Анх удаа зүрх шилжүүлэн суулгахаар бэлтгэж байна
 

Анх удаа зүрх шилжүүлэн суулгахаар бэлтгэж байна

Монгол Улсад анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх бэлтгэл ажлын хүрээнд Улсын III төв эмнэлгийн гурван эмч БНСУ-д мэргэжил дээшлүүлж, зүрх шилжүүлэн суулгах мэс заслын явцтай газар дээр нь танилцжээ. БНСУ-ын “The Korea Herald” сонины мэдээлснээр Монголын эмч нар энэ сарын эхээр тус улсад очсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Инчон Сэжон эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг ажигласан байна.
Энэхүү сургалт нь БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болон Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын клиник сургалтын хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 2-27-ны хооронд зохион байгуулагдаж байгаа аж.

Сургалтад Улаанбаатар хотын Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч Ц.Өдгэрэл, мэдээгүйжүүлгийн эмч Дэмид-Од Наранцэцэг, зүрх судасны мэс заслын эмч Бат-Өндөр Доржсүрэн нар хамрагджээ.

Эмч нар зөвхөн мэс заслын арга техникээс гадна зүрх шилжүүлэн суулгах өвчтөнийг сонгох, донорын үнэлгээ хийх, мэс заслын дараах эмчилгээ, эрхтэн ховхрох эрсдэлийг хянах, дархлаа дарангуйлах эмийн хэрэглээ зэрэг цогц мэдлэг, дадлага эзэмшиж байгаа гэнэ. Инчон Сэжон эмнэлгийн Зүрх шилжүүлэн суулгах төвийн захирал Ким Кён Хи мэс засал өөрөө хамгийн хүндрэлтэй хэсэг биш бөгөөд мэс заслын өмнөх болон дараах эмчилгээ, хяналт нь түүнээс дутахгүй чухал гэдгийг онцолжээ.

Монголын III төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах төв байгуулах бэлтгэл ажлыг мөн эхлүүлсэн бөгөөд Солонгосын эмнэлэг Монголын нөхцөлд тохирсон эмчилгээний заавар, протокол боловсруулахад дэмжлэг үзүүлж байгаа аж. Монголын эмч нар эх орондоо буцаж ирээд хамт олондоо эзэмшсэн мэдлэг, туршлагаа түгээж, зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамжийг эцэслэн боловсруулах юм. Ийн Монгол Улсад зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийх боломж бүрдүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.


Эх сурвалж: The Korea Herald

Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ
Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.