
Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхтэй урьдчилан тохиролцсон тухайгаа өөрөө ярив. Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүнийг томилох эрх Ерөнхий сайдад байдаг ч энэхүү мэдэгдэл төрийн томилгооны цаана улс төрийн ямар тохиролцоо өрнөж байгааг харууллаа.
Төрийн өндөр албан тушаалын томилгоог хууль ёсоор эрх бүхий албан тушаалтан нь томилох учиртай. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчтэй тохиролцсон талаар ам алдав.
Тэрбээр “Энэ томилгоог өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд тохирсон байсан. Ингээд Ерөнхий сайд Н.Учрал Удирдах зөвлөлд өчигдөр танилцуулж, баталсан. Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно” хэмээжээ.
Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Ерөнхий сайд томилж, чөлөөлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл, сайдыг томилох эцсийн шийдвэр гаргах эрх Ерөнхий сайдад л бий. Ерөнхийлөгч сайдыг бие даан томилдоггүй. Гэтэл Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нарыг томилдог гэдгийг энэ хэдэн үгээр илчилж орхив.
Тэгвэл У.Хүрэлсүх 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлэх болсон. Харин МАН-ын Удирдах зөвлөл тус өдрийн орой хуралдаж, улмаар Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилохыг дэмжсэн. Ерөнхий сайд Н.Учрал энэ шийдвэрийг УИХ-ын чуулганд танилцуулах юм. Ийн Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад томилох томилгоо Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх үйл явцтай зэрэгцэн өрнөсөн бөгөөд улс төрийн урьдчилсан тохиролцоотой байсан гэв. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэж сайд нарын сайд болох өндөр албан тушаалд очиж байгаа атал Ерөнхийлөгчийг томилгоонд оролцдог мэт ярьж байгаа нь өөрөө улс төрийн маш том алдаа.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.