/2022.10.18/ Цагдаагийн байгууллагад энэ дугаар сарын 18-ны өдөр “Баянзүрх дүүргийн Ботаникийн зам дээр хүн нас барсан байна, замаар чирсэн байдалтай байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Үүний дагуу шалгахад 32 настай, эрэгтэй Э нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч 37настай, эрэгтэй, Г-г мөргөж амь насыг нь хохироожээ. Улмаар хэргийн газрыг орхиж явсан бөгөөд хохирогч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байхад нь 19 настай, эрэгтэй Э жолоочтой Тоёота приус 20 маркийн автомашин дайрсан гэмт хэргийг илрүүлсэн байна. Одоогоор шалгалтын ажиллагааг хийж байгаа аж. Шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.