
Mpress.mn сайтын редакцид ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх зарын дагуу тус улсыг зорьсон иргэн хандаж, тухайн улсын нэгэн цэргийн ангид гацаад байгаа талаараа мэдээлсэн. Уг мэдээллийг олон нийтэд дэлгэсний дараа манай сайтын редакцид ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр яваад сураггүй алга болсон гэх дөрвөн иргэний ар гэр холбогдоод байна.
Тохиолдол 1: Иргэн П.Б нь 18 настай хүү Б.Ч-ийн хамтаар ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр явжээ. Тэдний хийсэн гэрээнд 150 сая төгрөгийг гэрээ хийсний дараа олгож, сар бүр 3000 ам.долларын цалин олгоно хэмээсэн байх аж. Гэсэн ч гэрээнд дурдсан 150 сая төгрөг нь 60 сая болон буурсан талаар ар гэр нь мэдээлээд байгаа бөгөөд иргэн П.Б нь эхнэртэйгээ холбоотой байсан ч 20 гаруй хоногийн өмнөөс сураг тасарчээ.
Тохиолдол 2: Иргэн "н" нь хүүгийнхээ хамтаар жолооч хийхээр тус улсыг зорьжээ. Гэсэн ч мөн л 10 гаруй хоногийн өмнөөс холбоо тасарсан тул ар гэрийнхэн нь эрэн хайж эхэлсэн байна.
Дээрх дөрвөн иргэнээс гадна ОХУ болон Украины хил дээр дайны бэлтгэл сургуулилтад хүртэл оролцсон иргэний мэдээлэл болон нөхөр нь дайнд татагдсан байж болзошгүй талаарх мэдээллүүд цацагдаад буй.
ЦЕГ-аас энэ төрлийн зар, мэдээлэлд итгэхгүй байж, амь нас болон эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийлэхийг сануулаад байгаа ч энэ төрлийн зар мэдээлэлд хууртагдан дайнд татагдсан нэг иргэн хэдийнэ амь насаа алдаад байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээлээд байна. Тэгвэл үлдсэн иргэдийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна гэсэн үг. Эдгээр иргэдээ холбогдох албаныхан хэзээ эх оронд нь авчрах вэ?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.