/2023.03.21/ “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох албанынхан боловсруулалт хийж буй.
Үүнтэй холбоотойгоор машин ачилтын компаниуд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-наас нэгдүгээр эгнээнд түр зогссон авто машиныг ачихаа зогсоогоод байгаа талаар зарим хэвлэл мэдээлсэн. Энэ талаар бид нийслэлийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, "Машин ачилтыг зогсоогоогүй. Одоогоор бидэнд тийм мэдээлэл ирээгүй" гэсэн юм.
Ямартай ч журмыг шинэчилж буй шалтгаан нь иргэдийн санал гомдолтой холбоотой ажээ. Тодруулбал, 2022 оны байдлаар машин ачилтын компаниудад 120 мянга гаруй тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх хүсэлт ирсэн бөгөөд, үүнээс 52,636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ.
Үүнээс гадна тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж. Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд, эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байгаа гэв.
Иймд журамд дараах заалтуудыг шинээр оруулж байгаа талаар албанынхан мэдээллээ. Тухайлбал,
- Тухайн жилд дөрөв болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөх
- Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй
-
Тээврийн хэрэгслийн жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж хүргэх шат дараатай явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлөх
- Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг зохицуулалтууд орж ирж байгаа аж.
Түүнчлэн машин ачилтын төлбөрийг нэмэх санал гарсан байна. Зарим иргэний зүгээс машины зогсоолыг хүртээмжтэй болговол нэгдүгээр эгнээнд машин тавих асуудал үүсэхгүй хэмээн шүүмжилдэг. Эсрэгээрээ албанынхны зүгээс машин ачилтын төлбөрийг нэмбэл дээрх асуудал үүсэхгүй гэж үзэж байгаа бололтой. Өнөөдрийн байдлаар нийслэлд машин ачилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуй нэгж байна.