/2021.10.27/: “Баруун бүсийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал-III” уулзалт өчигдөр цахим хэлбэрээр эхэллээ.
Уулзалтын зорилго нь олборлох үйлдвэрийн ил тод байдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх, тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд оршиж буй юм.
Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга гэдэг нь байгалийн баялгаас олж байгаа орлогыг олон нийтэд ил тод болгох, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Уг санаачилгыг олон улсад 2003 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор 55 улс нэгдээд байгаа юм. Монгол Улсын хувьд уг санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд шаардлагыг хангасан 9 орны тоонд багтдаг ажээ.
Ашигт малтмал баяжуулах тусгай зөвшөөрөл олгоно
Уулзалтын үеэр холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлт, лиценз олголт ба орон нутгийн оролцоо болон ил тод байдлын талаар илтгэл хэлэлцүүлэг болсон юм. Тухайлбал, "Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт, орон нутгийн оролцоо, хяналт" сэдвээр УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Т.Зууннаст илтгэл тавилаа. Тэрбээр:
-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2006 онд батлагдсанаас хойш 80 гаруй хувьд нь буюу нийт 300 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь гурван хэсэг, 21 бүлэг, 104 зүйлтэй байна.
Хуулийн төсөлд тусгаснаар ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгохоос гадна нэмэлтээр ашигт малтмал баяжуулах тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Одоо мөрдөгдөж буй хуульд зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөгч хуулийн итгээд байна гэсэн шаардлага тавигддаг.
Шинэчилсэн төслөөр хайгуулын тусгай зөвшөөрөлд эдгээр шаардлага дээр мэргэжлийн хүний нөөцтэй байх шаардлага нэмэгдэж байгаа. Харин ашиглалт баяжуулалтын тусгай зөвшөөрөлд дээрх гурван шаардлага дээр хаалтын санхүүгийн баталгааны гэрчилгээтэй байх шаардлага нэмэгдэж байгаа. Шинэчилсэн хуулийн төсөлд тусгаснаар зам, шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, улсын хилийн зурвас, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хайх, ашиглах, баяжуулах зөвшөөрөл олгохыг хязгаарласан байна.
Эрдэс баялгийн салбар ДНБ-ий 20-30%-ийг хангадаг
"Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг орон нутагт хангах нь, хууль эрх зүйн суурь" сэдвээр УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн шинжээч С.Цэцэг-Өлзий илтгэл тавьсан юм. Тэрбээр:
-Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30%-ийг дангаараа хангадаг. Энэ салбарыг хариуцлагатай, ил тод байлгах, хяналт дүн шинжилгээ тавих шаардлага тулгамдаад байгаа. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг намрын чуулганаар оруулахаар төлөвлөсөн. Уг хуулийн төсөл нь 5 бүлэг 30 зүйлтэй. Хуулийн төслийн дагуу төр, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн Үндэсний зөвлөлтэй байх бөгөөд орон нутагт салбар зөвлөл байгуулагдаж ил тод байдлын тайлан гаргаж, хяналт тавьж ажиллана.
Олборлох үйлдвэрийн ил тод байдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх уг уулзалт өнөөдөр үргэлжлэх юм.