М.Удвал: Эрт илрүүлгээр жил хүрэхгүй хугацаанд 156 ХҮН ХАВДАРТАЙ гэж оношлогдлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Удвал: Эрт илрүүлгээр жил хүрэхгүй хугацаанд 156 ХҮН ХАВДАРТАЙ гэж оношлогдлоо

Фамили медикал эмнэлэгийн Чанарын албаны дарга М.Удвал

/2023.2.6/ Фамили медикал эмнэлэг Засгийн газраас зохион байгуулж буй хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байгаа эмнэлгүүдийн нэг. Хавдрын эрт илрүүлгийн тоогоор улсдаа дээгүүрт орж байгаа тус эмнэлгийн Чанарын албаны дарга М.Удвалтай ярилцсаныг хүргэж байна.

ЗАЛУУСТ БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАР, ДУНД НАСНЫХАНД ХАВДАР, ӨНДӨР НАСТНУУДАД ЗҮРХНИЙ ИШЕМИ ОНОШЛОГДОЖ БАЙНА

-Танай эмнэлэг хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байгаа. Эрт үеийн хавдрын тохиолдол цөөнгүй гардаг гэсэн. Энэ талаар?
-Манай эмнэлэг БЗД, СБД-ийн нийт 9 хорооны иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хуваарийн дагуу хийж байна. Түүнчлэн бусад дүүрэг, хорооны иргэдийг ч энэхүү үзлэгт хамруулж байгаа. Хөдөө орон нутгаас 1300 орчим иргэн хамрагдаад байна. Өнгөрсөн оны тавдугаар сарын 01-нээс хойших хугацаанд эрт илрүүлэгт нийт 12141 иргэн хамрагдсан.

Үүнээс ходоодны дурангийн оношилгоонд 6000 гаруй хүн хамрагдсанаас 156 хүнээс нь эрт үеийн хавдар илэрсэн. Энэ бол бага тоо биш, санаа зовоосон асуудал. Энэ эмгэг зөвхөн хоол боловсруулах дээд замын дурангийн оношилгоогоор илэрсэн гэсэн үг. Хоол боловсруулах дээд замын эмгэгийг амны хөндийгөөс ходоод хүртэл дурандаж оношилдог. Ер нь улаан хоолой, ходоодны дурангийн оношилгоонд хамрагдсан хүмүүсийн 80-аас дээш хувь нь хоол боловсруулах замын ямар нэг эмгэгтэй байна.

-Хавдар илэрсэн хүмүүс өөрсдөө огт мэдээгүй байсан гэсэн үг үү?
-
Ер нь аливаа хавдар эрт үедээ ямар нэг зовуурь өгөхгүй учир хүн үүнийгээ мэдэхгүй, эмнэлэгт үзүүлэхгүй явсаар хүндрүүлэх эрсдэлтэй. Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний ач холбогдол үүнд оршино.

Ер нь хавдар мэт өвчнийг эмнэлгийн шинжилгээгээр л оношилж мөн гэдгийг баталж нотлохоос бус хүн өөрөө мэдэж оношлоод байх боломжгүй. Иймд жил бүр үзлэг шинжилгээнд хамрагдаж, хавдар зэрэг өвчнийг эрт үед нь оношлуулж цаг алдалгүй эмчлүүлснээр эмчилгээний үр дүн сайн байна. Амьдралын чанар алдагдахгүй нас уртасна.

Манай эмнэлэг дурангийн шинжилгээнээс гадна хэт авианы эхо шинжилгээг 2022 онд нийт 23 мянган хүнд хийсэн байна. Эхо шинжилгээгээр хөхний зангилаа, элэгний зангилаа, бамбай булчирхайн өөрчлөлт, түрүү булчирхайн өөрчлөлтүүд ихээр оношлогддог.

Эрт илрүүлгийн шинжилгээнд орсон эмэгтэйчүүдээс хавдрын урьтал эмгэгтэй 36 хүн оношилогдсон. Ер нь цоо эрүүл гэсэн оноштой хүн ховор.

Залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин, тэр дотроо тэмбүү багагүй оношилогдож байна. Тийм учир урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь зайлшгүй хэрэгтэй.

-Тэмбүү туссанаа мэдээгүй байсан гэж үү?
-Шинж тэмдэг илрэхгүй байвал мэдэх боломжгүй. Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсанаар залуучууд бэлгийн замын халдвартай гэдгээ, дунд үеийнхэн нь хоол боловсруулах замын хавдар болж байгаагаа мэдэж байна, ахмад настнууд зүрх судасны ишеми, шигдээс өвчний шинж тэмдэгтэй яваагаа мэдэж байна.

БАЙГУУЛЛАГУУДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
ШИНЖИЛГЭЭГЭЭР Ч ХАВДАР ИЛЭРДЭГ

-Эрт илрүүлгийн шинжилгээ эрүүл мэндийн даатгалаар хийж байгаа. Үүнтэй зэрэгцээд байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэгт ажилтнуудаа хамруулж байгаа хэвээр үү?
-Хэвээрээ байлгүй яахав. Байгууллагууд ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт оруулахдаа үйл ажиллагааныхаа чиглэлд тохируулж багцаа сонгодог. Тухайн байгууллагын ажлын нөхцөл, мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу олон төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хийлгэх шаардлага гардаг. Тухайлбал нүдний эмчийн иж бүрэн үзлэг, чих хамар хоолойн эмчийн үзлэг, сонсголын бичлэг, мэдрэлийн эмчийн үзлэг зэрэг нь эрт илрүүлгийн багцад байхгүй. Сүүлийн үед хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хөгжөөд байгаа, манай байгууллага Бодь, Хаан, МИГ, Мандал, Агула гэсэн даатгалын байгуулагатай хамтарч ажиллаж байна. Эдгээр байгууллагын даатгуулагчид мөн урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь элбэг байдаг.

-Хамгийн ихдээ хичнээн ажилтантай байгууллагын шинжилгээ авч байсан бэ. Ямар өвчин их гарч байна?
-Байгууллагын багцын үйлчилгээг маш олон байгууллагад хийсэн. Энэ дотор 2000 ажилтантай байгууллага ч бий, 10 ажилтантай байгууллага ч байдаг. Байгууллагын шинжилгээгээр хоол боловсруулах замын эмгэг ялгаагүй их оношилогддог. Саяхан орсон нэгэн байгууллагын ажилтнаас дөрөвдүгээр үеийн хавдар хүртэл илэрсэн.

-Хавдрын 4-р үе хүртлээ мэдээгүй байсан хэрэг үү?
-Мэдээгүй. Өөрт нь ямар ч зовиур байхгүй. Цээжин дээр нь нухаад байх шиг болохоор “Хоолны шингэц муу байна” гэж бодоод явж байж. Мөн гурван хүнээс эрт үеийн хавдар илэрсэн. Эрт үед нь илрүүлбэл нээлттэй хагалгаа биш, дурангаар зөвхөн ходоодны салст хуулах эмчилгээ хийлгээд л 100 хувь шийдэх боломжтой.

Хавдар удамших хандлагатай байдаг, эцэг эхийн аль нэг нь хавдраар өвчилж байсан бол хавдар тусах эрсдэл хавдаргүй эрүүл гэр бүлээс төрсөн хүнээс 2 дахин их байдаг. Аав, ээж нь хоёулаа хавдартай байсан бол эрсдэл 75 хувьтай гэж үздэг. Тэгэхээр байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг мөн л ач холбогдолтой.

ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨР ГЭНЭТ ҮХЭХГҮЙН ТУЛД ЖИЛД
НЭГ УДАА ЭМНЭЛЭГТ ХАНДАЖ БАЙГААРАЙ

-Монголчууд бид маш олноороо Солонгос, Хятад, Турк зэрэг улс орнууд руу эмчилгээ хийлгэхээр, зарим нь зөвхөн оношоо тогтоолгохоор ихээхэн санхүүгийн зардал гаргаж явж байна. Монголд онош тогтооход хэцүү юу?
-Хувь хүний л сонголт юм. Зөвхөн ходоод гэдсээ дурандуулах гээд Солонгос явдаг хүмүүс байна. Замын зардлаас эхлээд, тэнд очих зочид буудал, эмнэлгийн зардал гээд маш их мөнгө төлдөг. Гэтэл Солонгост манай эмнэлгийн дурантай яг л адилхан брэндийн дурангаар, яг адилхан оношилгоог өндөр өртөгтэй хийдэг.

Үнэхээр Монголд огт байхгүй нарийвчилсан оношилгоо байвал гадагшаа явж болох л байх. Түүнээс сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт ихээр хийгдэж, оношилгоо эмчилгээний чанар нэг үеэ бодвол ихэд сайжирсан.

-Хэчнээн сайн тоног төхөөрөмжтэй байсан ч сүүлийн үеийн эмч нарт итгэхгүй байх тал харагддаг?
-Маш олон анагаахын сургуультай болсон. Тэнд эмнэлгийн мэргэжилтэн харилцан адилгүй бэлтгэгдэж байна. Төгсөөд гараад ирсэн эмч тэнцээд эмнэлэгт ажиллахаар ирэхэд тухайн эмнэлэг эмч, ажиллагсдадаа ямар шаардлага тавьж ажилладаг, удирдлага, арга зүйгээр хэрхэн хангадаг, ямар стандарт хэрэгжүүлдэг зэргээс ихээхэн зүйл шалтгаална. Жишээ нь, манай Фамили медикал эмнэлгийн эмч нарын хувьд олон улсын оношилгоо, эмчилгээний стандартыг барьдаг. Сүүлийн үед эмч нарын гадаад хэлний түвшин, боловсролын түвшин ч өндөр болсон. Дэлхийн хэмжээний багаж тоног төхөөрөмж болон эмчийн мэдлэг, ур чадвар, туршлага нийлж нарийн оношилгоонууд хийнэ.

-За би Солонгос, Хятад явмааргүй байна. Эх орондоо, гэр бүлийнхэнтэйгээ хамт байж байгаад асуудлаа шийдчихмээр байна. Гэтэл энд ч шинжилгээ хийлгээд, тэнд ч үзүүлээд яг онош тогтоогдохгүй, өнөөх зовууриуд хэвээрээ л яваад байх нь элбэг. Энэ юутай холбоотой вэ?
-Дутуу хагас мэдээлэл аваад л энд тэнд өм цөм шинжилгээ өгөөд яваад байдаг атлаа зовуурь нь хэвээрээ байдаг хүмүүс бий. Багц шинжилгээ гэдгийн утга нь энд харагддаг. Жишээ нь, миний зовиур эмэгтэйчүүд талдаа байлаа гэхэд бүтцийн хувьд, үйл ажиллагааны хувьд ямар өөрчлөлт байгаа юм, даавар өөрчлөгдөөд байна уу? Эсвэл эрхтний бүтцийн өөрчлөлтөөс болоод байгаа юм уу гэдгийг ялгахын тулд заавал олон талаас нь нарийвчилж үзэх шаардлага гардаг. Түүнээс ганцхан бүтцийг нь харчихаад зүгээр байна гэвэл үйл ажиллагааны хувьд хямарчихсан байж болно.

Эмэгтэйчүүд үрэвсэлтэй яваад л байдаг. Тэгтэл үрэвслээ эмчлээд ч эдгэхгүй бол яах вэ? Дааврын өөрчлөлтөөсөө болоод өндгөвч, умай мэдрэг байсан бол яах вэ? Үндсэн зовуурийг системтэйгээр, олон талаас нь нэг дор харж оношлохыг багц оношилгоо гэж байгаа юм. Багцаар нь шинжилгээ аваад, оношилж чадвал нөгөө хүнийг олон дахин явуулахгүй.

-Сая хэлсэн жишээн дээр эмэгтэй хүний хувьд олон талаас нь харчихлаа шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адилхан эрэгтэй хүний хувьд эрэгтэй хүний системийн шинжилгээ байгаа юу?
-Байлгүй яахав. Түрүү булчирхайгаа үзнэ. Томрол байна уу? Бөөр, шээсний замаа шалгана, простат буюу түрүү булчирхайн томролоос болоод шээж чадахгүй болсон хүн байна, чалх нь муудаж байгаа хүн байна. Дээрээс нь эрэгтэй, эмэгтэй ялгаагүй дааврын шинжилгээ өгдөг. Тэгэхээр мөн л багц болгоод эрэгтэйчүүдийн багцад түрүү булчирхай, тестестерон, чалх яагаад буураад байна гээд бүгдийг нь шалгадаг шинжилгээнүүд байгаа.

-Сая дурдагдсан бүх шинжилгээг жишээ нь танай эмнэлэг хийх үү?
-Хийж байгаа. Ер нь тус тусад нь шинжилгээ өгөөд яваад байдаг школ бол хуучны орос хэв маяг. Шинжилгээ өгөөд л байдаг өгөөд л байдаг үр дүн байхгүй. Эцэст нь эмч нь мэдэхгүй байгаа юм уу, юундаа байгаа юм бол гэдэг байсан бол одоо багцаар нь шинжилгээ өгчихөөд харьцуулж хардаг болсон. “Бүтцийн хувьд зүгээр байна. Тэгвэл үйл ажиллагааны хувьд ийм байна” гэх мэтээр.

-Шинжилгээг жил бүр өгөөд байх шаардлага байдаг уу? Хоёр, гурван жил болоод нэг өгөөд байж болохгүй юу?
-“Хүмүүс энэ жил олон шинжилгээ өгсөн юм чинь гурван жилийн дараа шалгуулъя” гэдэг.

Гэтэл 0.8 мм-ээс дотогш хэмжээтэй элэгний үүсгэвэр байлаа гэхэд үүнийг ЭХО-оор нарийвчилж харах боломжгүй. Компьютерт ч харагдахгүй. 0.8 мм гэдэг нь цэг л гэсэн үг. Эмч нар мэдэхгүйдээ хавдрын үүсгэврийг үлдээгээд байгаа юм биш. Энэ оношилгооны нөхцөл байдал Солонгос, Хятад ч адилхан. Гэтэл нөгөө энэ үүсгэвэр нь хоёр жилийн дараа хавдар болоод гараад ирдэг.

Тэгэхээр нөгөө хүмүүс “Шинжилгээ өгөөд шал худлаа. Хавдар болчихсон” гэдэг. Тэгэхээр жил болгон л үзүүлэх шаардлагатай. Жишээ нь, хоол боловсруулах замын эмгэгтэй, холестрин ихтэй хүн байдаг. Судсаар цус хэвийн урсаж байх ёстой атал судасны ханан дотор өөхлөлт үүсэж, улмаар бөглөрдөг. Ингээд ухаан алдаж унана, амь насаа алдана. Үүнийг “Зүв зүгээр явж байгаад л гэнэт ухаан алдаад” гэж ярьдаг. Энэ бол гэнэт биш хэдэн үе шатыг дамжаад эцсийн байдалдаа тулаад судас нь ажиллагаагүй болоод бөглөрсний илэрхийлэл юм. Урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй, шинжилгээ хийлгэдэггүй зэргээс ийм байдал үүсдэг. Халдварт бус өвчин гэнэт үүснэ гэж байхгүй. Монголчууд бид мөнгө л яриад байдаг. “Шинжилгээ өгөхөөр тэдэн төгрөг, багцаар нь өгвөл тэд болно, ажлаасаа чөлөө авч эмнэлэгт үзүүлвэл цалин хасагдана” гээд л. Гэтэл өнөөдөр нэг өдөр зарцуулах цагаа хэмнэж байтал ирээдүйд хэдэн зуун өдөр зарцуулах шаардлагатай болчих ч юм бил үү. Хэрвээ судас бөглөрөх эмгэг дөнгөж эхэлж байхад нь мэдээд, арга хэмжээ авчихвал буцаад хэвийн урсгалтай болох боломжтой. Гэнэт үхэхгүй. Амьдралын хэв маягаа өөрчлөөд, судасны ачаалал чинь тэнцвэртэй байвал хэн ч хэдэн насандаа ч харвахгүй байх боломжтой.

Монгол эрчүүд гүзээтэй байх нь элбэг. Ер нь л эр, эмгүй бид хэвлийн таргалалт ихтэй. Хоол боловсруулах эрхтэн нь асуудалтай байна гэсэн үг үү?
-Тухайн хүн амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй л гэсэн үг. Эс тэгвээс хоол боловсруулах замын асуудал үүсэж болзошгүй.

Хэвлийн таргалалттай хүн таван жилийн дараа судасны нарийсалт үүсэх нь тодорхой байдаг. Монгол эрчүүд хоол идчихээд шууд хэвтдэг. Хоол ходоодноос цаашаа дамжаад нарийн гэдэс, бүдүүн гэдэс рүү орж шимэгдээд хэрэгтэй шим тэжээлээ аваад хэрэггүйгээ гаргах ёстой байтал буцаад дээшээ сөөргөж, цээж хорсгодог. Ходоодны зөв урсгал алдагдаад өөрийг чинь хоод идчихээд суусан байдлаас чинь болоод дээшээгээ хамаг хүчил ялгараад байдаг.

-Хоол идчихээд тэгээд яах ёстой вэ?
-Хоол идсэний дараа 30 минут болж байж хоол зөв урсгалдаа ордог. Энэ хугацаанд аль болох хэвтэж суухгүйгээр, босоо байрлалд байх ёстой. Ходоод өөртөө ялгарсан шүүрлээрээ идсэн хоолыг чинь хайлуулаад хэрэгтэйг нь ялгаад нарийн гэдэс рүү явуулна. Нарийн гэдэс яг хэрэгтэйгээ ялгаад үлдсэн нь бүдүүн гэдсэнд очно. Гэтэл суугаад, эсвэл хэвтээд байхаар нэгэнт ялгарсан хүчил цаашаа дамжилгүй улаан хоолой руу буцаж улаан хоолойг түлдэг. Тэгэхээр амьдралын хэв маяг гэдэг өдөр тутмын зөв дадлыг л бий болгох юм.

-Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүгдээрээ олон, цөөн ямар нэгэн байдлаар ковид туссан. Тэгэхээр дутуу амьсгалаад, тархи нь манантаад ч юм уу шинж тэмдгүүд илрээд тэдгээрийг тэвчээд яваад байж болох уу?
-Болохгүй. Удаан хугацаатай манараад байна гэдэг чинь тархинд хүчилтөрөгч багасаад байна гэсэн үг. Тэгэхээр яадаг вэ гэхээр тархи бүрэн хэмжээгээр ачааллаа дааж чадахаа больчихдог учраас хүмүүс мартдаг болно, ой санамж буурдаг учир эрт л эмчлүүлэх хэрэгтэй.

-Зарим хүн “Яваандаа гайгүй болчихно байх” гээд байдаг шүү дээ?
-Эрт эмчлүүлэхгүй л бол гайгүй болохгүй. Агаарын бохирдол манай улсад хэр их билээ. Зүгээр өөрөө эдгэдэг өвчин гэж байхгүй учраас оношилгоо хийлгүүлээд үнэхээр эмчилгээ шаардлагатай бол эмчлүүлэх хэрэгтэй. Ковид бол судлагдаагүй, дөнгөж шинээр гарсан, хэдэн жилийн дараа ямар эмгэг болох нь тодорхойгүй юм чинь шинжилгээгээр л батлахаас өөр аргагүй. Хүндрэлийг нь мэдэхгүй бүрэн судлагдаагүй өвчин болохоор аяндаа зүгээр болчихно гэж худлаа ярьж болохгүй гэж бодож байна.

ЭРТ ИЛРҮҮЛГЭЭР НИЙТ 150 ХАВДАР ИЛРҮҮЛСЭН НЬ
МОНГОЛ УЛСДАА ТЭРГҮҮЛЭХ ДҮН

-Танай эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай эмнэлэг дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, нүд, чих хамар хоолой, дүрс оношилгоо, лабораторийн цогц үйлчилгээ явуулдаг. Ерөнхийдөө дотор, хоол боловсруулах замын чиглэлээр түлхүү ажилладаг. Саяхан хэвтэн эмчлүүлэх тасгаа нээсэн.

-Бусад эмнэлгүүдээс юугаараа ялгаатай вэ?
-Манай эмнэлгийн дурангийн тасаг улсын хэмжээнд сайн ажилладаг тасгуудын тоонд ордог гэж бодож байна. Өнгөрсөн жил дурангийн оношилгоогоор эрт үеийн 156 хавдар илрүүлсэн. Энэ нь хийсэн шинжилгээнд ноогдох илрүүлсэн эрт үеийн хавдрын тоогоор Монгол Улсын хэмжээнд дээгүүрт орно. Дурангийн тасгийн хувьд тогтмол 3 эмч ажилладаг, тоног төхөөрөмжийн хувьд Японы Olympus брэндийнх, энэ нь дурангийн тэргүүлэгч брэнд юм. Хэрэглэдэг бүх багаж нь нэг удаагийнх.

Ариутгал, халдваргүйтлийг бүрэн автомат машинаар хамгийн өндөр үр дүнтэй ариутгалын бодисоор стандартын дагуу хийдэг. Үйлчилгээний үнэ харьцангүй хямд гэдгээрээ онцлог байгаа. ЭХО-ны хувьд Самсунг брэндийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр судасны, зүрхний, хэвлийн, бамбайн, хөхний, үений ЭХО шинжилгээг нарийвчилж харах боломжтойгоороо давуу талтай.

Лабораторийн цогц үйлчилгээг өндөр хүчин чадалтай Японы Сисмекс, Швейцарийн Роше аппаратуудыг ашигладаг. Шинжилгээний чанар, тоо хэмжээ өндөртэй. Лабораторийн дотоод, гадаад чанарын хяналтыг тогтмол хийдэг, үнэлгээ өндөр гардаг. Тийм учир тоног төхөөрөмжөөс болон хүнээс шалтгаалсан алдаа гарах магадлал бага.

-Эмнэлгүүдэд тавигдах олон улсын стандарт нь ямар байдаг вэ? Танайх тэр стандарт руу хэр дөхөх вэ?
-Олон улсын стандарттай ойролцоо түвшинд ажилладаг. Тоног төхөөрөмжийн хувьд ч, эмнэлэг, хүний нөөцийн бодлогын хувьд ч маш өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэхийг зорьдог, стандарт хэрэгжүүлж, өдөр тутамдаа мөрдлөг болгон ажилладаг. Жишээ нь, АНУ-д ямар брэндийн дурангаар үйлчилгээ үзүүлж байна тэр брэндийн дуран нь бидэнд байна. Төдий хэмжээний суралцсан эмч нар нь байна. Хоёрдугаарт, дурангийн эмч нарыг эрт илрүүлэг буюу хавдрыг эрт үед нь оношилсон байдлаар үнэлдэг. Дээр тоо баримтыг дурьдсан. Манайх өдөрт 60-90 хүнд дурангийн оношилгоо хийх хүчин чадалтай. Тэр хэмжээгээр олон төрлийн тохиолдолтой учирч улам туршлагажиж байна.

-Танай дурангийн оношилгоо маш сайн гэсэн. Дурандуулах болоход санаа зовоодог нэг зүйл бол ариутгал. Өмнө дурандуулсан хүний дараа ороход хэр ариутгаж чаддаг бол гэдэг бодол төрөөд байдаг. Танай эмнэлэг энэ тал дээр яаж ажилладаг вэ?
-Манай эмнэлэг дурангийн хувьд яагаад давуу талтай вэ гэхээр бүх хэрэгслүүд нь нэг удаагийнх байдаг. Жишээ нь ус хийж байгаа шприц, аманд нь зуулгаж байгаа зуувч нэг удаагийнх. Хэрвээ унтуулгатай орж байгаа бол хүчилтөрөгчийн гуурс, шинжилгээ авч байгаа багажууд нэг удаагийнх байдаг. Хоёрдугаарт, дуранг оношилгооноос гарсны дараа сувгийн ариутгал эхэлж хийгээд, дараа нь бүрэн автомат машинаар ариутгадаг. Хүний үйл ажиллагаанд алдаа гарах магадлалтай байдаг бол машин тийм биш. Манайх ходоод дуранддаг 10 дурантай бөгөөд тухайн дурангуудыг гурван машинаар угааж, ариутгадаг.

-Олон төрлийн дурангийн шинжилгээ байдаг байх. Гэхдээ зөвхөн ходоодны дуранг онцгойлж асуумаар байна. Унтуулгатай дурандуулахад тархи, ой санамжид нөлөөлөх үү?
-Унтуулганы төрөл нь мэс заслынх уу, булчин суллах уу гэдгээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Ходоод дурандуулахад ашигладаг унтуулгыг олон улсын хэллэгт “Тайвшруулалт” гэдэг. Зорилго нь хүнийг айдасгүй, аюулгүй дурандуулахын тулд зөвхөн тайвшруулалт хийж байгаа юм. Дээрээс нь эмчийн ажиллах таатай байдал. Хүнийг дурандах явцад их хэмжээгээр огиод байвал бүрэн дурандаж чаддаггүй. Тайван байгаа хүний бүх нугалаасыг шалгах боломжийг өгдгөөрөө тайвшралтай дурандалт дэлхийд маш их эрэлттэй болж байна. Түүнээс хагалгааны унтуулга шиг мартаж санана гэсэн зүйл байхгүй. Тайвшруулах тариа нь 6-12 цагийн дараа шээсээр биеэс гадагшилчихна. Шинжлэх ухаан хөгжихийн хирээр унтуулгын бодисууд нь маш түргэн үйлчлээд биеэс хурдан хугацаанд гардаг эрсдэл багатай болсон.

-Би ганцхан энэ шинжилгээний үнийг асууя. Танай унтуулгатай дуран хэд вэ?
-Унтуулгатай ходоодны дурангийн шинжилгээний үнэ 170 мянган төгрөг.

-Бусад эмнэлгээс хямдхан байгаагийн шалтгаан юу вэ?
-Аль болох олон хүнд хүрч ажиллах зорилготой. Гэхдээ хямд байна гээд чанараа орхигдуулж байна гэсэн үг биш гэдгийг хэлмээр байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Фамили медикал эмнэлэгийн фэйсбүүк пэйжтэй холбогдохыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

Мөн тус эмнэлэгийн 7010 9001 дугаарын утсанд холбогдоно уу.

Цагаан сараар 3 хоног амарна
Цагаан сараар 3 хоног амарна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.