/2021.11.10/ Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, "Хот суурин газрын иргэдийн өвөл, хаврын мах, махан бүтээгдэхүүний хэрэглээг хангах зорилгоор Засгийн газраас 100 тэрбум төгрөгний 3 хувийн хүүтэй арилжааны банкны зээлийг ААН-үүдэд олгохоор болсон. Одоогоор 81 тэрбум төгрөгний зээлийг мах бэлтгэдэг ААН-үүдэд олгосон байна. Эдгээр компаниуд 10,8 мянган тонн мах бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 5,5 мянган тонн нөөцийн мах бэлтгэгдсэн байна.
Хавар махны үнийн өсөлт, нийлүүлэлтийг тогтвортой байлгах тал дээр ажиллаж байна. Энэ хүрээнд 31 газарт мах худалдаалах ажлын зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнээс 7 цэгт тогтмол мах худалдаална. Үүнд, Хархорин, Амгалан гэх мэт захууд багтаж байна.
Харин өвлийн идэшний үеэр 22-ын товчооны 1000 машины зогсоол, төв цэнгэлдэх хүрээлэнд махны задгай худалдаа явуулна. Цаашдаа төрийн өмчит мах бэлтгэх компани байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Малын эрүүл мэнд, гарал үүслийн бичиг гэх мэт баримт бичгийг үндэслэн идэшний махыг борлуулна" гэв.
Мөн тэрбээр, "Нарийн ногооны үнэ өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад буурсан. Бид өмнө нь 350-370 тонн ногоо импортолдог байсан. Сүүлийн долоо хоногт үүний 1/3-ийг импортоор авлаа.
Зарим аймагт малын шүлхий, товруу гэх мэт өвчин гарсан. Малын хулгай, отор нүүдлийн улмаас малын халдварт өвчин гардаг. Тиймээс малчид зөвхөн аймаг дотроо л отор нүүдэл хийнэ" гэлээ.