/2023.03.06/: Энэ сарын 3-ны өдрийн байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд 1-29 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр 29 см, Увсын Малчин, Давстад 23 см, Завханы Тэсд 22 см, Увсын Тэс, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэсд 20 см, Увсын Зүүнговьд 16 см, бусад нутгаар 1-15 см цасан бүрхүүл тогтсон байна.
Нийт нутгийн цасны тогтоц өмнөх 7 хоногоос 20 хувиар буурч Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Хяргас, Өндөрхангай, Баруунтуруун, Малчин, Наранбулаг, Бөхмөрөн, Зүүнхангай, Ховдын Алтай, Үенч, Зэрэг, Булган, Завханы Тэс, Хөвсгөлийн Цагаан-Үүрт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай (5 аймгийн 18 суманд) бол Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Завханы Баянхайрхан, Улиастай, Цэцэн-Уул, Сантмаргац, Баянхонгорын Галуут, Баянтэс, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Улаанбаатар Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Халзан, Дорнодын Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (9 аймгийн 17 сум) болж зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурлаа.
Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр малын тарга хүчний байдал хоёрдугаар сарын сүүлчээр нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ