ШШГЕГ: Д.Монголхүү цахим бугуйвчийг унтрааж, тогтоосон маршрутаас өөр замаар зорчсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГЕГ: Д.Монголхүү цахим бугуйвчийг унтрааж, тогтоосон маршрутаас өөр замаар зорчсон

/2023.03.21/ Иргэн Д.Монголхүүд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 20-нд товлогдоод байсан ч ирэх сарын 3 хүртэл хойшиллоо. Түүнд оноосон ялыг солих санал хүргүүлсэн үндэслэлийн талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгсөөс тодрууллаа.

-Иргэн Д.Монголхүүд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ?
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 706 дугаар тогтоолоор Д.Монголхүүд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн. Ингэхдээ түүний цагдан хоригдсон 28 хоногийг хасаж, элдэх ялын хугацааг 337 хоногийн хугацаатайгаар тогтоосон юм. Д.Монголхүүд оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласан шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, гарын цахим бугуйвчийг зүүж, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн.

-Түүнийг тогтоосон бүсээс зөвшөөрөлтэй гарсан байхад зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ялаар солихоор болчихлоо гэх мэдээлэл бас цацагдаад байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Д.Монголхүү эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зорилгоор тогтоосон бүсээс гарах зөвшөөрлөө хууль ёсны дагуу авсан. Гэхдээ буцахдаа товч замаар явсны улмаас зорчих эрхийг хязгаарлах ялыг солих санал гаргасан байна гэсэн тайлбарыг зарим хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “2020 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эгэм хадуулах хагалгаанд орсон. Одоо зовуурь илрээд байгаа тул очиж үзүүлэх шаардлагатай байна” гэсэн хүсэлтийг Д.Монголхүү гаргасан. Түүний хүсэлтийн дагуу холбогдох хууль, журмын дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газарт санал хүргүүлж, хяналтын прокуророос Д.Монголхүүг Гэмтэл согог судлалын төв хүртэл зорчих бүсийг тогтоож өгч энэ талаар өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулсан боловч прокурорын байгууллагаас тогтоосон маршрутаас өөр замаар зорчиж, тогтоосон маршрутыг зөрчсөн.

-Тэгэхээр ГССҮТ-д очоогүй гэсэн үг үү?
-Гэмтэл согог судлалын төвд очоогүй нь Цахим хяналтын систем дэх лавлагаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Д.Монголхүүгийн өөрийн гаргасан аман болон бичгэн тайлбараар тогтоогдсон.

-Ялыг эдлүүлэх хугацаанд өөр зөрчил дутагдал гаргасан уу?
-Цахим бугуйвчийг унтраасан зөрчил гаргаж байсан. Тухайн үед шийдвэр гүйцэтгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрлөөр ажиллагаа явуулж, Баянзүрх дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн байхад нь олж, зөөврийн цэнэглэгч өгөн цахим бугуйвчийг асаалгасан. Дээрх дурдагдсан зөрчлүүд нь хууль журмынхаа дагуу Д.Монголхүүд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг солих санал гаргах үндэслэл болсон. Өөрт нь гаргасан зөрчлүүдийг нь танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-1 дэх хэсэгт зааснаар ял солих санал гаргаж байгааг мэдэгдэж, саналыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.

“Дайны гэмт хэрэг“-ийг зогсоох талаар шахалт үзүүлэхийг Ши Жиньпинд уриаллаа
“Дайны гэмт хэрэг“-ийг зогсоох талаар шахалт үзүүлэхийг Ши Жиньпинд уриаллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.