НД-ын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн өргөн мэдүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НД-ын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн өргөн мэдүүллээ

/2023.01.10/: Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулан, 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газраас 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15-43 хувиар нэмэгдүүлсэн нь өргөн мэдүүлсэн багц хуулийн төсөлд тусгасан зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн.

Мөн УИХ дахь олонхын бүлгээс хуулийн төслүүдийг хуримтлалын нэгдсэн сантай уялдуулж дахин боловсруулах чиглэл өгсөн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон зэрэг шалтгааны улмаас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг буцаан татан авч, үүсэх нөхцөл байдалд нийцүүлэн дахин боловсруулсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан танилцууллаа.

Тэрбээр, Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ажиллах хүчний 82.2 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 748.9 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр олгож байна. Нийгмийн даатгалын тухай хуулиар ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх хувь хэмжээ, орлогын бүрэлдэхүүн, албан журмын даатгалын хамрах хүрээ, төрөл, нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, байгууллага, байцаагчийн үйл ажиллагаа зэрэг харилцааг зохицуулж байна.

Хамралтын хувь хэмжээ багагүй байгаа хэдий ч малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувь нь нийгмийн даатгалд хамрагдахгүй нийгмийн баталгаа нь алдагдаж байгаа тул нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх шаардлагатай байна гэв.

Түүнчлэн, зарим салбарын хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан нь хуулийн хийдэл үүсэж байна. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Хилийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Дипломат албаны тухай хуульд хуулиар шимтгэл төлсөн хугацаа, өндөр насны тэтгэвэрт гарах нас, тэтгэвэр бодох хувь хэмжээг зохицуулсан нь нийгмийн даатгалын харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудтай зөрчилдөж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим бодлого, үйл ажиллагаа болон ирээдүйд ирэх хүн амын насжилтаас хамаарч нийгмийн даатгалын сангийн зардал улам өсөж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсрууллаа..

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 51 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарна гэж үзжээ.

Үүнд:

  • нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжнө;
  • нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавх сайжирч, тогтвортой байх нөхцөл бүрдэнэ;
  • нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүнийг хуульчилснаар хуулийг хэрэгжүүлэхэд хялбар, ойлгомжтой болно;
  • нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах боломж бүрдэж, түүнд тавих хяналт сайжирна;
  • даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн бодит хуримтлалтай болох эрх зүйн үндэс тавигдана;
  • нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, тооцоо, хэтийн тооцоолол хийх, эрсдэлийг үнэлэх мэргэжлийн хороо ажиллана;
  • нийгмийн даатгалын засаглал оновчтой болж, ажлын уялдаа холбоо сайжирч, нийгмийн даатгалын байгууллага, ажилтны эрх, чиг үүрэг тодорхой болж, ажилтны чадавх сайжирна;
  • нийгмийн даатгалын үйлчилгээ цахимжиж ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, нээлттэй авах нөхцөл бүрдэнэ;
  • ажил олгогч, даатгуулагчийн чиг үүрэг ойлгомжтой, тодорхой болох аж.

Эх сурвалж: УИХ

Өнөөдөр цас орохгүй, 6-8 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр цас орохгүй, 6-8 хэмийн хүйтэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.