
Манай сайтын редакц ОХУ-ын гэрээт ажил хийлгэх нэрийдлээр хууртагдаж дайнд татагдсан иргэдийн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Харин өнөөдөр Гадаад харилцааны яам болон Цагдаагийн Ерөнхий газраас хамтран мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр "Монгол Улсын найман иргэнийг ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна хэмээн хууран мэхэлж, цэргийн ажиллагаанд татан оролцуулах гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг энэ сарын 18 болон 21-ний өдрүүдэд олж илрүүлэн, эх оронд нь буцаан авчиржээ. Мөн ОХУ руу сайн дураар явсан Монгол Улсын нэг иргэн нас барсан бөгөөд өөр нэг иргэн Украины талд олзлогдсон мэдээлэл байна" гэлээ. Нас барсан иргэний ар гэрт Оросын талаас нөхөн олговор олгуулсан гэж ГХЯ-ны Консулын газрын захирлын албын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа мэдээллээ.
Түүнчлэн одоо ОХУ-ын Чита муж нь цэргийн бэлтгэлийн бааз бөгөөд тэнд байгаа Монгол Улсын зургаан иргэний мэдээллийг Гадаад харилцааны яамнаас илрүүлээд байгаа ажээ.
Дашрамд, манай редакци ОХУ-д байрлалтай цэргийн бааз дээр байрлаж буй иргэн И.Б-ын мэдээллийг олон нийтэд хүргэсэн бөгөөд түүнээс гадна холбоо тасарсан гэх дөрвөн хүний мэдээллийг бид хүргээд байгаа билээ.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.