/2023.02.13/: Турк болон Сири улсад газар хөдлөлт болж, олон мянган хүн амь насаа алдсанаас хойш долоо хоног өнгөрчээ.
Гэвч цөхрөлийн дунд "гайхамшиг"-ийн тухай түүхүүд бас бий.
Некла Камуз нэгдүгээр сарын 27-нд хоёр дахь хүүгээ өлгийдөн авахдаа түүнд "зоригтой" гэсэн утгатай Ягиз гэх нэр өгчээ.
Неклагийнх Туркийн өмнөд хэсгийн Хатай мужид байдаг бөгөөд үүрээр ердөө 10-хан хоногтой хүүгээ хөхүүлж байжээ. Энэ үед аймшигтай газар хөдлөлт болсон бөгөөд Неклагийн гэр бүл хэдхэн хормын дотор нурангин дор дарагдсан байна.
Некла гэр бүлийн хамт Самандаг хотод шинээр баригдсан таван давхар байшингийн хоёрдугаар давхарт амьдардаг байв.
"Газар хөдлөлт эхлэхэд би нөгөө өрөөнд байсан нөхөр дээрээ очихыг хүссэн, нөхөр маань ч биднийг чиглэн гүйж байв. Гэтэл нөхөр маань том хүүтэйгээ над дээр ирэхээр гүйх үед хувцасны шүүгээ тэдний дээр унаж, тэднийг хөдлөх боломжгүй болгосон. Газар хөдлөлт ихсэх тусам хананууд нурж, өрөө чичирч, барилга байрлалаа өөрчилж байгаа мэт болж эхэлсэн. Яг тэр үед би бага хүүгээ тэвэрсэн чигтээ доошоо цөмөрч нэг давхар унаснаа анзаараагүй. Би тэдний нэрийг хашгирсан ч тэд хариу дуугарахгүй байсан" гэж Некла болсон явдлын тухай ярив.
Некла нялх хүүхдээ тэврэн нурангин дор хэвтсээр байжээ. Тэдний хажууд байсан хувцасны шүүгээ тэдний дээр том бетон хавтан унахаас халхалж чадсан байна.
Эхний өдөр
Нуранги дор унтлагын хувцастайгаа хэвтэж байсан Неклад юу ч харагдахгүй байсан тул тэр ойр орчимд юу болж байгааг сонсохыг хичээжээ.
Тоосноос болж түүний бяцхан хүү болох Ягиз эхэндээ амьсгалж чадахгүй байсан ч удалгүй амьсгал нь хэвийн болсон байна. Азаар нурангин дор дулаахан байжээ.
Түүний хөлний доор нь хүүхдийн тоглоом байгаа нь мэдрэгдэж байсан хэдий ч түүнд эргэх болон хэвтрээ засаж илүү тухтай болох ямар ч боломж байсангүй. Бүх хөдөлгөөн нь хоригджээ.
Гэнэт түүнд алсад хүн дуугарч байгаа нь сонсогдсон байна. Тэрээр тусламж гуйн хашгирч, хувцасны шүүгээгээ цохихыг оролджээ.
"Тэнд хэн нэгэн байна уу? Намайг сонсох хүн байна уу?"
Хэчнээн орилсон ч нэмэргүй байсан тул тэрээр унасан жижиг бетоны хагархайг авч хувцасны шүүгээг цохив.
Гэсэн ч хэн ч хариулсангүй.
Некла өөрсдийг нь аврахаар хэн ч ирэхгүй мөн тэднийг хэн ч сонсохгүй байх вий гэж айж байжээ.
Газар доорх амьдрал
Нуранги дор харанхуйд Некла цаг хугацааны бүх мэдрэмжээ алдсан байна.
Гэсэн хэдий ч тэрээр Ягизийг хөхүүлж, дулаан байлгах зайлшгүй шаардлагатайгаа мэдэж байсан бөгөөд азаар хүүгээ хөхүүлэх хэмжээний хөдлөх зай үлджээ.
Түүнд ус, хоол хүнс байсангүй. Цөхрөнгөө барсан тэрээр хөхний сүүгээ өөрөө уух гэж оролдсон ч чадаагүй байна.
Некла толгой дээгүүр нь өрөмдлөгийн чимээ гарч байгааг бүдэг бадаг сонсож байсан ч хэтэрхий хол байгаа нь илт байв.
Тэрээр эрч хүчээ хэмнэж, гаднаас ирэх чимээ ойртох хүртэл тэсэхээр шийджээ.
Тэрээр газар хөдлөлтийн үед төөрсөн нөхөр, хүү болон ойр дотны хүмүүс нь ямар байдалтай байгаа бол гэж санаа зовж байв.
Некла өөрийгөө нурангиас гарч чадна гэж бодоогүй ч Ягиз хүү нь аврагдах итгэл найдвартай хэвээр байх шалтгаан болсон юм.
Хүү ихэнх цагт унтдаг байсан бөгөөд түүнийг сэрээд уйлах үед нь тайвширтал нь ээж нь хөхөө хөхүүлдэг байв.
Аврал
Газар доор 90 гаруй цаг байсны эцэст Некла нохой хуцах чимээг сонсов. Тэр зүүдэлж байна уу гэж боджээ.
Холтосны араас дуу чимээ гарав.
"Та зүгээр үү? Тийм гэж нэг удаа тогш" гэж хэн нэгэн нуранги руу орилохыг тэрээр сонслоо.
Ээж, хоёр олдсон байжээ.
Ягизийг аврагчид хүлээлгэн өгсний дараа Неклаг дамнуургаар авч явав. Түүнийг түргэн тусламжийн машин руу шилжүүлэх хооронд тэрээр өөрийн нөхөр хүүхдээ амьд үлдсэн эсэхийг мэдэхийг туйлын ихээр хүсчээ.
Эмнэлэгт очиход Неклаг гэр бүлийнхэн нь угтан авч, нөхөр Ирфан болон түүний гурван настай хүү Йигит Керим нарыг нурангин доороос аварсан тухай хэлжээ.
Гэвч тэд хөлөндөө хүнд гэмтэл авч, Адана мужийн эмнэлэгт хэвтэж байгаа аж.
Сонирхолтой нь Некла, Ягиз нар бие махбодийн ноцтой гэмтэл аваагүй байна. Тэднийг эмнэлгээс гарахын өмнө 24 цагийн турш ажиглалтад байлгажээ.
Некла буцаж очих гэргүй байсан ч гэр бүлийн нэг гишүүн түүнийг мод, брезентээр урласан цэнхэр майханд аваачсан байна. Тэнд нийтдээ 13 хүн байгаа ч бүгд орон гэргүй болжээ.
Майханд гэр бүлээрээ бие биенээ дэмжиж, жижиг зуухан дээр кофе чанаж, шатар тоглож, түүхээ хуваалцдаг. Некла өөрт тохиолдсон зүйлтэй эвлэрэхийг "оролдож" байна.
"Хэрэв миний хүүхэд үүнийг даван туулах хангалттай хүчтэй байгаагүй бол би хэдийнээ бууж өгөх байлаа" бүсгүй ярьжээ.
Одоо түүний цорын ганц мөрөөдөл нь хүүгийнхээ хувьд ийм зүйл дахин хэзээ ч тохиолдохгүй байх явдал юм.
"Тэр дөнгөж төрсөн хүүхэд болохоор юу ч санахгүй байгаад маш их баяртай байна" гэж тэр хэлжээ.
Дуудлага ирэхэд Некла инээмсэглэв. Эмнэлгийн орноос Ирфан, Йигит Керим хоёр инээмсэглэн гараа даллав.
"Сайн уу, дайчин минь, миний хүү сайн уу?" аав нь болох Ирфан дэлгэцээр дамжуулан хүүхэдтэйгээ мэндчилнэ.