/2023.10.27/: 2023 оны аравдугаар сарын 26-ны байдлаар “D-Өргөдөл”-д ДАН систем буюу цахим гарын үсгээр баталгаажсан 389 иргэн нийт 453 нийтийн өргөдөл санаачлаад байна.
Тэдгээрээс 48 иргэний 48 өргөдөл холбогдох шаардлага хангаж, нийтлэгдсэн бөгөөд эдгээр өргөдөлд нийтдээ 302,795 иргэн дэмжиж саналаа өгчээ.
Өнөөдөр тус системээр дамжуулан иргэдээс санал авсан НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг 5 хувь болгож нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Өнгөрсөн хугацаанд нийгэмд хэлэлцүүлэг идэвхтэй өрнөсөн уг асуудлаар УИХ-ын дарга “Хоёр хувийг 5 хувь болгосноор төсөвт нэмэлт зардал гарах ч, орлого тал дээр нэмэлт орлого орж ирэх бололцоотой. Нуусан орлого нэмэгдэхээр зөвхөн НӨАТ-ын орлого биш, бусад татварын орлого ч үүнийг дагаад нэмэгдэнэ. Гэтэл энэ нэмэгдэх орлогыг ярилгүй, зөвхөн зөвхөн зардал талаас нь харж өрөөсгөл ойлголт төрүүлж болохгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн дараах ач холбогдлуудыг онцлов.
Нэгдүгээрт, Иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүртгүүлэх сэдлийг нэмэгдүүлж, тэр хэрээр далд эдийн засаг ил болно.
Монгол Улсын далд эдийн засгийн ДНБ-д эзлэх хувь ҮСХ-ны тооцооллоор буурч байгаа боловч судлаачдын үзэж байгаагаар өндөр хэвээр байна. Дэлхийн банк, ОУВС, Монголбанкны судлаачдын хийсэн судалгаагаар далд эдийн засгийн хэмжээ 16.5-22.5 хувь байна гэсэн дүн гарсан. 2022 оны байдлаар 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад бүртгүүлжээ.
Улаанбаатар хотын 15 худалдааны төвийн 279 цэгээс авсан тандан судалгаанаас үзэхэд худалдаа эрхлэгчдийн 53.0 хувь нь И-баримт өгдөг байна. Тэгэхдээ И-баримтыг зөвхөн иргэд шаардсан тохиолдолд, эсвэл үнийн дүн өндөртэй бараанд л ихэвчлэн өгч байгаа нь тогтоогдсон. Тэднээс асуулга асууж ярилцахад сүүлийн үед НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор иргэд баримт шаардах явдал нэмэгдсэн учир И-баримтын олголт нэмэгдэж байгаа гэж ярьсан. Зөвхөн энэ мэдээлэл ард иргэдийн санхүүгийн боловсрол дээшлэхэд нөлөөлж байгаа юм чинь далд эдийн засгийг бодит болгох ямар боломж гарахыг харах ёстой.
Хоёрдугаарт, төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ. Өнөөгийн байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 34.9 хувь нь И-баримтад бүртгүүлсэн байна. 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай, НӨАТ төлөгч биш 4292 хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа бөгөөд тэдний нийт борлуулалт 2022 онд 1.9 их наяд төгрөг байжээ. Мөн 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай 5.4 мянган аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байна. Тэдний нийт борлуулалт 2022 онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр юуны өмнө татварын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэнэ.
Гуравдугаарт, иргэдийн засаглах эрхээ хэрэгжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох, тухайлбал, татварын боловсрол, мэдлэгээ тэлэх сайхан боломж бий болж байна. D-parliament, D-Өргөдөл цахим системийг ашигласнаар иргэд маань маш чухал ойлголт, мэдээллийг авч чадлаа. 30.000, 70.000, 100.000 иргэн нэгдэж, саналаа өгвөл ямар ажиллагаа хийгддэг, ямар боломжууд байдгийг мэдэж авлаа. Энэ боломжийг үр дүнтэй ашигласнаар татварын шударга орчин бий болж, иргэдийн хэвтээ хяналт, оролцооны үр дүнд авлига, хууль бус үйлдэлтэй тэмцэх шинэ хөшүүрэг бий болно. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх энэ санаачилгыг дэмжиж байгаа, ардын иргэдийн хөдөлгөөнийг дэмжиж байгаа, шударга бус үйлдлүүдтэй тэмцэхийг дэмжиж, урамшуулж байгаа хэлбэр гэж хэлж болно.
Эх сурвалж: УИХ