бүрдүүлсэн учраас энэ албан тушаалд ашиг хонжоо хайж ирээгүй. Нас маань ч тавь гарч байна. Одоо надад хэрэгтэй зүйл бол ажлаа шударгаар хийж, үр дүн гаргах. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнтэй үгсэн хуйвалдах, өөртөө давуу байдал бий болгох шаардлага надад байхгүй.
Монголын зах зээлд монопол болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг хэрхэн тодорхойлж байна вэ? Ойрын хугацаанд ямар салбарт анхаарах вэ?
Энд ажилд орж ирээд харахад 2015 оноос хойш монопол болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг шинэчлэн тодорхойлоогүй юм байна. Өмнө нь тодорхойлсон жагсаалтын хүрээнд ажиллаж иржээ. Одоогоор Монгол Улсад ойролцоогоор 170 аж ахуйн нэгж монопол, 300 орчим аж ахуйн нэгж давамгай байдалтай гэж тодорхойлогдсон байна.
Гэхдээ арваад жилийн хугацаанд зах зээл өөрчлөгдсөн. Зарим монопол, давамгай байдалтай аж ахуйн нэгж нэмэгдсэн, зарим нь хасагдсан байх боломжтой. Тиймээс шалгуур, хамрах хүрээг дахин тогтоох шаардлагатай. Шинээр судалж тодорхойлбол эдгээр тоо хэд дахин өсөх ч магадлалтай.
Энд монопол болон давамгай байдлыг хооронд нь ялгаж ойлгох хэрэгтэй. Монопол гэдэг нь тухайн зах зээлд цорын ганц нийлүүлэгч байхтай холбоотой ойлголт. Харин давамгай байдал гэдэг нь зах зээлийн томоохон хувийг эзэлж, бусад оролцогчдод нөлөөлөх чадвартай байхыг хэлнэ. Зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлж байгаа аж ахуйн нэгжийг давамгай байдалтай гэж үздэг. Хоёрхон компани зах зээлд ажиллаж байна гээд тэдний аль нэгийг нь шууд монопол гэж нэрлэж болохгүй. Харин давамгай байдалтай эсэхийг нь тусад нь тогтооно. Иргэд, хэвлэл мэдээллийнхэн энэ нэр томьёог заримдаа ялгалгүй хэрэглэдэг учраас ойлголтыг зөв өгөх шаардлагатай.
Одоогоор салбар бүрээр нь судалж, монопол болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг дахин тогтоохоор ажиллаж байна. Үүнд төрийн өмчит компаниуд нэлээд олон бий. Ялангуяа эрчим хүчний салбарын цахилгаан станц, дамжуулах болон түгээх байгууллагуудыг онцгойлон авч үзнэ. Үүнээс гадна харилцаа холбоо, нийтийн аж ахуй, ус, суваг, тээвэр, ложистикийн чиглэлийн байгууллагуудыг хамруулах шаардлагатай.
Өмнө нь монопол болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг албан ёсоор, олон нийтэд ойлгомжтой байдлаар зарладаггүй байсан. Вэбсайт дээр мэдээлэл байршуулсан ч зориуд хайж үзсэн хүн л олж харна. Цаашид жагсаалтыг албан ёсоор зарлаж, хэрэглэгчид болон олон нийтэд ойлгомжтой болгох бодолтой байна. Ингэснээр хэрэглэгчид тухайн аж ахуйн нэгжээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах боломжтой болно.
Энэ ойлголтыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд зөв хүргэх хэрэгтэй. Заримдаа салбарын талаар хангалттай мэдээлэлгүйгээр бүх томоохон компанийг монопол гэж нэрлэж, тийм агуулгаар асуулт тавих тохиолдол байдаг. Тэгэхээр би тухайн асуултыг үгүйсгэж хариулахаас өөр аргагүй болж, ярилцлагаас олон нийтэд хэрэгтэй ойлголт очихгүй. Тиймээс монопол, давамгай байдлын ялгааг ойлгож, баримтад тулгуурлан асуух нь чухал. Мөн өмнөх хугацаанд хуримтлагдсан бүх асуудлыг одоогийн удирдлага, ажилтнуудад шууд үүрүүлэх нь зөв биш.
Цөөн тооны компани нийлүүлэлт, үнийн бодлогод нөлөөлж байгаа нөхцөлд танай байгууллага тэдний зах зээлд үзүүлэх нөлөөг ямар шалгуураар тогтоож, ямар арга хэмжээ авах боломжтой вэ?
Манай байгууллагын үндсэн чиг үүргийн нэг нь картель буюу аж ахуйн нэгжүүд хоорондоо үгсэн тохиролцож, зах зээлд өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа эсэхийг тогтоох явдал. Тэд үнэ нэмэх, бууруулах, зах зээлээ хуваарилах, эсвэл шинэ өрсөлдөгчийг зах зээлд оруулахгүй байх зорилгоор тохиролцсон уу гэдгийг судална. Ийм тохиролцоо тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна.
Гэхдээ үнийг зэрэг нэмсэн, эсвэл зэрэг бууруулсан гэдэг ганц үзүүлэлтээр картель гэж шууд дүгнэж болохгүй. Тухайлбал, хоёр шатахуун түгээх станц нэг гудамжинд, бие биеэ харж байрлаж байна гэж бодъё. Нэг нь үнээ 10 төгрөгөөр бууруулбал нөгөө нь өрсөлдөхийн тулд мөн адил бууруулах нь зах зээлийн энгийн үйлдэл байж болно. Улаанбаатарын нэг гудамжинд хэд хэдэн компанийн колонк зэрэгцэж байрладаг. Нэг нь үнээ бууруулахад нөгөө нь хэрэглэгчээ алдахгүйн тулд ижил хэмжээгээр бууруулж болно. Харин хоорондоо тохиролцож, бусад компанийг зах зээлд оруулахгүй байх, тодорхой хугацаанд зориудаар алдагдалтай үнээр борлуулж өрсөлдөгчөө дампууруулах, дараа нь үнээ нэмэх зэрэг үйлдэл хийсэн бол өөр асуудал.
Картель үүссэн эсэхийг нотлоход баримт, мэдээлэл маш чухал. Гэтэл манай байгууллагад эд мөрийн баримт бүрдүүлэх, өргөн хүрээнд шалгах эрх, боломж хангалтгүй. Ихэвчлэн тухайн аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь гаргаж өгсөн материал болон гааль, татвар зэрэг бусад байгууллагаас авсан мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргадаг. Улсын байцаагч цуглуулсан мэдээллээ үнэлж, картель үүссэн эсэх талаар шийдвэр гаргана. Харин шүүх дээр очоод унах тохиолдол олон.
Өмнөх жилүүдэд картелийн шинжтэй зөрчил илрүүлж, арван хэдэн аж ахуйн нэгжид нийт 48 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан тохиолдол байсан. Гэвч бүгд шүүхээр ороод хэрэгсэхгүй болсон. Энд хоёр талын асуудал бий. Нэгдүгээрт, тухайн үеийн байгууллага картель үүссэнийг үнэхээр хангалттай нотолж чадсан уу, эсвэл үндэслэл сул байсан уу гэдгийг харах ёстой. Хоёрдугаарт, нотлох баримт хангалттай байсан бол шүүх яагаад өөрөөр шийдвэрлэснийг судлах хэрэгтэй.
Жишээлбэл, хоёр компани зах зээлд ажиллаж байгаад гурав дахь компани орж ирэхэд түүнийг шахахын тулд үнээ зориудаар маш доогуур тогтоож, шинэ компани дампуурсны дараа буцаагаад өсгөх үйлдэл хийж болно. Ингэснээр түр хугацаанд алдагдал хүлээсэн ч өрсөлдөгчөө гаргасны дараа алдагдлаа нөхөх боломжтой. Ийм үйлдлийг баримтаар нотлох л гол асуудал.
Тиймээс зөвхөн өмнөх байгууллага ажлаа хийсэн, эсвэл хийгээгүй гэж нэг талд нь дүгнэх боломжгүй. Нөгөө талаар байгууллага маань зөрчлийг бодитоор илрүүлж, баримтаар нотлох боломжтой эрх хэмжээтэй болох шаардлагатай.

Төрийн байгууллагын шийдвэр, тусгай зөвшөөрөл, импортын квот, тендерийн нөхцөлөөр дамжуулан өрсөлдөөнийг хязгаарлаж байвал танай байгууллага хяналт тавих боломжтой юу?
Өрсөлдөөний тухай хуульд төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэр хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон, эсвэл өрсөлдөөнийг хязгаарласан тохиолдолд тухайн шийдвэрийг өөрчлүүлэх, цуцлуулах хүртэл арга хэмжээ авах эрх хэмжээ бий. Хуулиараа ийм эрх байгаа боловч бодит байдал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй.
Жишээлбэл, Шадар сайдын харьяанд байдаг байгууллага өөр яам, агентлагийн шийдвэрийг шалгах шаардлага гарвал бодит нөхцөл дээр хэр боломжтой вэ гэдэг асуудал үүснэ. Хуулиар эрхтэй ч хэрэгжүүлэх институцийн хараат бус байдал, байр суурь нь хангалтгүй байна. Энэ асуудал мөн л эрх зүйн зохицуулалттай холбоотой.
Тиймээс холбогдох хуулиудыг шинэчлэхээр бэлтгэж байна. УИХ-ын гишүүд энэ асуудал дээр улс төрийн болон бизнесийн лоббид авталгүй, иргэд, сонгогчдын эрх ашгийг бодож, хариуцлагатай хандах ёстой. Хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэр төдий дэмжих биш, агуулгаар нь дэмжих шаардлагатай. Хуулиар эрх олгосон ч байгууллагын бодит статус, харьяалал нь сул байвал өөр яам, агентлагийн шийдвэрийг шалгах ажил амаргүй. Тиймээс байгууллагын хараат бус байдал, хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг хамтад нь өөрчлөх хэрэгтэй.
Монголд 170 орчим монопол, 300 орчим давамгай аж ахуй нэгж байна
Тендертэй холбоотой гомдол танай байгууллагад хэрхэн ирдэг вэ? Та бүхэн тендерийн шалгаруулалтыг бүхэлд нь шалгах боломжтой юу?
Жилд ойролцоогоор 1,200 тендерийн гомдол манайд ирдэг. Гэхдээ ямар төрлийн гомдлыг манай байгууллага хүлээн авч шийдвэрлэх вэ гэдэг нь хуульд тодорхой заагтай. Тендер зарласнаас хойш эхний тав хоногийн хугацаанд өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл, шаардлага тавьсан эсэхтэй холбоотой гомдол ирэх ёстой.
Тухайлбал, тодорхой нэг брэндийн нэр заасан, эсвэл зөвхөн нэг компанийн хүчин чадалд тааруулж техникийн шаардлага бичсэн байж болно. Ийм тохиолдолд тендерийн баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан эсэхийг шалгана. Харин тендерийн оролцогчдыг хэрхэн үнэлж, хэнийг шалгаруулсан, үнийн санал нь ямар байсан зэрэг дараагийн шатны шийдвэрт бид оролцдоггүй. Энэ бол худалдан авах ажиллагааны холбогдох байгууллагын хариуцах асуудал.
Манайд ирж байгаа гомдлын ихэнх нь төрийн өмчит компаниудтай холбоотой. Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт, Дарханы төмөрлөг зэрэг томоохон байгууллагын тендерүүдээс гомдол ирдэг. Нийт гомдлын 60-70 орчим хувь нь томоохон төрийн өмчит компаниудын тендертэй холбоотой байна.
Тендерийн баримт бичиг хоёр хуудас байдаггүй. Зарим нь 200 хуудас хүрнэ. Өдөрт ажлын өдрөөр тооцоход тав, зургаан гомдол ирэх үе бий. Ийм гомдол бүрийг тус тусад нь уншиж, тендерийн шаардлага, техникийн тодорхойлолт, оролцогчид тавьсан нөхцөлийг харьцуулж үзэх шаардлагатай.
Зарим аж ахуйн нэгж тавьсан шаардлагыг хангахгүй учраас гомдол гаргадаг. Нэг талаас төрийн худалдан авалт нээлттэй, өрсөлдөөнтэй байх ёстой. Нөгөө талаас оролцогч компани өөрөө тухайн шаардлагыг хангах чадвар, стандарттай байх хэрэгтэй. Өөрийн боломж, чадавхыг дээшлүүлэхгүйгээр тендерийн шаардлагыг дандаа өөртөө тааруулахыг хүсэж болохгүй. Ийм хэмжээний материалыг цөөн ажилтантай байгууллага уншиж судлаад, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах нь ачаалал ихтэй. Тиймээс тендерийн гомдлыг шалгах тусгай бүтэц, зохицуулалт хэрэгтэй гэж үзэж байна.
Нөгөө талаар гомдол гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн зарим нь өөрсдөө тавьсан шаардлагыг хангахгүй учраас гомдол гаргадаг. Гэхдээ компаниуд зөвхөн “намайг оролцуулсангүй” гэж гомдол гаргах биш, олон улсын жишигт нийцсэн шалгуур хангаж, өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй. Бид өөрсдөө гадаадын тендерт оролцох гэж үзвэл ямар шаардлага тавигдахыг бодох ёстой. Тэр шаардлагыг хангаж өрсөлдөж сурч байж л дотоодын зах зээл хөгжнө.
Би 2004-2006 онд тухайн үеийн Барилга, нийтийн аж ахуйн газрын Нийтийн аж ахуй, хөрөнгө оруулалт хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэр үед төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл дээр ажиллаж байлаа. Мөн өөрөө олон тендерт оролцож, тендер зохион байгуулж байсан туршлагатай. Тиймээс тендерийн үйл явцыг тодорхой хэмжээнд мэднэ.
Шунхлай зэрэг компани төмөр замын түлш нийлүүлэх тендерт олон жил дараалан шалгарсан гэх асуудал бий. Үүнийг өрсөлдөөний зөрчил гэж үзэж болох уу?
Би тухайн тендерийн бүх баримт бичгийг үзээгүй учраас шууд дүгнэлт хэлэх боломжгүй. Манай байгууллага тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан шаардлага тавьсан эсэхийг шалгадаг. Харин шалгаруулалтын дараагийн шат, үнийн санал болон бусад үнэлгээнд оролцдоггүй.
Онцгой албан татвар болон бусад татварын зохицуулалтыг хэвээр үлдээсэн бол үнэ одоогийнхоос 20-30 хувиар өндөр байх боломжтой
Шатахууны үнэ өссөн, нийлүүлэлт доголдсон асуудлыг танай байгууллага хэрхэн авч үзсэн бэ?
Шатахууны асуудалд гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлж байна. Зуны үеэс дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн. Тээвэр, нийлүүлэлт, олон улсын харилцааны нөхцөл байдал ч нөлөөлж байгаа. Төрөөс татварын зохицуулалт хийж, холбогдох байгууллагуудыг оролцуулан үнийг тодорхой хэмжээгээр бууруулах арга хэмжээ авсан.
Энэ зах зээлд төрийн оролцоо маш бага. Төр өөрийн гэсэн шатахуун түгээх станцгүй. Нийтийн зориулалттай томоохон агуулах сав, шатахуун тээвэрлэх машин ч байхгүй. Онцгой байдал, батлан хамгаалах зориулалтын бага хэмжээний нөөц л бий. Гэтэл шатахуун хүн бүрийн амьдралд нөлөөлдөг учраас төр арга хэмжээ авахгүй байж болдоггүй. Төрийн үүрэг нь зах зээлийг бүхэлд нь өөрөө эрхлэх бус, онцгой нөхцөлд нийлүүлэлт, зохицуулалтыг хэвийн байлгахад чиглэх ёстой.
Шатахуун импортлогч, түгээгч компаниуд энэ хугацаанд хэрэглэгчдээс ч, төрийн байгууллагуудаас ч ихээхэн шүүмжлэл сонссон. Тэд өдөр бүр дараалалд зогссон жолооч нартай нүүр тулж ажилласан. Улсын Их Хурлын гишүүдэд загнуулах, шатахууны асуудал хариуцсан штаб дээр шүүмжлэл сонсох үе ч байсан. Гэсэн ч олон компани боломжийн хэмжээнд ажилласан гэж харж байна. Ерөнхийдөө компаниудын олонх нь боломжийн ажилласан гэж харж байгаа. Гэхдээ зарим станц цагтаа нээхгүй байх, түгээлтээ хийхгүй байх зэрэг асуудал гарсан. Ийм тохиолдлуудад шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээх, хариуцлага тооцох ажиллагаа үргэлжилж байна.
Зарим хүн компаниудыг шууд торгох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй гэж шаарддаг. Гэвч эдгээр компаниудыг бүгдийг нь хаачихвал шатахууныг хаанаас авах вэ гэдэг асуудал гарна. Тиймээс нэг талаас зөрчил гаргасан бол хариуцлага тооцох, нөгөө талаас нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх хоёрын тэнцвэрийг олох шаардлагатай.
Шатахууны асуудлыг шийдвэрлэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, хил гааль, төмөр зам, нийслэлийн байгууллагууд хамтарч ажилласан. Эхний үед нийслэлийн төлөөлөл ажлын хэсэгт байгаагүй атлаа гол асуудал нь Улаанбаатар хотод төвлөрч байсан. Дараа нь нийслэлээс ажлын хэсэгт орж, байцаагч нараа ажиллуулсан. Нийслэлийн 100 гаруй байцаагч хотын 250 орчим шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийсэн. Шатахууны асуудал яригдаж байх үед дизель түлшний нийлүүлэлт үндсэндээ тасалдаагүй, харин бензиний хомсдол илүү мэдрэгдсэн. Тухайн үед төмөр замаар ирж байгаа ачааны ихэнх нь дизель түлш, харин бага хэсэг нь бензин байсан гэж би тайлбарласан. Тиймээс нийлүүлэлтийн нийт хэмжээгээр нь харахаас гадна ямар төрлийн бүтээгдэхүүн, ямар хэмжээгээр ирж байгааг ялгаж үзэх шаардлагатай.
Шатахууны үлдэгдлийг шалгахдаа технологийн нөхцөлийг бас харгалзах ёстой. Агуулахын савыг бүрэн шавхаж болдоггүй, ёроолд нь тодорхой хэмжээний үлдэгдэл заавал байдаг. Хоол хийсэн тогоог шавхахад ёроолд нь үлдсэн багахан хэмжээний хоол гардагтай адил. Үүнийг хүмүүс бүхэлд нь борлуулах боломжтой нөөц байна гэж ойлгож болохгүй. Нөөцийн тооцоо, үлдэгдэл, түгээлтийн бодит боломжийг мэргэжлийн түвшинд тайлбарлах шаардлагатай.
Шатахууны асуудал дээр улс төрийн маргаан, олон нийтийн сүлжээний хэт дэвэргэх мэдээлэл ч нөлөөлсөн. Зарим мэдээлэл зориуд өдөөн турхирах шинжтэй байсан байж болзошгүй. Гэхдээ байгууллага бүх мэдээллээ тэр дор нь дэлгэхээс илүү бодитой шалгаж, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг олон нийтэд өгөх ёстой. Төрийн зорилго бол хүмүүсийг улам сандаргах биш, асуудлыг шийдэх явдал.
Гэтэл хүмүүс саванд үлдсэн бүхнийг шууд борлуулах боломжтой гэж ойлгох тохиолдол байна. Энэ мэт мэдээллийн зөрүү, улс төрийн маргаан, сошиал орчны хийрхэл асуудлыг улам хурцатгаж байгаа.
Шатахууны нөөц, импортын эх үүсвэрийн хувьд цаашид ямар бодлого хэрэгтэй гэж үзэж байна вэ?
Цаашид нөөцөө бүрдүүлэх шаардлагатай. Ойрын саруудад, тухайлбал арванхоёрдугаар сараас хоёрдугаар сарын хооронд агуулах, савны тодорхой байгууламжууд ашиглалтад орж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Ингэснээр дутагдаж байсан нөөцөө нөхөж, ирэх жил гэхэд нэгээс гурван сарын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэх зорилт тавьж байна. Нөөц гэдэг зөвхөн агуулахад байгаа хэмжээгээр хязгаарлагдахгүй. Тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн боломжтойгоо уялдуулж тооцох хэрэгтэй.
Өмнө нь Монгол Улсын шатахууны зах зээлийг ОХУ бараг 100 хувь хангадаг байсан бол одоо 70 орчим хувь болж буурсан. Цаашид Хятад, Солонгос, Казахстан зэрэг улсаас нийлүүлэлт авах талаар ярьж байгаа. Гэхдээ нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд бүтээгдэхүүний стандарт, үнэ, тээврийн нөхцөл зэрэг олон асуудал бий.
АИ-92 бензиний стандартын талаар ойлголт зөрдөг. ОХУ-д хэрэглэдэг өндөр стандартын бензин болон Монголд хэрэглэж ирсэн стандартын ялгаа бий. Оросын үйлдвэрүүд илүү өндөр стандарт руу шилжсэн бол Монголд зориулсан тодорхой стандартаар үйлдвэрлэл явуулах шаардлага гардаг. Ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэр цөөн байвал нийлүүлэлтийн сонголт ч хязгаарлагдана. Бусад улсаас өөр стандартын бензин авах боломжтой ч үнэ, хэрэглээний нөхцөл өөр байна.
ОХУ-ын үйлдвэрүүдийн тухайд К-2, К-3, К-4, К-5 зэрэг стандартын ялгаа бий. Орос улс дотооддоо илүү өндөр стандарт руу шилжсэн бол Монголд хэрэглэж ирсэн К-2 стандартын бензинийг тусгайлан үйлдвэрлүүлэх шаардлага гардаг. К-2 стандартыг ОХУ-ын Ангарскийн нэг үйлдвэр үйлдвэрлэж, Монгол болон Киргизэд нийлүүлдэг. Бусад үйлдвэрүүд К-3, К-4, К-5 стандарт руу шилжсэн учраас К-2 бүтээгдэхүүний нийлүүлэлт хязгаарлагдмал байдаг. Харин Хятадаас К-3, К-4, БНСУ-аас К-5 стандартын бензин нийлүүлэх боломжтой ч тэдгээр нь Монголд хэрэглэж ирсэн бүтээгдэхүүнтэй ижил биш.
Мөн Монгол Улс олон улсын өмнө шатахууны чанар, байгаль орчны стандарттай холбоотой үүрэг хүлээсэн ч К-5 стандарт руу шилжих асуудал удааширсан.

Шатахуун түгээгч компаниуд үнээ зэрэг өөрчилж байгаа нь үгсэн тохиролцсоны шинж биш үү?
Үнийг зэрэг өөрчилсөн гэдгээр нь шууд картель гэж дүгнэж болохгүй. Дээр хэлсэнчлэн нэг ижил эх үүсвэрээс ижил үнээр бүтээгдэхүүн авч байгаа компаниуд зардал нь өөрчлөгдөхөд үнээ ойролцоо хэмжээгээр өөрчлөх нөхцөл бий. Тэд нэг гудамжинд хоорондоо өрсөлдөж байгаа бол нэг нь үнээ бууруулахад нөгөө нь мөн адил бууруулах нь зах зээлийн өрсөлдөөн байж болно.
Харин зах зээлийн нөхцөл тогтвортой, импортын үнэ, татвар, тээврийн зардалд өөрчлөлт гараагүй байхад компаниуд үндэслэлгүйгээр үнээ нэмэх, эсвэл өрсөлдөгчөө шахахын тулд зориудаар алдагдалтай үнээр борлуулах зэрэг үйлдэл гаргавал анхаарах ёстой. Тиймээс тухайн үеийн нөхцөл байдлыг бүхэлд нь судалж байж шийдвэр гаргана.
Одоогийн нөхцөлд Засгийн газар татварын зохицуулалт хийж, шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авч байна. Хэрэв онцгой албан татвар болон бусад татварын зохицуулалтыг хэвээр үлдээсэн бол үнэ одоогийнхоос 20-30 хувиар өндөр байх боломжтой байсан гэж би үзэж байна. Засгийн газар татвараа тэглэж, үнийн өсөлтийг зөөлрүүлж байгаа нь бодлогын сонголт юм.
Мөн олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өөрчлөлтийг дотоодын жижиглэнгийн үнэтэй харьцуулж байна. Арваннэгдүгээр сарын эхнээс дэлхийн зах зээл дээр баррелийн үнэ ойролцоогоор таван хувиар буурсан тул энэ өөрчлөлтийг тооцож, АИ-92 бензиний үнийг 150 төгрөгөөр бууруулах чиглэлд компаниудтай ярилцсан. Өнөөдрийн үнийг тухайн үеийн импортын зардал, татвар, бусад нөхцөлтэй нь харьцуулж байж бодитой эсэхийг үнэлнэ.
Энэ бодлогын үр нөлөө, импортын үнэ болон жижиглэнгийн үнийн уялдааг харьцуулж хянана. Гэхдээ тодорхой нэг үнийн өөрчлөлтийг шууд үгсэн хуйвалдаан гэж зарлахын оронд баримтаар тогтоох ёстой.
Шатахууны стандарт, нийлүүлэлтийн эх үүсвэрийн онцлогийг бас тооцох ёстой. Хэрэв ижил стандартын бензинийг нэг л үйлдвэрээс хэд хэдэн компани ижил нөхцөлөөр авч байгаа бол нийлүүлэгчийн үнэ өөрчлөгдөхөд тэдний өртөг зэрэг өөрчлөгдөж болно. Тэр тохиолдолд жижиглэнгийн үнэ ойролцоо хугацаанд өөрчлөгдсөн нь дангаараа үгсэн тохиролцсоны нотолгоо биш. Харин зах зээлийн нөхцөл тогтвортой байхад ямар нэг үндэслэлгүйгээр өрсөлдөгчөө шахахын тулд үнээ зориудаар өөрчилсөн эсэхийг тусад нь шалгах хэрэгтэй.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил зөвхөн торгууль ногдуулах биш, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх, боловсрол олгох чиглэлтэй байх ёстой.
Иргэдээс танай байгууллагад хамгийн их ирдэг гомдол юу байна вэ?
Сүүлийн үед хамгийн их ирж байгаа гомдлын нэг нь цахим худалдаа, онлайн шоптой холбоотой. Иргэд зураг, тайлбараас нь харж бараа захиалдаг. Гэтэл захиалсан бүтээгдэхүүнээс өөр зүйл хүргэж өгөх тохиолдол байна. Жишээлбэл, шаазан аяга гэж захиалсан чинь цаасан аяга ирэх зэрэг зөрүү гардаг.
Тиймээс хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Хүмүүс бараа бүтээгдэхүүний мэдээллийг нягталж, худалдагчийн өгсөн тайлбар, баталгааг шалгаж сурах хэрэгтэй. Зураг дээр нэг зүйл үзүүлээд өөр зүйл хүргэхээс гадна, худал мэдээллээр хэрэглэгчийг төөрөгдүүлэх жишээ бий. Хэрэглэгч өөрөө ч аливаа сурталчилгаанд шууд итгэхгүй, бүтээгдэхүүний чанар, эх үүсвэрийг нь шалгаж сурах ёстой.
Нэг шар өнгийн эд зүйл үзүүлээд “алт” гэж сурталчлахад хүмүүс шууд худалдаж аваад, дараа нь ломбарданд тавих гэж очих тохиолдол гардаг тухай би жишээ хэлсэн. Энэ нь зөвхөн худалдагчийн асуудал биш, хэрэглэгчийн мэдээлэл авах, үнэлэх чадвартай ч холбоотой. Нөгөө талаас онлайн худалдаа эрхлэгчид хэрэглэгчид үнэн зөв мэдээлэл өгөх, бараагаа бодитоор танилцуулах үүрэгтэй.
Онлайн шоп эрхлэгчид, бараа бүтээгдэхүүн сурталчилдаг инфлюнсерүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулах бодолтой байна. Инфлюнсерүүдийн дунд улс төр, шинжлэх ухаан, түүх ярьдаг хүмүүсээс гадна бараа бүтээгдэхүүн сурталчилж борлуулдаг хүмүүс бий. Манай байгууллагад хамаарах нь голчлон бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж, борлуулалт хийдэг хэсэг. Тэд хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх, худал мэдээлэл өгөхгүй байх, барааны шинж чанарыг үнэн зөв танилцуулах талаар ойлголттой болох шаардлагатай.
Энэ ажлыг 2027 оны эхний улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэрэглэгчийн боловсрол муу байвал хүмүүс өөрсдөө ч төөрөгдөх, улмаар асуудлыг буруу ойлгож маргаан үүсгэх эрсдэлтэй. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил зөвхөн торгууль ногдуулах биш, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх, боловсрол олгох чиглэлтэй байх ёстой.
Махны үнэ, нийлүүлэлтийн асуудал дээр танай байгууллага ямар байр суурьтай ажиллаж байна вэ?
Махны асуудлыг хэд хэдэн талаас нь харах хэрэгтэй. Хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой сонсголын үеэр төрөөс их дэмжлэг авдаг салбаруудын бүтээгдэхүүний үнэ өссөн, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эзлэх байр суурь багассан талаар ярьсан. Тэр дундаа мах, сүү, гурилын үнэ, зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн нөлөө гэсэн асуудал тавигдсан. Энэ бол судалж үзэх ёстой сэдэв.
Нэгдүгээрт, төрөөс махны салбарт дэмжлэг үзүүлж байгаа гэж ярьдаг. Гэхдээ энэ нь шууд төсвөөс мөнгө өгч, махыг хямдруулж авах хэлбэр биш. Ихэвчлэн хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн дэмжлэг, бонд зэрэг санхүүгийн зохицуулалтаар дамждаг. Хөгжлийн банк, арилжааны банк, Монголбанк болон холбогдох хөтөлбөрүүдийн хүрээнд ийм дэмжлэг үзүүлдэг.
Хоёрдугаарт, мах бэлтгэх, боловсруулах, тээвэрлэх, борлуулах бүх үе шат үндсэндээ хувийн хэвшлийн оролцоотой. Төрийн өмчийн махны үйлдвэр, нядалгааны газар, мах тээвэрлэдэг машин, мах зардаг дэлгүүр, зах гэж байхгүй. Эдгээрийг хувийн аж ахуйн нэгжүүд эрхэлж байна. Төрд ажилладаг хүн компанитай байх эрхгүй гэсэн үг биш. Гэхдээ тухайн хүний бизнес эрхлэх эрх, албан тушаалын нөлөөг ашиглаж байгаа эсэх гэдэг хоёр өөр асуудлыг ялгаж авч үзэх ёстой. Хэн нэгэн компанитай байна гэдгийг дангаар нь мушгиж тайлбарлах боломжгүй. Тиймээс төр асуудлыг дангаараа шийднэ гэж ойлгож болохгүй. Төр зохицуулалт хийх, нөхцөл байдлыг судлах, зах зээлийн хэвийн ажиллагааг дэмжих үүрэгтэй.
Гуравдугаарт, махны төрөл, хэрэглэгчийн сонголт, үнэ, нийлүүлэлтийн тэнцвэр чухал. Сүүлийн үед хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудлаар сонсгол хийсэн. Төрөөс дэмжлэг авдаг мах, сүү, гурилын салбарын үнэ өссөн, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн оролцоо багассан, зах зээлд цөөн тооны томоохон аж ахуйн нэгж давамгайлах болсон гэх асуудлыг ярьж байна. Энэ нь зөвхөн нэг байгууллагын шалгалтаар шийдэх асуудал биш, салбарын бодлого, дэмжлэгийн хэлбэр, зах зээлийн бүтэцтэй холбоотой.
Махны компаниудад төрөөс дэмжлэг үзүүлж байгаа ч энэ нь шууд татаас, буцалтгүй мөнгө биш гэдгийг ялгаж ойлгох ёстой. Хөнгөлөлттэй зээл, бонд, хүүгийн зөрүүний зохицуулалт гэх мэт хэлбэрээр дэмждэг. Жишээлбэл, зарим компани өндөр үнэтэй мах үйлдвэрлэж, ресторануудад нийлүүлдэг. Тэр махыг заавал хямд үнээр зах дээр борлуул гэж төрөөс шаардах боломжгүй. Хүчит шонхор зах дээр борлуулах мах, өндөр зэрэглэлийн ресторанд нийлүүлэх мах хоёр өөр зах зээл, өөр хэрэглэгчтэй. Нэг порц стейк ресторандаа 100 мянган төгрөг хүрч, нэг килограмм махны үнээр тооцвол хэдэн зуун мянган төгрөг болж байхад хэрэглэгчид түүнийг сонгож худалдан авч байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүний үнэ, чанар, зах зээлээ сонгож буй хэрэг. Хэрэглэгч өөрөө ямар бүтээгдэхүүн сонгох, хаанаас авах вэ гэдгээ шийднэ. Энэ бол өрсөлдөөн. Гэтэл бид зөвхөн нэг төрлийн махны үнийн асуудал дээр төвлөрөөд, зах зээлийн бусад хүчин зүйлийг орхигдуулах тал байна.
Орон нутгийн мах бэлтгэлийн асуудал ч бий. Аймгуудад махаа бэлтгэх ёстой гэсэн Засгийн газрын хэд хэдэн тогтоол гарсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Зарим тохиолдолд махыг Улаанбаатарт бэлтгээд, өвөл нь буцаагаад орон нутаг руу зөөдөг. Аймгийн төвүүд өөрсдөө бэлтгэлээ хангах ёстой ч үүргээ биелүүлэхгүй байгаагаас нийслэлд ачаалал ирж байна.
Ийм асуудлыг зөвхөн Улаанбаатар дахь махны зах дээр очиж маргалдаад шийдэхгүй. Бодлого, хэрэгжилт, хяналт гурвын уялдаа хэрэгтэй.
Махны нөөц, экспорт, дотоодын нийлүүлэлтийн тэнцвэрийг хэрхэн хангах ёстой вэ?
Манай улсаас 110 мянга орчим тонн мах гадагшаа гарч байгаа. Гэтэл дотоодын нөөцөд бэлтгэдэг махны хэмжээ үүнтэй харьцуулахад бага. Өмнөх жилүүдэд наймаас арван мянган тонн орчим мах бэлтгэдэг байсан, зарим жил 10-12 мянган тоннд хүрэхтэй үгүйтэй.
Нөөцийн махыг хэт их бэлтгэсэн ч борлогдохгүй үлдэх тохиолдол бий. Жишээлбэл, тухайн жил бэлтгэсэн махыг тавдугаар сар гэхэд борлуулж дуусна гэж тооцсон боловч аравдугаар сар хүртэл зарагдаагүй байх жишээ гарсан. Махны үйлдвэрүүд ийм бүтээгдэхүүнийг агуулахад удаан хадгалахад зардал гарна, мөнгөний эргэлт удааширна, зээлийн хүү үргэлжлэн тооцогдоно. Ингэснээр аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж, дараа жил нь мах бэлтгэх хэмжээгээ бууруулж магадгүй. Харин дараа жил нь нийлүүлэлт багасахад хэрэглэгчид мах ховордлоо гэж ярьж эхэлнэ.
Энд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг урьдчилан зөв тооцох асуудал байна. Төрийн байгууллага ч, компаниуд ч судалгаатай байх хэрэгтэй. Иргэдийн хэрэглээ ч өөрчлөгддөг. Нэг жил ямааны мах түлхүү хэрэглэсэн хүн дараа жил нь хонины мах авахыг хүсэж болно. Ийм өөрчлөлтийг тооцоогүйгээс тодорхой төрлийн мах ховордох нөхцөл үүсдэг.
Мөн экспортод гарч байгаа махны төрөл, дотоодын хэрэглээний бүтэц өөр. Гадагшаа хонь, ямаа, адуу, сарлагийн мах гарч байгаа ч дотоодын хэрэглэгчид эдгээрээс алийг нь хэр хэмжээгээр хэрэглэхийг тооцох ёстой. Сарлагийн махыг сурталчилдаг ч иргэдийн хэрэглээ тийм их биш. Харин тахиа, гахайн махны үнэ зарим үед үхэр, хонины махнаас хямд байхад ч хэрэглэгчид сонголтоо өөрчлөхгүй байх тохиолдол бий. Солонгос ресторан зэрэг газарт тахиа, гахайн мах хэрэглэдэг мөртөө өдөр тутмын хоолондоо өөр сонголт хийхгүй байгаа нь хэрэглэгчийн дадал, мэдээлэлтэй холбоотой.
Экспортын хэмжээ өсөхийн хэрээр дотоодын хэрэгцээнд хэдий хэмжээний мах бэлтгэх вэ гэдгийг нарийн тооцох шаардлагатай. Гадагшаа гаргаж байгаа хэмжээ, дотоодын нөөцийн мах хоёрын уялдаа алдагдвал зах зээл дээр хомсдол үүсэх эрсдэлтэй. Бид зах зээлийнхээ бодит хэрэгцээг судалж, нөөцийн хэмжээг зөв тогтоох шаардлагатай.
Картелийн зөрчил илрүүлээд, арван хэдэн аж ахуйн нэгжид нийт 48 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Гэвч бүх хэрэг шүүхээр ороод хүчингүй болсон
Махны нийлүүлэлт доголдох шалтгаанд хэрэглэгчийн сонголт, малчдын борлуулалтын дадал хэр нөлөөлж байна вэ?
Бид махны хэрэглээгээ ч бас эргэцүүлж харах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс махны зөвхөн цул хэсэг, тухайлбал гуя, хаа зэрэг махыг түлхүү сонгодог болсон. Бид толгой, шийр, гэдэс дотор, цус, яс зэрэг бүтээгдэхүүнийг өмнөх шигээ хэрэглэж чадахаа больсон. Өмнө нь цус, гурилтай шөл хийх, гэдэс дотор чанасан шөлөнд хөц будаа, шар будаа хийх зэргээр махны бусад хэсгийг хүнсэндээ ашигладаг байсан. Одоо эдгээрийг идэхээ больж, заримыг нь хаядаг болсон. Гэтэл зөвхөн цул махны эрэлт нэмэгдэхээр тэр хэсгийн үнэ өсөж, хүмүүс мах ховордлоо гэж ярьж байна.
Би бүгдийг нь заавал ийм хоол ид гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ махны хэрэглээний уламжлалт арга барилаас бид тасарч, зөвхөн тодорхой хэсгийг сонгож хэрэглэдэг болсон. Толгой, шийр, гэдэс дотор, яс зэрэг хэсгийг хэрэглэх нь багассан. Өмнө нь эдгээрийг янз бүрийн аргаар боловсруулж, хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан бол одоо зарим нь хаягдаж байна. Арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг ч бүрэн ашиглахгүй байх тохиолдол бий. Тэгээд зөвхөн сонгож хэрэглэдэг хэсэг нь ховордоход махны үнэ өсөж байна гэж ярьдаг. Нөгөө талаар бид махыг хэр хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй вэ гэдгээ ч бодох ёстой. Хотын дулаан байр, оффист ажиллаж байгаа хүмүүс хөдөө мал дээр амьдардаг хүнтэй адил хэмжээний мах идэх шаардлагатай юу гэдэг асуудал бий. Хөдөө амьдарч, хүйтэн нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг хүн болон хотын дулаан байранд суудаг хүний өдөр тутмын хөдөлгөөн, хоолны хэрэгцээ адил биш гэж би үздэг. Мөн сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хот руу шилжин ирсэн олон хүн өмнөх хэрэглээний дадлаа авчирсан нь хотын махны хэрэглээнд нөлөөлж байгаа байх. Энэ бол хүн бүрийн хэрэглээ, амьдралын хэв маягтай холбоотой.
Малчдын хувьд ч малаа зарах, нядлах шийдвэр нь эдийн засгийн тооцоотой холбоотой. Нэг хонь 300-600 мянган төгрөгийн үнэтэй байлаа гэж бодоход сард арван хонь борлуулбал тав, зургаан сая төгрөгийн орлого олох боломжтой. Гэхдээ малчинд тэр мөнгийг яг одоо авах шаардлагагүй байж болно. Тэр хүн малаа өсгөж, дараа нь ашиг шимийг нь хүртэх нь илүү ашигтай гэж тооцож магадгүй. Жилдээ 120-200 хонь борлуулсан тохиолдолд жилийн орлого нь нэлээд өндөр хэмжээнд хүрэхээр байгаа учраас малаа зарахаас илүүтэй өсгөж үржүүлэх сонголт хийж байна.
Малчид малаа зарахгүй байгааг зөвхөн тэдний буруу гэж хэлж болохгүй. Мал бол хувь хүний өмч. Төрөөс очоод хүчээр заруулж болохгүй. Гэхдээ зуд болохоор төрөөс тусламж, өвс тэжээл нэхэх асуудал гардаг. Энэ бүхнийг урт хугацааны бодлогоор зохицуулах шаардлагатай. Одоо бид богино хугацааны арга хэмжээ аваад, дараа нь дахиад адил асуудалтай тулгардаг байдалтай байна.
Төр шатахууны асуудалд оролцох нь зах зээлийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй юу?
Ер нь талхны зах зээл дээр төр өдөр бүр оролцож, үнэ тогтоогоод байдаггүй. Бусад олон бүтээгдэхүүний зах зээл ч мөн адил. Шатахуун бол хүн бүрийн амьдрал, тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд холбоотой учраас онцгой нөхцөлд төр оролцохоос өөр аргагүй. Гэхдээ төр байнга үнэ тогтоож, компаниудын оронд бизнес эрхлэх ёстой гэсэн үг биш.
Одоогийн нөхцөлд төр татварын зохицуулалт хийж, нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд холбогдох байгууллагуудыг нэгтгэн ажиллуулсан. Ийм арга хэмжээг шууд буруутгахын оронд үр дүнг нь харж, зах зээлд нийлүүлэлт тасалдахгүй байх нөхцөл бүрдүүлэх нь чухал. Харин хэвийн нөхцөлд төрийн зохицуулалт хэт ихэсвэл өрсөлдөөнийг сулруулах эрсдэлтэй. Тиймээс онцгой үеийн зохицуулалт ба зах зээлийн байнгын ажиллагааг ялгаж ойлгох хэрэгтэй.
Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан Б.АМИРДАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.