/2023.1.03/: Нийгэм судлаач эрдэмтдийн хийсэн удаа дараагийн судалгаанд манай улсад төрийн бодлого төлөвлөх, боловсруулах, батлах, хяналт тавих шатуудад иргэдийн оролцоо хангалтгүй гэж дурдагдаж иржээ.
Тиймээс УИХ-ын D-өргөдөл цахим систем нэвтрүүлснийг зөв зүйтэй алхам гэж үзэж байна. Харин төрийн бодлого боловсруулах энэ бүх шатанд иргэдийн оролцоог хангах төрийн үйл ажиллагааны аргачлалыг бий болгох нь зөв гэсэн саналыг дэвшүүлж байна.
Энэ талаар Д.Рэгдэлээс дараах тодруулгыг авлаа
-Нийгэм судлаач эрдэмтэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах шатанд иргэдийн оролцоо ямар түвшинд байгаа талаар удаа дараа судалгаа хийж иржээ. Гаргасан дүгнэлтээс танилцуулаач?
-Нийгэм судлаачид төрийн бодлого төлөвлөх, боловсруулах, батлах, хяналт тавих шатуудад иргэдийн оролцоо хангалтгүй байсаар ирсэн гэсэн дүгнэлт гардаг. Зарим асуудал дээр ёс төдий байна гэдэг дүн гарсан. Энэ бол судалгаанд суурилсан дүгнэлт юм. Харин сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд УИХ-аас хууль боловсруулах үе шат болон хэлэлцүүлгийн явцад иргэдээ татаж оруулахын тулд D-parliament системийг бий болгож, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиуд ямар шатанд байгаа, хэдийд нь саналаа өгч болох вэ гэдгийг нийгмийн нэлээд хэсэг нь мэдэж авлаа. Тодорхой хэмжээнд оролцож байгаа нь их сайн хэрэг. Нөгөө талаар иргэд төртэйгөө харилцах хамгийн өргөн, хамгийн түгээмэл хэлбэр бол татварын тогтолцоо юм.
Татвараар дамжиж төр иргэн холбоотой байдаг. Гэтэл энэ татвараар дамжсан харилцааг төрийн бодлого хэрхэн авч тусгаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга зам манай улсад хаалттай шахам, түүний учрыг нь олоогүй өдий хүртэл яваад байгаа юм л даа.
Сая НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор D-parliament-ын системээр дамжуулан иргэдийн саналыг авахад маш богино хугацаанд 100 мянга гаруй хүн саналаа өгсөн. НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгоё гэдгийг дэмжсэн 100 гаруй мянган санал гэдэг нь 2 сая орчим сонгогчтой манай улсын хувьд маш өндөр тоо. Энэ бол яах аргагүй ард түмний сонирхлыг татсан, эрх ашгийг хөндсөн асуулт гэдэг нь харагдаж байна. Нөгөө талаас тодорхой хэмжээний татвар нэмэх хасахтай холбоотой иргэдээс санал ороод ирвэл шийдвэрлэх анхдагч алхам нь энэ удаагийн шийдвэр байх нь. Тиймээс манай нийгэм судлаачид төрийн бодлого боловсруулах энэ бүх шатанд иргэдийн оролцоог хангах төрийн үйл ажиллагааны аргачлалыг гаргах нь зүйтэй гэсэн саналыг тавьж байгаа юм.
Энэ аргачлалаараа дамжуулж иргэдийнхээ мэдлэгийг дээшлүүлж, тэдний ухамсартай, мэдлэгтэй, оролцоог төр хүлээж авч байх үүрэгтэй гэж үзнэ.
- 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” нийтийн өргөдлийн талаар та сая яриандаа дурдлаа. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Та үйл явцад ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Нийгэм судлаач эрдэмтэд төрийн бодлого боловсруулах үйл явцын ямар шатанд иргэд оролцож чадахгүй байна вэ гэдгийг системтэй судалж байна. Хамгийн мэдлэг, мэдээлэлтэй судлаачийн түвшний оролцогчдын дунд явуулсан судалгаанаас харахад хууль батлах шатанд иргэдийн оролцоо туйлын хангалтгүй гэж 60 гаруй хувь нь хариулсан. Бодлого боловсруулах түвшинд хамгийн сайн оролцоо хаана байгааг судлаад үзэхээр ахмадын оролцоо хангалттай сайн гардаг. Гэтэл нийгмийн хөдөлгөгч хүч болоод явж буй залуусын оролцоо байнга дутмаг гарч ирдэг.
Ийм учраас төрийн зүгээс иргэдийн оролцоог хангахын тулд бололцоотой бүхнийг хийгээд явбал төрийн бодлого ч оновчтой болно. Ард түмэн нь төрөө хүлээн зөвшөөрөх байдал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр нийгэм тогтвортой байна. Ялангуяа давалгаалж үүсдэг элдэв бухимдал үүсэхгүй байх боломж байна гэж нийгэм судлаачид дүгнээд байгаа юм. Энэ чиглэлээр эрдэмтэд төр засагтайгаа хамтарч тодорхой дүгнэлт, аргачлал боловсруулж байна. Эрдэмтдийн бий болгосон одоо байгаа судалгааны эх материалыг төр ашиглах ёстой.