/2022.06.27/: БОАЖЯ-аас санаачлан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км, нийт 37.9 км хатуу хучилттай автозам барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Автозам барих ажилд шаардлагатай дайрга шороог Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны 166 дугаар тогтоолын дагуу Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал, ашиглуулах тухай” гэрээний хүрээнд өмнө нь эвдрэлд орсон зургаан байршлыг сонгон авсан ба автозам барих ажлын төлөвлөгөөний дагуу холбогдох байршлуудаас тохирох дайрга шороог тогтоосон тоо хэмжээгээр олборлон ажиллаж байна.
Автозам барилгын ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасны дагуу олборлолт хийсэн талбайд тухай бүр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Эхний ээлжинд 1000 м3 дайрга шороо олборлосон нэг байршлын 1.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн байна. Цаашид тус талбайд биологийн нөхөн сэргээлтийг төлөвлөсний дагуу хэрэгжүүлэн ажиллах аж.
Хөвсгөл аймгийн Хөсвгөл нуурын байгалийн цогцолбор газарт хэрэгжүүлж буй автозамын төсөл ашиглалтад орох хүртэл барилгын ажилд ашигласан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн бүрэн хийж, орон нутагт албан ёсоор хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Эх сурвалж: БОАЖЯ