/2022.12.06/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.
Тэрээр:
-Монгол Улс өнөөдөр Чингис бондын мөнгийг бүрэн төлж дуусч, Хөгжлийн банкны үлдэгдэл чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондын өрийг тэглэх бүрэн боломж бий боллоо.
Түүнчлэн өчигдрийн жагсаалтай холбоотой шаардлагуудад хариу өгөх нь зүйтэй гэж бодож байна. Жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагыг нэгтгэж, 14 иргэний нийгмийн байгууллага, бусад гэсэн шаардлага ирсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал. Хөгжлийн банкны өрний нэг хэсэг нь өнөөдөр төлөгдөж байна.
Тухайн үед бонд босгохдоо бидний хойч үе төлнө гэсэн, Монгол Улсын хөгжлийг боймилсон асуудал болсон. Үүнээс эхлэн хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцохоор өмнөх болон одоогийн Засгийн газар амаргүй нөхцөлд тэмцэл хийсэн. Оюутолгойн гэрээг Арбитрт өгсөн гэдгийг мэдэгдэж, ирээдүйд үүсэх өрийг дарж чадах болов уу, Рио-Тинто компанитай хэрхэн ажиллах бол гэх мэтэжр иргэд эргэлзэж байх үед гэрээг цуцлах асуудлыг би хөндөж гаргаж байсан.
Үүнийг олон нийт маш сайн дэмжиж, өнөөдөр бодит үр дүнгээ өгсөн. Өнөөдөр 34 хувийн асуудал шийдэгдсэн, монголчууд өргүй болсон далд уурхайн бүтээн байгуулалт цаг хугацаандаа эхлэх зэргээр бодитой үр дүнд хүрсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн анхны схемийг хэвлэлийхэнд задалж, ярьж байсныг санаж байгаа байх. Тус үйлдвэрт Онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, цар тахлын хүнд үед үр дүнгээ өгч ажилласан. Төрийн мөнгөөр Засгийн газрын худалдаж авах давуу эрхээс татгалзаж, хувийн компанид өгөх гэсэн асуудал өнөөдөр эцэслэгдээд шийдэгдсэн. Одоо шүүх дээр эцэслэх шаардлагатай байгаа. Буруу, зөрүү тайлбарлаад байгаа болохоос хувийн хэвшил рүү халдаж байгаа үйлдэл биш Хөтөл, Дархны төмөрлөгийн цаана байгаа компанид Монголбанк, Хөгжлийн банкны эх үүсвэрүүдтэй холбоотой асуудал бий.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлэн авч чадах эсэх асуудал шийдэгдсэн ч амар байгаагүй. Хөгжлийн банкны чанаргүй зээл жилийн өмнө яригдаж эхэлсэн. Өнөөдөр 805 тэрбум төгрөг төлөгдсөн, оны эцэст нэг тэрбум төгрөг хүрнэ гэж тооцож байна.
Заримдаа гацсан зүйл олон нийтийн дэмжлэгээр гацаанаа гардаг асуудал гэж бий. Хөгжлийн банкны асуудлыг ОУВС болон холбогдох албаныхан дампуурна гэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байсан. Хөгжлийн банкаа дампууруулах уу, олон нийтийн дэмжлэг авах гэдэг сонголттой байсан.
Саяхан Тавантолгойтой холбоотой асуудлыг тавьсан. Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудал үүсээд удсан байсан. Яагаад Гашуунсухайтын төмөр зам гацсан, тээвэрлэлтийн машины ард ямар эзэн бийг, энэ хүмүүс нийлэхээрээ ямар хүч хуримтлуулж чаддаг вэ гэдэг олон асуудал бий. Борлуулалтын 178 гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу, энэ замд байгаа компаниудын ард ямар хүмүүс байдаг, тендерт яаж шалгарсан, оптек гэрээний нууцлалтай холбоотой асуудлыг илүү бизнесийн зарчим руу оруулах асуудал бий. С зөвшөөрөл олгогддог байдал хэрхэн явдаг, дугаарлалт дээр ямар асуудал байгаа, бөмбөлөг тээвэрт ямар, хэний машинууд явдаг зэрэг олон асуудал бий. Энэ дунд зохицуулалт хэрхэн хийгдэж, тэнд ажиллаж байгаа хил, гаалийн байгууллага, орон нутгийн удирдлагууд Хятадад өгч байгаа мэдээллийн тоо зөрж байна уу, энэ зүйлд албан тушаалтнууд үгсэн хуйвалдсан асуудал үүссэн. Энэ асуудлуудыг гаргаж тавих нь зүйтэй гэж үзэж зургаан сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосон. Энэ мэдээж хамгийн амаргүй нөхцөл. Тиймээс хугацаа шаардаж, том цар хүрээнд ажиллах шаардлага үүсч, АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллага хамтарсан баг ажиллаж, БНХАУ-ын талтай тулгалт хийж байна. Нүүрс холбоотой шалгагдаж байгаа нарийн мэдээллийг санаатай, санамсаргүй тайлбарлаж, юу ч биш болгож өнгөрөөх далд сонирхол нуугдаж байна. Жагсагчдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, шаардлага тавьсан. Ирсэн саналуудын дийлэнх нь нүүрстэй холбоотой асуудлыг эцэслэн шийдэж, хариуцлага тооцох ёстой гэсэн байсан. Тавантолгойн асуудлыг бид шийдэж чадна, олон нийт маань эргэлзэх хэрэггүй. Олон нийт Засгийн газартай хамт анхаарч байгаарай.
Бид дөрвөн ч удаа хуулийн байгууллагатай уулзаж, мэдээлэл авсан. Гэхдээ нэлээд том хэмжээний шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 9000 мянган жолооч, 70 гаруй төрийн албан хаагч, компаниудын эзэд шалгагдаж, удахгүй эхнээсээ үр дүн гараад шийдэгдээд явна.
Үзэл бодлоо илэрхийлсэн залуучууддаа Хөгжлийн банкны асуудал шиг дэмжлэг ирж байгаад талархаж байна. Энэ асуудал олон нийтийн асуудал болсон учраас энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэж итгэл төрсөн, Ерөнхий сайдын хувьд. Өчигдрийн жагсаал үдээс хойш нүүрсний хулгайчид өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Эрдэнэ Тавантолгойн хуучин удирдлага, оюутны холбооныхон жагсаалын зорилгыг өөрчлөх гэж оролдсон. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та бүхэн нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно, Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Үүнийг жагсаал зохион байгуулсан зарим нэг нүүрсний хулгайчдад хандаж хэлмээр байна.
Хоёрдугаарт, өчигдрийг залуучуудын тавьсан санал дотор 14 иргэний нийгмийн байгууллагаас тогтолцооны өөрчлөлтөө хийхгүй юм уу гэсэн шаардлагууд тавьсан байна. Үүнийг нилээдгүй удаан хугацаанд бодож, холбогдох хүмүүстэй ярилцсан. Монголд 30 жил энэ тогтолцоогоор явлаа, хүн ам өссөн, өнөөдөр шулуухан хэлэхэд парламентын төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Олон дагагчтай сошиал инфлүүсэр парламентын гишүүнээс илүү иргэдийг төлөөлөх ийм нөхцөл рүү дэлхий алхаж байна. Парламентын засаглал бол хураангуй ард түмнийг сонгох.
Парламент хүлээн зөвшөөрөгдсөн, сонгууль хүртэл иргэдийн төлөөлөл орох, иргэдийн мэргэжлийн болон ялгаатай байдлыг төлөөлөх, нийгмийн давхаргыг, цөөнхийг төлөөлөх зэрэг олон асуудал дээр парламент ард түмний нийлбэр байх ёстой. Жижиг улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг ч хоёр том нам дээрээ сонгууль явдаг. Дэлхий дээр шинэ хүчтэй тоглогч нар гарч ирж байна.
Энэ тохиолдолд гадна, дотны тусгай албаны идэвх үйл ажиллагаа, гадаадад гарч байгаа цаг хугацаа болон стратеги идэвхжиж өөрчлөгдөх ийм цаг үе ирж, цар тахлын дараа геополитикийн асуудал шинэ зүйлийг авчирч байна. Хоёр хөрштэй ч парламентын засаглалтай ардчилсан улс, бид. Энэ нөхцөл байдал цаашид удаан хугацаанд үргэлжлэх нөхцөл байдал руу явж байна. Цаашдын 30 жилд Монгол улс аюулгүй байдал, тусгаар тогтнолоо ханган хэрэгжүүлж чадна гэж Ерөнхий сайдын хувьд үзэж, бодож байсан. Хоёр удаа амаргүй жагсаал зохио байгуулагдсан. Эдийн засаг ийм байхад нийгэмд бухимдал байгааг би ойлгож байна. Хаврын жагсаал дээр жагсагчидтай уулзсан. Гэхдээ саяны жагсаалын дараа Монгол Улс том агуулгаар нь харж, улс төрийн намуудтай зөвшилцөж, гал унтраах байдлаар явсаар эрх зүйт төрд аюул учрах, засаглалын хэлбэр солигдох хэмжээний эрсдэл үүсэх вий гэж санаа зовж эхэлсэн. Тиймээс өчигдрийн жагсаалд оролцсон хүмүүсийн тавьсан саналд эрх барьж байгаа намын даргын хувьд өргөн цар хүрээнд харж, үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байна.
Намын Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, энэ нөхцөл байдлыг нээлттэй, улс төрийн намын удирдлагуудтай, иргэний нийгмийн төлөөлөл, жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, ярилцах эрхийг бий авсан.
Бид далайн гүнд байгаа 2 хувийг харахгүй, зөвхөн цухуйж байгаа асуудлыг хараад дүгнэлт хийж болохгүй. Бид бүх асуудалд дүгнэлт хийж, ирээдүйд зөв чигт явах трендийг үүсгэх ёстой. Үүнийг бид өөрчлөхгүйгээр ямар ч дарга ирээд өөрчлөгдөхгүй, иймэрхүү байдалтай удаан байвал бөөнөөрөө л хоцорно. Энэ агуулгаар жагсагчдын хоёр дахь асуудал болох Улс төрийн намын холбогдох удирдлагуудтай уулзалт хийнэ. Нийгэм үүнийг том агуулгаар нь хүлээж зөвшөөрч байгаа тохиолдолд Ерөнхий сайд манлайлан ажиллана. Үүнээс хүнд нөхцөлд орвол Монгол Улс яах вэ гэж том алхам хийх ёстой. Энэ томоохон шинэчлэл хийсэн тохиолдолд дахин сонгууль хийх боломжийг ард түмэндээ Ерөнхий сайдын хувьд олгох ёстой гэж бодож байна.
Үндсэн хуультай холбоотой шинэчлэлийг хийж, өнгөрсөн хугацаанд явж ирсэн тэмцэл, бодлогууд цаашаа үргэлжлээсэй гэж хүсч байвал ард түмэн сонголтоо хийж, дүнгээ тавиач гэж хүсэж байна. Үүнийг л сонгодог парламент гэдэг.
Сонгодог парламент бол асуудлаа шийдэх чадамжтай байх хэмжээний Засгийн газар, Ерөнхий сайд гэдэг. Үүнийг улс төрийн намууд, парламентын гишүүд дэмжих байх. Гал унтрааж явж байснаас том асуудлаа шийдээд явъя гэв.