/2023.03.21/: Японы Ерөнхий сайд Фумио Кишида өнөөдөр Украинд гэнэтийн айлчлал хийж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзана гэж NHK телевиз мэдээлэв.
Түүний гэнэтийн айлчлал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт Москвад гурван өдрийн айлчлалаа эхэлсний дараа тохиож байгаа бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Владимир Путин Украинд бүрэн хэмжээний цэрэглэн түрэмгийлснээс хойшхи анхны айлчлал юм.
Кишида Киевийг зорьж байна: Японы Ерөнхий сайд Энэтхэг улсад айлчлан Нарендра Модитой уулзсан бөгөөд буцахдаа Украинд очиж Володимир Зеленскийтэй уулзана гэж NHK телевиз мэдээлэв. Япон улс өнгөрсөн сард Украинд 5.5 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амласан ба мөн барууны холбоотнуудтай нэгдэн Оросыг түрэмгийлсэнтэй холбогдуулан хатуу хориг арга хэмжээ авсан юм.
Москва дахь уулзалт: Даваа гарагт болсон хэлэлцээний үеэр Ши Жиньпин Путинд "Хятад, Орос ижил зорилготой" гэж хэлээд Путиныг дахин сонгогдоосой хэмээн хүсч байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби хэлэхдээ, Ши Жиньпин Украины нутаг дэвсгэрт Оросын зэвсэгт хүчин үлдэхийг зөвшөөрснөөр зөвхөн Москвад ашигтайгаар Украинд гал зогсоох уриалгыг дахин давтан хийнэ гэдэгт санаа зовж байна.
Крымд хийсэн цохилт: Украины Батлан хамгаалах яам даваа гарагийн орой Оросын Калибр далавчит пуужингуудыг галт тэргээр тээвэрлэж байх үед нь Крымийн Жанкой хотод устгасан гэж мэдэгдэв. ОХУ-ын хавсаргасан хойгийн тэргүүн довтолгоо болсныг баталж, нэг хүн шархдаж, хоёр барилга эвдэрсэн гэв.
Украинд үзүүлэх сум, тусламж: Европын 18 улс "Украинд туслах, үндэсний нөөцөө нөхөх" зорилгоор сум нийлүүлэхээр тохиролцлоо гэж Европын батлан хамгаалах агентлаг даваа гарагт мэдээлэв. Байдены засаг захиргаа мөн аюулгүй байдлын нэмэлт 350 сая долларын тусламжийг зөвшөөрөв. Нэг жил гаруйн өмнө ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш АНУ Украинд тусламж үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит сангаас 32 тэрбум гаруй доллар зарцуулжээ.
Танкууд нийлүүллээ: Энэ хооронд Норвеги Украинд найман Leopard 2 танк нийлүүлсэн гэж Норвегийн зэвсэгт хүчин мэдэгдэв. Польш улсад Украины цэргүүд танкны сургалтад сууж байна.
Бахмутын хамгийн сүүлийн үеийн мэдээ: Оросын "Вагнер" хувийн цэргийн бүлгийн дарга Евгений Пригожин даваа гарагт Оросын Батлан хамгаалахын сайдад нээлттэй захидал бичихдээ Бахмут хотын 70 орчим хувийг хөлсний цэргүүд хянаж эхэлсэн тухай мэдэгджээ. Зүүн хотод хэдэн сар үргэлжилсэн тулалдаан үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын эхээр Пригожин нөхцөл байдал хэцүү бөгөөд дайсантай метр тутамд тулалдаж байгаа тухай өгүүлсэн юм.