Дайнд татагдсан 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөлд байна
 

Дайнд татагдсан 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөлд байна

ОХУ-д ажил хийлгэх нэрийдлээр хуурч, дайнд татагдсан Монгол Улсын 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөл байдалд байна

Монгол Улсын 21 настай иргэн И.Б нь Орос улс, Украйны дайнд татагдаж, яг одоо тухайн улсад байрлах хорих лагерт мэт барилга дотор гацсан байдалтай байна. Тус барилгаас гарах хориотой төдийгүй гадагш гарч буй тохиолдолд цэрэг дагаж явдаг, хараа хяналт дор айдас түгшүүртэй байгаа хэмээлээ.

Ердөө 21 настай тэр тухайн улсад очсон даруйдаа цэргийн бэлтгэлд хамрагдаж буу, минагаар бэлтгэл сургуулилт хийж, хоёрхон цагийн нойртойгоор сар гаруйн хугацааг үджээ. Тэрбээр нөхцөл байдлыг ойлгосон даруй Консулын газар хандаж гэр рүүгээ буцах хүсэлтээ илэрхийлсэн хэдий ч үл ойшоосон байна. Мөн зөөвөрлөн өөр газар аваачсан тул тухайн газар яг баттай хаана байгааг мэдэхгүй айдас түгшүүртэй хурдхан л гэртээ очмоор байгаа талаар бидэнтэй хуваалцав. Түүний гэртээ буцах хүсэлтийг хүлээн авсан хэдий ч 1 сая 350 мянган рубль нэхсэн бөгөөд тухайн төлбөрийг төлсөн ч буцаах эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Иймээс гэр бүл нь тус төлбөрийг төлөхөөр өөрсдийн байшинг худалдах хүртэл арга хэмжээ авч байгаа гэлээ. Харамсалтай нь төлбөр мөнгийг хүлээн авсан ч буцах эсэх нь тодорхойгүй, гадагш гарах хориотой, гоожуурын ус ууж өдөр хоногийг барж байгаа талаар ярьлаа.

Манай сайтын редакц өмнө нь ОХУ-д гэрээт ажил хийлгэх нэрийдлээр хууртагдаж, дайны талбарт татагдсан иргэний мэдээллийг олон нийтэд хүргэсэн удаатай. Мөн энэхүү 21 настай иргэний хэлснээр Монгол Улсын гурван иргэн байсан гэх, тэдний нэг нь дайны талбарт ОХУ-ын төлөө буу үүрэн гарсан гэлээ. Ийнхүү Монгол Улсын иргэд өндөр цалинтай ажил хийх боломж хэмээн хууртагдан, шууд дайны талбар руу ачигдан явах тохиолдол олон байна. Энэ хүү ч мөн адил. Тэрээр “энд хүссэндээ ирээгүй, хууртагдсан бас дээрээс нь их мөнгө олж, гэр бүлдээ туслах л хүсэлтэй байсан” хэмээж, Консулын газар, Гадаад харилцааны яам анхааралдаа авч дуу хоолойг минь хүргэж өгөөч гэсэн хүсэлтийг нь бид ийн дамжууллаа.

Монгол Улсын иргэний ОХУ-д дайнд татагдсан энэхүү асуудлыг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авч, иргэнээ нэн даруй буцаан татах арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Дөнгөж насанд хүрсэн даруй дайны хүнд нөхцөлд очин, сэтгэл санааны хямрал, айдас түгшүүр мэдэрч, эмгэнэлт үйл явдлын гэрч болж байгааг та бүхэн анхаарна уу!

Ярилцлагын бүрэн эхийг доорх БИЧЛЭГЭЭС үзнэ үү.

“Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж” ном хэвлэгдлээ
“Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж” ном хэвлэгдлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.