Ц.Элбэгдорж Монгол Улс цаазын ялыг халсан туршлагаа АНУ-д танилцуулжээ
 

Ц.Элбэгдорж Монгол Улс цаазын ялыг халсан туршлагаа АНУ-д танилцуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-ын Флорида мужийн их сургуулийн Хууль зүйн сургуульд болсон “Олон улсын хүний эрх ба цаазын ял” сэдэвт олон улсын симпозиумд оролцож, Монгол Улс цаазын ялыг халсан туршлагаа танилцуулжээ.

Тус симпозиум 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хууль зүй, хүний эрх, эрүүгийн эрх зүйн чиглэлийн мэргэжилтнүүд цаазын ялын хууль эрх зүй, ёс зүй, олон улсын туршлагын талаар хэлэлцсэн байна.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гадна “Dead Man Walking” номын зохиогч, цаазын ялын эсрэг тэмцэгч Хелен Прежан, Италийн парламентын гишүүн асан Марио Маразцити, Хүний эрх, цаазын ялын мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Робин Махер болон олон улсын нэр хүндтэй хуульч, эрдэмтэд оролцжээ.

Ц.Элбэгдорж хурлын үндсэн илтгэлийг тавихдаа Монгол Улс цаазын ялыг халсан үйл явц, өөрийн оролцооны талаар танилцуулсан байна.
Тэрбээр “Манай улсын урт түүх одоо хоёр хэсэгт хуваагдсан. Гар нь цус болсон төрийн түүх, гар нь цусгүй болсон төрийн түүх гэж. Би эх орондоо үүнийг хийж чадсан бол та нар ч бас чадна” хэмээн хэлжээ.
Монгол Улсад цаазын ялыг халах үйл явц 2010 онд эхэлсэн бөгөөд тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж цаазаар авах ял сонссон бүх ялтны ялыг уучилж, цаазын ялыг гүйцэтгэхэд моратори тогтоосон юм.
Үүний дараа Монгол Улс 2012 онд цаазын ялыг халах зорилготой олон улсын гэрээг соёрхон баталж, 2015 онд УИХ Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг бүрэн халсан байна.
Симпозиумын үеэр цаазын ялыг гүйцэтгэх аргын улмаас хүний эрх зөрчигдөж болзошгүй асуудлыг мөн хэлэлцжээ. Тухайлбал, АНУ-ын Тони Каррутерс гэх ялтны цаазаар авах ажиллагааны үеэр судсанд нь тариа хийх оролдлого нэг цаг гаруй үргэлжилж, эмнэлгийн ажилтнууд 10 гаруй удаа хатгасны эцэст ажиллагааг зогсоосон талаар илтгэгчид дурдсан байна.
Мөн хүчирхийллийн улмаас ойр дотнын хүмүүсээ алдсан хоёр эмэгтэй хохирогчийн гэр бүлийн байр суурийг танилцуулж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цаазлах нь алдсан хүнээ буцааж авчрахгүй, харин зовлонг улам нэмэгдүүлж болзошгүйг онцолжээ. Тэд уучлал болон нөхөн сэргээх шударга ёсны ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Энэхүү симпозиум нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас цаазын ялыг дэлхий даяар түр зогсоож, цаашид бүрмөсөн халах зорилготой тогтоолын асуудлаар санал хураалт явуулахаас ойролцоогоор нэг сарын өмнө зохион байгуулагдсан байна. АНУ уг тогтоолыг 2007 онд анх баталснаас хойш санал хураалтад тогтмол эсэргүүцсэн байр суурь илэрхийлж иржээ.


Эх сурвалж: Death Penalty Information Center

Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд цаазаар авах ял оноохыг шаарджээ
Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд цаазаар авах ял оноохыг шаарджээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.