/2022.05.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг өөрчлөлтөөр системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах асуудлыг тусгасан юм. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "Засгийн газар ОУ-ын байгууллагуудтай зөвлөлдөж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны саналыг хэлэлцсэний үндсэн дээр энэ асуудлыг нухацтай оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, бид УИХ-аар 25,26 компанийн IPO 34 хувийг гаргахаар шийдвэрлэчихсэн. Хоёрдугаарт, цар тахал, дайны нөхцөл байдалд эдийн засгийн хувьд хумигдмал болж байна. Гуравдугаарт, банкууд бол бүгд IPO гаргахыг хүсэж байгаа. Харин ард иргэд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын тулд активын чанарын үнэлгээ хийх хэрэгтэй байгаа. Тиймээс энэ асуудлыг оруулж ирж байна гэж байнгын хорооны танилцуулгад дурдсан байна. Түүнээс биш IPO гаргах шийдвэрээс ухрахгүй, хэрэгжинэ" гэлээ.