АТГ-ынхан Лондонгоос 1,1 сая фунтын 4 өрөө үл хөдлөхийг буцаан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-ынхан Лондонгоос 1,1 сая фунтын 4 өрөө үл хөдлөхийг буцаан авчээ

/2023.1.24/ Авлигатай тэмцэх газрынхан 2021-2022 онуудад Монгол Улсын хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагааг Авлигын эсрэг НҮБ-ын ковненцод нэгдэн орсон гишүүн улс орнууд болон авлигын эсрэг бүс нутгуудын холбоодтой хамтран хийсэн байна.

Улмаар Английн Лондон хотоос 1,1 сая фунт стерлинг буюу 4,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 4 өрөө үл хөдлөх хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчээ. Эх сурвалжийн өгүүлснээр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын хураан авсан энэхүү хөрөнгийг өдгөө Эрдэнэт үйлдвэрийн охин компани болох "Монголиан Смелтинг корпорейшн" түрээслүүлж байна. Түрээс нь хоёр жилийн хугацаатай, нэг сарын 2300 фунт стерлингийн үнэтэйгээр түрээслүүлж байгаа ажээ.

Энэ түрээсийн орлогыг тухайн орон нутгийн иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зорилтот бүлгийн иргэдэд нэн шаардлагатай арга хэмжээнд чиглүүлэн үр өгөөжтэй, ил тод, хариуцлагатай захиран зарцуулах хүсэлтийг АТГ-аас Эрдэнэт үйлдвэрт хүргүүлсэн байна.

Хүсэлтийн дагуу Эрдэнэт үйлдвэрийнхэн дээрх түрээсийн орлогыг "Энэрэл" асрамжийн төвийн үйл ажиллагаанд зарцуулахаар болжээ.

Сонирхуулахад, дээрх хөрөнгийг хулгайлсан эзэн нь төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан байсан бөгөөд хахууль аван өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулсан байжээ. Тэрээр хахуулиар авсан мөнгөө нуун далдлахын тулд ийнхүү Лондон хотод дөрвөн өрөө үл хөдлөхийг өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр худалдан авсан байсныг Авлигатай тэмцэх газрынхан илрүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрынхан сүүлийн жилүүдэд авлигын гэмт хэргийг илрүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гадаад улсад байршуулсан хөрөнгийг буцаан авах чиглэлд онцгой анхааран ажиллаж байгаагийн нэг үр дүнг ийнхүү асрамжийн төвийн хүүхдүүд хүртэж байна. Хулгайлагдсан хөрөнгийг эх орондоо буцаан авах үйл ажиллагаа үргэлжилсээр байгааг АТГ-ынхан хэлж байна.

МОНГОЛ УЛС 2022 ОНД ГАДААД УЛС ОРНУУДААС ХУЛГАЙЛАГДСАН
12,2 САЯ АМ.ДОЛЛАРЫГ БУЦААН АВЧЭЭ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг ангилан үзвэл (2021 оны байдлаар):

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг: 820 буюу 53.1 хувь,
  • Хахууль авах гэмт хэрэг - 225 буюу 14.6 хувь,
  • Хахууль өгөх гэмт хэрэг - 134 буюу 8.7 хувь,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ гэмт хэрэг - 20 буюу 1.3 хувь,
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг - 36 буюу 2.3 хувь,
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг - 26 буюу 1.7 хувь,
  • Мөнгө угаах гэмт хэрэг - 33 буюу 2.1 хувь,
  • Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг - 24 буюу 1.6 хувь,

2021 онд шалгасан гэмт хэргийн улмаас 1 их наяд төгрөгийн хохирол улсад учирчээ. Эдгээрт мөрдөн шалгах ажиллагааны явцад 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 119.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 2.7 дахин өссөн ажээ.

Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.