/2023.03.02/: Монгол Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр “Хурандаа цол” олгох шийдвэр гарсны дагуу мөн оны гуравдугаар сарын 02-ны өдөр анхны хурандаа цолыг олгосон түүхэн 87 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 2-ныг “Монгол хурандаагийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргажээ.
1936 оноос хойш 87 жилийн хугацаанд Цагдаа, Зэвсэгт хүчин, Онцгой, Хил хамгаалах, Шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагаас нийт 3,200 гаруй хурандаа цолтон төрсөн байна.
“Монгол хурандаагийн өдөр” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжил цэцэглэлтэд өөрийн ухамсарт амьдрал, залуу халуун нас, сурсан эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжил, олсон дадлага туршлагаа зориулсан эрхэм хүмүүсийн баатарлаг, хөдөлмөрч гавьяат үйлсийг хүндэтгэн, алдаршуулах, санан дурсах өдөр төдийгүй нийт ард түмний, бүх цэргийн алба хаагчдын өдөр юм.
Эх сурвалж: ЦЕГ