/2023.02.06/ Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг цагдан хорих эсэхийг өнөөдөр шүүхэд хэлэлцжээ.
Тодруулбал, прокурорын байгууллагаас О.Мөнхжинг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг хэлэлцсэн байна. Улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, харин Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан байна.
Өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх үеэр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар, "О.Мөнхжин нарыг зах зээлд гаргасан хөрөнгөөсөө гадна дахиж нийлүүлсэн эсэхийг шалгаж байна. Зарим иргэдийн зүгээс зарим коиныг шалгаад, заримыг нь шалгахгүй байна гэсэн гомдол ирж байна. Бид бүгдийг нь шалгаж байгаа. Хууль зөрчсөн бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм.