“УИД-т гарсан галаас болж хохирсон иргэдийн хэрэг шийдэгдэхгүй өнгөрөх вий гэж санаа зовж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИД-т гарсан галаас болж хохирсон иргэдийн хэрэг шийдэгдэхгүй өнгөрөх вий гэж санаа зовж байна“

/2022.08.24/ 2020 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Улсын их дэлгүүрийн барилгад гал гарч 5, 6, 7 дугаар давхар бүхэлдээ шатсан билээ. Тухайн үед гал түймрийн улмаас 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 125 хүний 24 тэрбум төгрөгийн бараа, эд материал шатсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Тэгвэл энэ хэргээс болж хохирсон иргэдийн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй явсаар байгаа аж. Тэдний нэг болох УИД-ийн зургаадугаар давхарт лангуу түрээслэгч байсан иргэн Ө.Цэрэн-Ойдовтой ярилцлаа.

-Таны хувьд Улсын их дэлгүүр /УИД/-т ямар төрлийн худалдаа эрхэлдэг байсан бэ? Хэдэн оноос хойш лангуу түрээсэлсэн бэ?
-Би “Номин-5” Хувиараа эрхлэх аж ахуй /ХЭАА/-тай 2014 оноос эхэлж хамтарч ажиллан, 2016 оноос нэгдсэн түрээслэгч болж орж байсан.

2020 онд Улсын их дэлгүүрт гал гарч, зургаадугаар давхар тэр чигтээ юу ч үгүй үнс болсон байдаг. Манай давхарт байсан зарим түрээслэгчид гуравдагч орон болох Дубай, Тайландаас бараагаа татдаг хүмүүс байсан. Миний хувьд Дубайгаас 24 каратын алтан бүрмэл сувинерүүд оруулж ирж зардаг байсан юм. Гэвч бараагаа гал алдаж бид санхүүгийн эх үүсвэргүй болсон. Үүнтэй зэрэгцэн цар тахал гарч хөл хорио тогтоон энэ бизнес рүү эргэж орж чадхааргүйгээр уналтад орсон.

Зарим хохирсон түрээслэгчид ахиад лангуу түрээслэж байгаа юм байна лээ. Гэхдээ маш их хэмжээний өр зээл тавьж байж орсон гэж сонссон.

-Таны хувьд хэдий хэр хэмжээний хохирол амссан бэ?
-50 орчим сая төгрөгөөр хохирсон. Тухайн үед Номин компани өөрөө барилгын компанитай байсан ч УИД-ийн эрхлэгч ямар ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй хүмүүстэй гэрээ хийсэн. Тухайн хүмүүс засвар хийхдээ хар цаас шатааж байгаад гал алдсан гэдэг нь тогтоогдчихсон. Түүнчлэн тухайн ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдлын анхан шатны ч мэдлэггүй хүмүүс байсан.

Гал гардаг өдөр нэлээд салхитай байсан л даа. Тийм байхад юмыг яаж мэдэх вэ гээд гал унтраагчтай явж байх атал ямар тийм зүйл байхгүйгээр ил гал гаргаж хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын дүрмийг зөрчсөн.

-Та нар бараагаа даатгуулсан байсан уу? Хэдэн төгрөгөөр даатгуулсан бэ?
-Ерөнхийдөө сайн дураар даатгуулдаг. Миний хувьд тухайн үед 5 сая төгрөгөөр даатгуулж байсан. Гэвч Номинд даатгуулсан ихэнх түрээслэгчид даатгалын мөнгөө бүтэн авч чадаагүй. Өөр компанид даатгуулж болох байсан ч байнга харилцдаг, хамгийн ойрхон нь гээд ихэнх түрээслэгчид тус компанид даатгуулсан байсан.

Гэвч их дэлгүүр шатсаны дараа даатгалын мөнгөө авах гэтэл “Номин-5”-ын зүгээс “5 сая төгрөг бүтэн өгөх боломжгүй, 50 сая төгрөгийн бараатай байж тавхан сая төгрөгөөр даатгуулсан хүмүүст хувь тооцож өгнө” гээд тухайн үед нэлээд хэл ам болж байсан. Бүр зарим түрээслэгчдэд “даатгалын чинь мөнгийг бүтнээр нь өгье, оронд нь хохиролгүй гэж бичиж өг” гэж гарын үсэг зуруулсан байна лээ. Банкны зээл, байрны түрээсээ төлөх гэсэн маш их хүн даатгалын мөнгөө бүтэн авахын тулд хохиролгүй гэж гарын үсэг зурсан. Тухайн үед Номин компаниас түрээслэгчдэд маш их дарамт ирж байсан.

Их дэлгүүр шатсаны дараа шинжээч нар хохирлын хэмжээг 40 тэрбум гэж дүгнэж гаргасан байдаг. Үүнээс түрээслэгчдийн хохирсон хэмжээ 20 тэрбум. Гэвч Номин компани "манайх хамааралгүй” гэсэн тайлбарыг өгч байсан.

-Шүүх хурал болсон уу? Одоо хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Хэрэг одоо шүүх дээр байгаа. Уг нь хэрэг прокуророос шүүхэд шилжиж үндсэн хэлэлцүүлэгт орсон ч “Номин-5” “манайх ч гэсэн хохирогч” гээд барилгын ажил хийж байсан хүмүүсээс нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүний улмаас хэрэг бүрдүүлэлт дутуу гэх шалтгаанаар дахиад мөрдөн байцаалт руу буцсан.

-Та нарын хувьд “Номин-5”-аар хохирлоо барагдуулах гээд шүүхдэлцэж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Учир нь бид нар дээврийн ажил хийсэн хүмүүстэй биш “Номин-5”-тай гэрээ байгуулсан. Тиймээс тухайн компаниас л мөнгөө нэхэмжилнэ. Гэвч уг хэрэг шийдэгдэлгүй маш их хугацаа алдаж байна. Энэ байдлаараа байвал Иргэний хэргийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж хэрэгсэхгүй болоод өнгөрөх вий гэж санаа зовж байна.

-Хэрэг яагаад удаашралтай байна вэ? Одоо ямар асуудал тулгараад байна?
-Хэрэг хариуцагч нь яг хэн бэ гэдэг нь тодорхойгүй гацчихаад байгаа юм. Үүний улмаас шүүх хурал хойшилж, хэрэг шийдэгдэхгүй яваад байна.

-Хэрэг ямар дүүргийн шүүх дээр байгаа вэ?
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх.

Ерөнхий сайд Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.