/2023.02.07/: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудаас ХСҮТ-ийн шинэ барилга, УНТЭ-д Эрхтэн шилжүүлэх төв барих талаар санал танилцуулж тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа юм.
Энэ хүрээндээ Улсын клиникийн төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг өөрийн гэсэн барилга байшинтай болгон өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Улсын клиникийн төв эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2006 онд хийсэн бөгөөд энэ сарын 9-нд бөөр шилжүүлэн суулгах 300 дахь, ирэх сарын 17-нд элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгааг хийхээр товлосон юм байна.
Бөөр болон элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажиллаж буй тус эмнэлэг эдгээр мэргэшсэн багийн эмч мэргэжилтэнд тулгуурлан 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан бөгөөд тус төв үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрхтэн шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэгтгэх томоохон үүргийг хүлээдэг ч өнөөг хүртэл өөрийн гэсэн байргүй.
УНТЭ-ийн өргөтгөлд гурван бокс, хоёр том өрөөтэй, хэвтүүлэн эмчлэх найман ортойгоор үйл ажиллагаа явуулж буй нь эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөнийхөө ачаалалтай харьцуулахад хэтэрхий бага.
Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр 600 хүн хүлээж байгаагийн 15-ынх нь донор бэлэн, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18, доноргүй 483 хүн байгаа. Улсын хэмжээгээр бөөрний дутагдал гэж оношлогдсон 1200 хүн диализын аппаратанд орж байна. Гэтэл байр савны хүрэлцээгүйгээс сард 5-6 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гэхээр эдгээр хүмүүс дор хаяж найман сараас дээш хугацаагаар хүлээхэд хүрч байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд ерөнхий мэс заслын өрөөг ашигладаг учраас 10 орчим цаг үргэлжилдэн элэг шилжүүлэн суулгах хагалгаа орсон өдөр төлөвлөгөөт 10-аад хагалгааг хойшлуулахаас аргагүйд хүрдэг зэрэг олон шалтгааны улмаас Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн зориулалтын байртай болгох шаардлага байгааг эмч мэргэжилтнүүд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан тайлбарласан.
Тус төвийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 22 хүнтэй, өдөрт хоёр хагалгаа хийхэд хангалттай мэргэшсэн боловсон хүчинтэй. Элэгний баг ч залуу үеэ хангалттай хэмжээнд бэлтгэсэн гэсэн мэдээллийг өгч байлаа. Үндэсний багийнхан зөвхөн эрхтэн шиллжүүлэн суулгах хагалгаанд л ордог юм биш. Тэд УНТЭ-т хийгдэж буй бсад төрлийн мэс заслыг ч хийх үүрэгтэй.
УНТЭ-ийн хувьд нэг давуу тал нь Эрхтэн шилжүүлэн суулгах төв барих газартай. Эмнэлгийн эзэмшлийн нэг орчим га газар дээр тус төвийг барихаар төлөвлөсөн бөгөөд 1800 ам метр талбайд 10 давхар, ариутггал, угаалга, тоног төхөөрөмжийн хэсэг бүхий зоорийн хоёр давхартай байхаар төлөвлөсөн байна.
Барилга барих санхүүжилтийг шийдэх хоёр хувилбар байж болохыг С.Чинзориг сайд ЭШСТ-ийн эмч мэргэжилтнүүдэд танилцуулсан. Сайдын хэлж буйгаар эхнийх нь батлагдсан зураг төслийн дагуу санхүүжилтийг улсын төсөвт суулгах. Энэ талаар Ерөнхий сайдтай зөвлөсөн, санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах талаар санал солилцсон ч хөрөнгө оруулалтыг нэг дор бөөнөөр нь суулгах боломжгүй тул хэдэн он дамжиж таарна. Ингэсэн тохиолдолд 15-20 ор нэмэх боломжийг судлах үүргийг УКТЭ-ийн даргатай уулзахдаа өгсөн гэлээ.
Хоёр дахь хувилбар нь ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд нийгмийн салбарын төсөлд багтаах. Энэ тохиолдолд хугацаа хожих боломжтой ч ЭШСТ-ийг барих ажлыг хувийн хэвшил сонирхох эсэх нь эргэлзээтэйгээс гадна бариад ашиглах зарчмаар явах учраас хувийн хэвшил барьсан тохиолдолд өртгөө нөхөх зорилгоор тусламж үйлчилгээний үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа гэдгийг сайд хэлж байлаа.
Үндэсний багийнхны хувьд аль болох хугацаа алдахгүйгээр шинэ төвтэй болох нь олон хүний амийг аврах боломж бүрдэнэ гэж үзэж буй ч хувийн хэвшлээр барилгаа бариулсан тохиолдолд гарч болох эрсдлийг эртнээс тооцож, тусламж үйлчилгээнд даатгалаас олгодог санхүүжилтийг нэмэгдүүүлэх зэрэг арга хэмжээг авч болох юм гэж байв.
Шинэ барилгатай болох хүртэл ЭШСТ-ийн орны тоог нэмэх замаар ачааллыг зохицуулах арга байж болох ч энэ нь зөвхөн хэвттүүлэн эмчлэх ор нэмж тавих тухай асуудал биш. Эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн өвчтөний биеийн байдлыг иж бүрнээр нь хянах тусламж үйлчилгээний цогц тоног төхөөрөмжийг хамтад нь шийдэхээс гадна хагалгааны өрөөг нэмэх асуудлыг ч авч үзэх ёстойг хэллээ.
Эх сурвалж: ЭМЯ