Социалист реализм гэдэг нь Зөвлөлт Холбоот Улсын (бидний мэдэх социалист Орос улс) үндсэн урлагийн чиглэл байсан.
Энэ нь 1932 оноос албан ёсоор үүсч зөвхөн ЗХУ-д биш, социализм бүтээх гэж оролдож байсан Хятад, Монгол улсуудад ч үндсэн урлагийн чиг болон хөгжих болсон. Гол таних тэмдэг нь мэдээж коммунист итгэл үнэмшлийг илэрхийлж, ажилчин ангийн цэцэглэн хөгжиж байгааг дүрслэхэд оршиж байлаа.
Хөхөө гэрлэх дөхлөө 1962
Соц реализм нь өөрийн онцлог дүрслэл илэрхийлэмжтэй. Хараад шууд санаа нь ойлгогдох санаагаа илт илэрхийлэх чанартай. Мөн ямарваа нэгэн олонлог, далд утга, тайлал агуулдаггүй байсан. Ажилчин ангийг зураглалдаа түлхүү ашиглаж байгаа нь илт. Энэ нь Ленин, Сталины үеэс баримталж байсан: "Намын зохиолчид л байх болно”, “соёлтой” супер зүйл хэрэггүй, энгийн ажилчдын сайн сайхныг л илэрхийлэх зорилготой идеологи дээр суурилж байсан.
Цаашлаад дээд гэх зиндааг устгаж, класс ангигүй байхыг сурталдаж байгаа ч, артынхаа хувьд цэвэр класс анги давхарга дээр суурилсан үзэл сурталтай. Нэг талаараа мөн авторитари реализм юм. Өөрөөр хэлбэл ахисан түвшний пропаганда.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч, 2021 онд
Соц реализм нь кино урлаг руу түлхүү орж байсан. Цаашид сонирхвол Хятад, Орос, Монгол кино үзэж номлолыг нь харьцуулж харах нь сонирхолтой байдаг шүү. Мөн гол дүрд нь ямар нэгэн цуцашгүй ажилтанг дүрслэнэ. Жишээ нь Хөхөө гэрлэх дөхлөөгийн (1962) Хөхөө нь ажлын төлөө төрсөн, өөдрөг мятрашгүй нэгэн.
Хөхөө гэрлэх дөхлөө, 1962
Энэхүү жижиг бичвэртээ гол нь соц реализмын гайхамшигт алсыг ширтэлтийг оруулахыг хүслээ. Танд Ленин юмуу Сталины хөшөөг төсөөл дөө гэвэл, тэдний цэх зогсож алсыг ширтэж байгаа байдал нь шууд нүдэнд төсөөлөгдөх байх. Тэдний тэрхүү харц нь юу илэрхийлж байгаа вэ гэхээр:
Ухаалгаар, ойр байгаа ирээдүй рүү ширтэх. Ирээдүй бидний мэдэлд байгаа гэх итгэл төрүүлэх зорилготой. Одоо байгаагаа хаях нь хэцүү байгаа ч, бид өөрчлөлтийг бүтээж байгаа алсын зорилготой. Бидний алс руу харцаа шидэх зогсолт нь хүртэл итгэл дүүрэн.. (яагаад гэвэл нийгэм дэмжиж байгаа).. г.м (бичсэн чинь омогшиж байна)
Ирээдүйд итгэх итгэл суулгаж, мөн эргэн тойронд энэхүү урлагийн дүрслэлийг олон байршуулснаар хүнд дотно мэдрэмж төрүүлнэ. Хамгийн сонин нь энэхүү алсыг ширтсэн дүрслэлийг орчин үед ардчилсан Монгол улсад улс төрийн арт болгон ашиглаж, ахин амилуулаад байдаг нь үнэхээр гайхалтай (copy paste-ээс салъя л даа).
Монгол кино урлагт ч соц реализмын алсыг ширтэх үзэгдлүүд нь зөндөө. Жишээ нь:
Нүгэл буян (1963) кинонд хуучин үеийн эмэгтэйн төлөөлөл болох То хуар маань эдийн шуналдаа хөтлөгдөн өтөлж байхад, “ариухан эмэгтэйн” дүр Мядагмаа ээжийгээ ч хаях сэтгэлийн тэнхээ сууж, алсыг ширтэн сайн сайхан ирээдүйг төсөөлнө… (соц үеийг бүтээх үлгэр жишээ хүн)
Мядагмаа (Нүгэл буян, 1963)
Найдан ч олон жил итгэж, амьдралаа зориулж байсан сүм хийдээ жигшин орхиж, сайхан ирээдүй рүү итгэл дүүрэн явна.
Найдан (Нүгэл буян, 1963)
Сэрэлт (1957), Орос эмч маань маарамбын хорон санаат үйлдлээс амьд гарч, мөн нутгийнхны хуучны дадал заншил өөрчлөгдсан тул орос эмч маань алсыг харан киногоо дуусгадаг. Үүнд мөн лам нарыг хэрхэн дүрсэлж байсан нь мэдээж стратегитэй пропаганда. Лам нарын талаарх иймэрхүү төсөөлөл нь нийгэмдээ нийтлэг болон үлдсэн байдаг нь мөн соёлын хувьд харамсалтай.
Орос эмч (Сэрэлт, 1957)
Lin (Song of youth, 1957)
Хятадын Song of Youth (1957) кино дээр Лин авхайн алсыг ширтэх тэр мөч нь маш хүчтэй симболик маягийн реторик явагдаад байх шиг байгаа юм. Тэрхүү ширтэлт дундуур нэгэн алсад намирч байгаа том далбаа хальт гарч ирнэ, эргээд камер Лин авхайн нүүрэн дээр бараг эротик мэт төвлөрнө…
Lin (Song of Youth, 1957)
манайд ч мөн далбаа оруулсан ширтэлт бүхий зураглал бий:
Эх сурвалж: hariad.medium.com