
МАН 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, парламентын олонхи болж хэдийн хоёр жилийн хугацааг үдлээ. МАН-ын 2024 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр өдгөө Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэл болж явж байгаа. Уг хөтөлбөрөөр эдийн засгийг өрх бүрт хүргэж, уул уурхайн экспортыг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэр байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрчим хүчний бие даасан байдлыг хангах зэрэг хөрсөнд буухад “хүндхэн” чихэнд чимэгтэй амлалтуудыг өгсөн дөг.
Харин өнөөдөр эдийн засаг 7.7 хувиар өссөн ч өрхийн бодит орлого 4.9 хувиар буурчээ. Инфляц 13.4 хувьд хүрэв. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засгийн өсөлт иргэдийн хэтэвчинд өсөлт болж очсонгүй. Уул уурхай экспортын орлогоо нэмэгдүүлж байхад өрхүүд хэрэглээгээ хумьж байна. Гэтэл эрх баригч нам эдийн засгийн өсөлтийг амжилт хэмээн хийрхэсээр.
Мөн хоёр сая жуулчин хүлээн авна гэсэн амлалтын биелэлт 50 хувьд ч хүрээгүй. Тодруулбал, “GoMongolia” арга хэмжээг хэрэгжүүлж гадаад жуулчдын тоог жилд хоёр сая хүргэнэ хэмээн тусгасан байдаг. Харин 2026 оны байдлаар Монгол Улсад нийт 958,470 жуулчин иржээ. Энэ нь МАН-ын дэвшүүлсэн хоёр сая жуулчны жилийн зорилтын ердөө 47.9 хувь гэсэн үг.
100 сая тонн нүүрс экспортлох зорилтын хүрээнд эхний арван сард 88.9 сая тоннд хүрсэн ч төмөр замын бүтээн байгуулалтууд бүрэн дуусаагүй. 3,223 км төмөр замын амлалтын хажууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам 71,48 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин газрын тос боловсруулах үйлдвэр 60 орчим хувьтай. Эрчим хүчний чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх амлалтын нэг гол төсөл болох Эрдэнэбүрэнгийн УЦС 40 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2030 онд ашиглалтад оруулна гэх. Энэ бол 2028 оны мөрийн хөтөлбөрийн хугацаанаас хойших төлөвлөгөө.
Ингээд харахад МАН-ын мөрийн хөтөлбөрийн хамгийн том амлалтуудын биелэлт бодит үр дүнгээсээ илүү ирээдүйн төлөвлөгөөнд жин дарж байна. Түүнчлэн эрх баригчдын нэг гажуудал харагдана. Барилгын ажил эхэлснийг амжилт, гүйцэтгэл өссөнийг үр дүн, экспорт нэмэгдсэнийг хөгжлийн баталгаа болгон танилцуулдаг. Гэвч шав тавьсан үйлдвэр шатахуун үйлдвэрлэхгүй. Дуусаагүй төмөр зам нүүрс тээвэрлэхгүй. Ирээдүйд баригдах цахилгаан станц өнөөдрийн эрчим хүчний хомсдлыг арилгахгүй. Мэдээж цаасан дээр экспортын ачааг тээвэрлэхгүй нь үнэн. Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал ажлаа хий. МАН-ын хуваагдал өнөөдөр улсын ажлыг гацааж, иргэдийг сөхрүүлж байна. Эрх баригч МАН дотроо талцаж, хэн нь хэнийгээ дийлэх улс төрийн тоглолт өрнүүлэх зуур төрийн ажил хүлээлгийн өрөөнд үлдлээ. МАН-ын бүлэг энэ сарын 23-нд хуралдахаар товлосон ч намын дотоод уулзалтаас шалтгаалан хуралдсангүй. Үүний өмнөхөн УИХ-ын чуулганаар хэлэлцэж байсан хуулийн төсөл дээр хүртэл бүлэг нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй. Энэ бол намын дотоод зөрчил төрийн шийдвэр гаргах үйл явцад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан бодит жишээ. Нэг тал нь суудлаа хамгаалж, нөгөө тал нь нөлөөгөө нэмэгдүүлэхээр тэмцэхэд улс орны асуудал хойш тавигдаж байгааг эдгээр үзүүлэлт харуулж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралд өнөөдөр хоёр албан тушаалын нэрээс илүү нэг том үүрэг бий. Тэр нь намынхаа дотоод зөрчлийг төрийн ажилд халдаахгүй байх, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, парламентын ажлын хэвийн ажиллагааг хангах улс төрийн хариуцлага юм.
Н.Учрал аа, намын даргын хувиар эв нэгдлээ хангаж, Ерөнхий сайдын хувиар улсынхаа ажлыг хий. Монгол Улс МАН-ын дотоод тохироо дуусахыг хүлээж зогсох ёсгүй. Ард иргэд намын бүлэглэлүүдийн ялалтыг бус, амьдралд нь мэдрэгдэх төрийн бодлогыг хүлээсээр. Намын зөрчил Төрийн ордны хаалгаар давж, төрийн ажилд саад болж болохгүй. Түүгээр ч барахгүй эрх мэдлээ булаалдах фракцуудын өмч мэтээр авирлах эрх баригч намыг дахин сонгох нь зөв эсэхийг ч эргэн харах нь зүйтэй.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.