
Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Төв, Завхан зэрэг 10 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон 597 орчим тохиолдол бүртгэгдсэн байдаг. Энэ нь өнгөрөгч наймдугаар сараас эхлэлтэй. Харин аравдугаар сарын 8-нд буюу өнөөдөр Хүрэн Баавгай Баянзүрх дүүрэгт байрлах суурьшлын бүс рүү нэвтэрч нэг хүний амь эрсэдсэн эмгэнэлтэй мэдээтэй өглөө эхэллээ. Он гарснаас хойш Хүрэн Баавгай суурьшлын бүс рүү нэвтэрч байна, айлын гэр рүү дайрлаа, мал барьж идлээ гэж өдөр тутам шахуу мэдээлж байв. Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-очир есдүгээр сарын 17-нд “Одоогийн байдлаар баавгай хүн, мал руу дайрсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн тэрбээр баавгайтай хэрхэн харьцах олон улсын туршлагыг судалж, шаардлагатай аргачлалыг Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна. Харин хүн, амьтны амь насанд бодит аюул учирсан нөхцөлд баавгайг устгах арга хэмжээ авахаас өөр сонголтгүй” хэмээн хээв нэг мэдээлэл хийж байв. Гэтэл сар хүрэхгүй хугацаанд бүхэл бүтэн хүний амь нас эрсдэв. Олон улсын туршлага судалж, байтал цаана нь хүний амь нас яригдаж, орж ирсэн баавгайтай улаан гараараа нүүр тулж байгаа иргэдээрээ доог тохуу хийж байх нь тэр.
Мөн тус асуудалтай холбоотойгоор байгаль хамгаалагчдын тоног төхөөрөмж, шатахууны зардалд улсын нөөцөөс 1.88 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Тэрхүү 1.88 тэрбум төгрөг баавгайтай нүүр тулж буй хүмүүст очсон уу эсвэл 1 бууг 32 сая төгрөгөөр худалдаж авах нэрийдлээр мөнгө угаасан уу. 12 ширхэг буу хаана байна вэ? Өнөөдөр байгаль хамгаалагчид, иргэд чинь баавгайтай нүцгэн гараараа нүүр тулж байхад Ц.Сандаг-Очир олон улсын туршлага судлаад гадаад улсад заларч байгаа юм биш биз.
Ховор амьтан хамгаалах төрийн байгууллага тухайн амьтантай хэрхэн харьцах үндсэн тоног төхөөрөмжгүй байна гэдэг өөрөө төрийн бэлэн байдлын асуудал. Хэдэн арван жил тооллого хийлгүй явсан, зориулалтын техник хэрэгсэлгүй, шатахууны мөнгө хүрэлцдэггүй салбар баавгайтай нүүр тулсан үедээ л асуудлаа ярьж эхэлж байгаа нь бодлогын урьдчилан сэргийлэх тогтолцоо хэр сул байгааг харуулж байна. Иймээс салбарын сайд зөвхөн баавгайг хэрхэн барих, хэрхэн үргээх, хэзээ буудах бус, олон жил хуримтлагдсан энэ системийн доголдлын талаар ч олон нийтэд тодорхой тайлбар хийх ёстой. Монголын байгаль хамгаалалд нэг удаагийн “буу худалдаж авах” шийдвэр биш, судалгаа, тооллого, мониторинг, тоног төхөөрөмж, хүний нөөц, санхүүжилт, шуурхай хариу арга хэмжээний тогтолцоо хэрэгтэй. Баавгайг буудах нь хамгийн амархан шийдэл байж болох ч төрийн хариуцлагаас зугтах арга биш.
Олон улсын туршлага судалсан Ц.Сандаг-Очир сайд та ирж баавгайгаа нүцгэн гараараа барь. Иргэдээ хамгаал эсвэл хариуцлага үүр. Хүний амь нас зүүний үзүүр дээр тогтох шар будаа шиг үнэ цэнтэй.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.