Европийн холбоо хаврын морин уралдааны хуулийг эсэргүүцлээ
 

Европийн холбоо хаврын морин уралдааны хуулийг эсэргүүцлээ

Европын Холбоо болон гишүүн орнууд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, өвөл, хаврын морин уралдааныг сэргээхээр тусгасан хуулийн төсөлд эсэргүүцэж буй байр сууриа илэрхийлжээ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните гишүүн орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын нэрийн өмнөөс өчигдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод албан захидал илгээсэн байна.

Уг захидалд 2026 оны аравдугаар сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Засгийн газрын 57 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор тусгасныг шүүмжилжээ. Тус тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны тавдугаар сарын 1-нийг хүртэл өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглодог юм.

Европын Холбооны зүгээс уг хориг нь эрс тэс, хатуу ширүүн цаг агаарын нөхцөлд уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга хэмжээ болохыг онцолжээ. Хуулийн төсөл батлагдвал хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр Монгол Улсын сүүлийн жилүүдэд гаргасан ахиц дэвшлийг ухраах эрсдэлтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн уралдаанч хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөр эрхлүүлэх нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хамаарах эрсдэлтэй бөгөөд амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул учруулж болзошгүйг анхааруулжээ.

Иймд Европын Холбоо болон гишүүн орнууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хандан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүрсэн ололт амжилтыг алдагдуулахгүй байх, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихыг уриалсан байна.

Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хяналт шалгалт болон зөрчилд хариуцлага тооцох механизмыг бэхжүүлэх шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

ТББХ Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөхийг дэмжлээ
ТББХ Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөхийг дэмжлээ
 
ШИЙДВЭР ГАРГАГЧ | Б.Амарсанаа: Монополын эсрэг газрын тавьсан актын 95 хувь нь шүүх дээр унадаг
ШИЙДВЭР ГАРГАГЧ | Б.Амарсанаа: Монополын эсрэг газрын тавьсан актын 95 хувь нь шүүх дээр унадаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.