
Орос, Украйны дайн дэгдээд хэдийнээ багаггүй хугацаа өнгөрч буй. Дэлхийн нөхцөл байдал хүнд, дайн дажинтай энэ цаг үед улсын гадаад харилцааны бодлого чухал цаг үе. Мөн энэ үед иргэнээ хамгаалсан бодлого алхмыг улсын Гадаад харилцааг хариуцсан яам нь хариуцах нь зүйн хэрэг биз ээ. Өнгөрөгч өдрүүдэд манай сайтын редакцид ээлж дараалан ОХУ-д гэрээт ажил хийлгэх гэх нэрийдлээр хууртагдаж, дайны талбар руу татагдсан иргэд хандсан билээ. Үүний дагуу манай редакц эрэн сурвалжилж тухайн улсад хорих лагер мэт барилгад гацсан иргэнтэй холбогдон нөхцөл байдлын мэдээллийг хүргэсэн байдаг.
Харин тус ярилцлага олон нийтэд цацагдсан даруй тухайн улсад байгаа иргэн И.Б рүү Консулын газраас холбогдож, дарамталсан гэж бидэнд мэдээллээ. Иймээс бидний зүгээс тухайн хүний аюулгүй байдал, нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, мөн ар гэрийн хүсэлтээр видео ярилцлагыг буулгаж байна.
Гэтэл Монгол Улсын Гадаад харилцааны яам, Консулын газар тухайн иргэнд яаралтай тусламж үзүүлэх ёстой атал утсаар дарамталж “Чи Монгол Улсын газар нутагт биш, Орос улсад байгаа шүү, аюулгүй байдлыг чинь бид хариуцахгүй” гэх зэргээр сүрдүүлсэн нь байж боломгүй алдаа байв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь уг асуудалд түүчээлэн дөнгөж насанд хүрсэн иргэнийг нэн даруй татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Харин Гадаад харилцааны яам, Консул хамтран хуулийн дагуу хэлэлцээ хийж, хууртагдсан иргэнээ даруй буцаах учиртай. Харин тэд иргэнээ дарамталж, сүрдүүлэхийг сонгов.
Манай сайтын редакцид дайнд татагдсан байж болзошгүй Д.Эрдэнэмөрөнгийн эхнэр, иргэн И.Б, мөн аав болон дүү нь ОХУ-д очоод холбоо тасарсан гэх иргэн нар хандсан. Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим Монгол Улсын иргэн байгаа гэж мэдээлсэн байдаг. Харин тухайн улсад байгаа иргэн И.Б-ийн мэдээлснээр арваас ч олон иргэн байх боломжтой гэж мэдээлсэн. Тэр ч байтугай нэг иргэн дайны талбарт буу үүрэн гарсан байх магадлалтай талаар хүртэл бидэнд хэлсэн байдаг юм. Ийнхүү Монгол Улсаас хуурамч ажлын зараар хууртагдаж ОХУ-ын дайн руу татагдсан байх боломжтой арваас олон иргэн байх боломжтой. Энэ бол Монгол Улсын иргэдийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй.
Монгол Улс даяар санамсаргүй тохиолдлоор хууртагдсан иргэдийг харааж зүхэх тохиолдол элбэг байна. Харин энэ асуудал харааж зүхэх гэхээс илүүтэйгээр мэдээллийг олон нийтэд дэлгэж, олон хүнд сэрэмжлүүлэх цаг үе. Энэ мэт мэдээгүйн үүднээс эрсдэлтэй нөхцөлд очсон иргэдийг айлгаж, сүрдүүлэхийн оронд иргэддээ нээлттэй мэдээлэл өгч, олон хүнд мэдээллийг хүргэх үүргийг Гадаад харилцааны яам, тэр дундаа сайд Б.Батцэцэг үүрэх учиртай.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.