
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэнэ. Гишүүдийн дийлэнх нь түүний шийдвэрийг хүндэтгэж байгаа тухайгаа мэдэгдэхийн сацуу ёс зүйн хувьд шалгуулах нь зүйн хэрэг хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байгаа тул түүнийг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг гишүүдийн дийлэнх нь дэмжих магадлал өндөр байна.
Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө хугацаанаас нь өмнө чөлөөлөх гэж байна. Ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд бид дөрвөн сарын дотор шинэ Ерөнхийлөгчөө сонгох учиртай. Сонгуулийн тов ирэх арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс өмнө мөн товлогдох ёстой. Ингэснээр бид урин хавартай зэрэгцэн шинэ Ерөнхийлөгчтэй золгоно.
Харин Ерөнхийлөгчид тавьсан шаардлага нь биеллээ олсон АН-ын генсек С.Баярцогт "Ерөнхийлөгч нь огцрох хүртлээ эрх баригчид ялзарсан байна. АН-ын зүгээс шаардлагатай гэвэл Ерөнхийлөгчийн сонгуультай хамт парламентын сонгуулийг явуулах асуудлыг хөндөхийг ч үгүйсгэхгүй" хэмээн мэдэгдээд амжив. Намын тэргүүлэгч хүний хувьд түүний амнаас гарч буй үг бүр араасаа үүрэг хариуцлага тээж байх учиртай. Тиймээс түүний энэхүү үг биеллээ олох нь цаг хугацааны асуудал гэсэн үг.
Угаас одоогийн Засгийн газар хийгээд парламентын гишүүд, тэр ч бүү хэл Ерөнхийлөгчдөө "итгэл алдарсан" иргэд парламентыг тараах асуудлыг дэмжих нь ойлгомжтой. Ерөнхийлөгчийн өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон энэхүү нэг төрлийн ээлжит "поп" шийдвэр нь "үлгэр жишээ" гэх үгээр солигдож, түүнийг дагаад олон эрхмүүд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч шалгуулна гэдгээ мэдэгдсэн. Мөн Ерөнхий сайд Н.Учрал ч нэр холбогдсон бүх хүмүүсийг шалгана гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд "үлгэр жишээ" үзүүлсэн Ерөнхийлөгчөө дагаад одоогийн парламентын гишүүд ч мөн өөрсдийн хүсэлтээр парламентаа тарааж, тэртээ 1992 оны түүхийг дахин давтах юм биш биз?
АН-ын хувьд Ерөнхийлөгчийг ажлаа өгөхийг шаардахдаа эдгээр тооцооллыг ч мөн хийсэн байх ёстой. Тиймдээ ч АН-ын генсек нь өөрийн биеэр дээрх мэдэгдлийг хийсэн биз. Тэгэхээр бид ирэх хавар шинэ Ерөнхийлөгч хийгээд шинэ парламентын гишүүдийг сонгох хүндхэн хийгээд хариуцлагатай сонголттой нүүр тулж мэдэх нь. Тэр хүртэл нүд, чихээ нээн тэдний үйлдлийг анхааралтай ажиглах нь иргэн бидний үүрэг болоод байна.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.