
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шахалт, дэмжлэгийн дараа “Nvidia” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хамтран үүсгэн байгуулагч Женсен Хуангийг гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томиллоо. Түүний хувийн амьдралтай холбоотой дуулианы улмаас огцорсноос хойш долоо хоног хүрэхгүй хугацааны дараа гарсан энэхүү шийдвэр Уолл Стритийн хөрөнгө оруулагчдаас дэмжлэг авсан ч АНУ-ын хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгарчээ.
Хуангийн эргэн ирэлт хиймэл оюун ухааны салбарт томоохон өөрчлөлт авчирлаа. Учир нь Nvidia нь тус салбарыг чипээр хангахаас гадна дэд бүтцийн асар их хөрөнгө оруулалтад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гол компаниудын нэг юм.
Гэвч компанийн ТУЗ өмнөх байр сууриасаа огцом буцсан нь засаглалын бие даасан байдалд эргэлзээ төрүүлж байна. Тус компанийн ТУЗ-ийн дарга Харви Жонс долоо хүрэхгүй хоногийн өмнө Хуангийн хувийн үйлдэл компанийн ёс зүйн дүрэмтэй нийцэхгүй байгаа тул түүнийг гүйцэтгэх захирлаар дахин томилохгүй гэж мэдэгдэж байсан юм. Энэ асуудлаарх компанийн дотоод шалгалт хараахан дуусаагүй байгаа аж.
Хувьцааны ханш 31.5 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь огцом нэмэгдэв
Хуангийн эргэн ирэлт хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлж, Nvidia-ийн хувьцааны ханш арилжааны төгсгөлд 31.5 хувиар өсжээ. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ бараг нэг их наяд ам.доллароор нэмэгдэж, Apple-ийн дараа дэлхийн зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт бичигдэх байр сууриа дахин эзэлсэн байна.
Гэсэн ч арваннэгдүгээр сарын 12-нд Хуанг огцорсноос хойш хувьцааны ханшид үүссэн бүх алдагдлыг бүрэн нөхөж чадаагүй аж.
Nvidia-ийн мэдэгдэлд АНУ-ын Засгийн газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Хуангийн эргэн томилогдсон нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэж ТУЗ үзэж буйг онцолжээ. Ерөнхийлөгч Трамп мөн CNBC-д өгсөн ярилцлагадаа энэ байр суурийг дэмжсэн байна.
Хуанг эргэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, ажилдаа эргэн орохыг тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгджээ. Түүнийг компанийн төв байранд ирэхэд ажилтнууд нь баяртайгаар угтсан байна.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтын салбарын зарим мэргэжилтэн уг шийдвэрийг АНУ-ын компаниудын засаглалын зарчимд сөргөөр нөлөөлөхүйц үйл явдал гэж дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар, тухайн удирдах албан тушаалтан хэтэрхий нөлөө бүхий хүн болсон тохиолдолд компанийн ёс зүйн стандарт ижил тэгш үйлчлэх эсэх асуудал үүсэж байна.

АНУ-ын Конгрессын хоёр намын хууль тогтоогчид Хуангийн эргэн томилогдсоныг эсэргүүцэж, Хятадад шилжүүлэх эрсдэлтэй, хууль ёсоор экспортолсон дэвшилтэт чипүүдийн урсгалыг хянах зорилготой “Чипийн аюулгүй байдлын тухай хууль”-ийг батлахыг уриалжээ.
Сенатын цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер Трампыг үндэсний аюулгүй байдлаас илүү өөрийн санхүүгийн ашиг сонирхлыг урьтал болгож байна хэмээн шүүмжилсэн бол Бүгд найрамдах намын сенатор Пит Рикеттс Nvidia-д үндэсний аюулгүй байдлын асуудлаар тайлбар өгөх шаардлага хэвээр байгааг мэдэгдсэн байна.
Трамп Хуангийн эргэн ирэлтэд гол үүрэг гүйцэтгэжээ
Хуанг Трамп, “Tesla”-гийн тэргүүн Илон Маск зэрэг салбарын нөлөө бүхий хүмүүс болон зарим хөрөнгө оруулагчийн хүчтэй дэмжлэгийн дараа албан тушаалдаа эргэн ирсэн байна.
Түүний огцролт Цахиурын хөндийгөөс Тайвань хүртэлх технологийн салбарт хүчтэй нөлөөлсөн бөгөөд түүнийг эргэн томилуулахыг шаардсан цахим өргөдөлд 180 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.
Трамп CNBC-д өгсөн ярилцлагадаа “Женсен Хуангийг Nvidia-д эргүүлэн авчрахад миний оролцоо маш чухал байсан гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, Трамп 2025 оны жилийн санхүүгийн мэдүүлэг болон 2026 оны хувьцааны арилжааны мэдээллээс харахад Nvidia-ийн 11-55 сая ам.долларын үнэ бүхий хувьцаа эзэмшдэг аж. Даваа гарагт компанийн хувьцааны ханш огцом өссөнөөр Трампын хөрөнгө 17 сая ам.доллар хүртэл нэмэгдсэн байх боломжтой гэж тооцоолжээ.
Харин Цагаан ордны төлөөлөгч Ерөнхийлөгчийн хувьцаа, бондын багцыг хараат бус санхүүгийн байгууллагууд удирддаг бөгөөд Трамп болон түүний гэр бүлийнхэн хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Хятадын зах зээл NVIDIA чухал хэвээр байна
Хуангийн эргэн томилогдсон үе нь Nvidia-ийн Хятад руу чиглэсэн хиймэл оюун ухааны дэвшилтэт чипийн нийлүүлэлт АНУ-ын эрх баригчдын анхаарлын төвд байгаа цаг үетэй давхцаж байна.
АНУ-ын эрх баригчид Хятадын компаниудад зориулсан зарим чипийн нийлүүлэлт болон гадаадад байрлах дата төвүүдэд тавих экспортын зөвшөөрлийн шаардлагыг чангатгасан. Харин Хятадын зах зээлд илүү өргөн нэвтрэхийг дэмжиж ирсэн Хуанг энэ асуудлаар АНУ-ын Сенатын сонсголд оролцохоор тохиролцжээ. Тус сонсгол арванхоёрдугаар сарын 3-нд нээлттэй хэлбэрээр болох аж.
Трамп өнгөрсөн долоо хоногт Шэньжэнь хотод айлчлах үеэрээ Хуангтай холбоотой асуудлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцсан гэдгээ мөн мэдэгджээ.
Reuters агентлагийн өмнө нь мэдээлснээр, Хуангийн огцролт Nvidia-ийн Хятад дахь бизнесэд эрсдэл учруулсан байна. Тус улсын зарим хэрэглэгч захиалгаа цуцлах эсвэл хойшлуулахад хүрч, улмаар компанийн хэдэн тэрбум ам.долларын орлого эрсдэлд оржээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газар Хуангтай холбоотой дуулианы төвд нэр дурдагдсан үүлэн тооцооллын компанитай бизнесийн харилцаатай байсан Alibaba-гийн Сингапур дахь охин компани болон Хуангтай холбоотой асуудалд нэр холбогдсон Megaspeed компанийг худалдааны хар жагсаалтад оруулсан байна.
Alibaba тус охин компани нь экспортын хязгаарлалтад хамрагдсан чипүүдийг хууль бусаар шилжүүлсэн гэх мэдэгдлийг үндэслэлгүй гэж няцаажээ. Megaspeed компани ч мөн үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу явуулж, АНУ-ын экспортын хяналтын журмыг мөрдөж ирсэн гэж өмнө нь мэдэгдсэн байна.
Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг тус улсын эрх баригчид Megaspeed компанитай холбоотой шалгалтыг үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

NVIDIA-тай холбоотой хэд хэдэн шалгалт үргэлжилж байна
Nvidia-ийн ТУЗ Хуанг гадаадын тагнуулын байгууллагын нөлөөлөл, ажиллагааны бай болж байсан эсэхийг шалгах тусгай хороо байгуулжээ. Мөн үндэсний аюулгүй байдал болон экспортын хяналтын асуудлыг тусад нь судлах хороо ажиллуулж эхэлсэн байна.
Үүнээс гадна компанийн санхүүгийн тайланд зөрчил гарсан эсэх, чипийг хууль бусаар хил давуулсан байж болзошгүй асуудлаар хэд хэдэн шалгалт үргэлжилж байгаа аж.
Хувьцаа эзэмшигчид ч компанийн эсрэг нэхэмжлэл гаргажээ. Тэд Nvidia болон Хуанг Хуангийн хувийн харилцаатай холбоотой мэдээллийг нуун дарагдуулж, хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлсэн гэж буруутгасан байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.