/2022.06.23/ Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг говил уулын ар бэлээс Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ.
Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын 2 дугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байгаа аж. Мөн энэ сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргажээ.
Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор ажээ. Мөн Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог байдаг байна.
Малтлагын ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байгаа аж. Одоогийн байдлаар бунхны хаалганы дотор талаас 1 бүтэн тарвага, 2 араатан амьтан, 1 бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээллээ.
Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.
Дашрамд дурдахад Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж байна.