/2025.10.17/
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгосон билээ.
Энэ хүрээнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа ажлын хэсгийн гишүүдэд мэдээллээ. Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авах юм. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.