
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр ажлаа өгсөнтэй холбоотойгоор түүний оронд хэнийг томилох асуудал МАН дотор улс төрийн хэлэлцүүлэг үүсгээд байна. Эхний ээлжид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэр яригдаж, МАН-ын Удирдах зөвлөл түүнийг ЗГХЭГ-ын даргаар томилохыг дэмжсэн талаар мэдээлж байсан.
Энэ тухай түүнээс тодруулахад тэрбээр "Энэ томилгоог өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд тохирсон байсан. Ингээд Ерөнхий сайд Н.Учрал Удирдах зөвлөлд өчигдөр танилцуулж, баталсан. Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно" хэмээн ам алдаад амжсан.
Өчигдрийг хүртэл түүнийг ЗГХЭГ-ын шинэ сайд болох өндөр магадлалтай хэмээж байсан ч салхи өөр тийш эргэж, түүний оронд Ж.Батжаргалын нэр яригдаж эхэлжээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд, тэр дундаа МАН-ын 38-ын бүлгийн гишүүд болох Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал, З.Мэндсайхан нар Б.Бат-Эрдэнийг томилох асуудалд эсрэг байр суурь илэрхийлсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Ам алдвал барьж болдоггүй гэдэгчлэн хэдийнэ тохироогоор сайдын суудалд суухаар болсон гэдгээ "ам бардам" зарласан түүний энэ үйлдэл нам доторх маргааныг улам хурцатгасан байж мэднэ.
Үүгээр ч зогсохгүй Б.Бат-Эрдэнийг Засгийн газрын зарим сайд нар ч мөн дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
ЗГХЭГ-ын дарга болно гэдэг уул шугамандаа Ерөнхий сайдынхаа гал тогоог барьж, галыг нь манах учиртай албан тушаал. Гэтэл хаана, хэнд, юу ярихаа ч мэдэрч чадахгүй байгаа түүнд уг жолоог атгуулна гэдэг эрсдэлтэй алхам.
Ж.Батжаргалын хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй. Түүнийг Б.Бат-Эрдэнийг эсэргүүцсэн гишүүд дэмжсэн байх магадлалтай. Уг томилгоог энэ баасан гарагт УИХ-д танилцуулах бөгөөд энэ хүртэлх албан ёсны шийдвэр хэрхэн гарах нь анхаарал татах явдал мөнөөс мөн.
Ерөнхий сайд Н.Учрал өөрийн кабинетад хэнийг нэмэх нь түүний шийдвэр. Харин түүний танилцуулсан Б.Бат-Эрдэнэ намдаа ч, кабинетын гишүүдэд ч тэр үнэлэгдэж чадахгүй байгаагийн улмаас ийнхүү өөр нэр яригдаж эхлээд байна.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.