Бодлогын судалгаа: Байгалийн хийн хоолойн төсөл
Шуурхай мэдээ
 

Бодлогын судалгаа: Байгалийн хийн хоолойн төсөл

/2025.09.10/ Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс бодлогын судалгаанууд болон интернэт орчин дэх нээлттэй эх сурвалжуудыг багцлан анализ нийтлэлүүдийг хүргэдэг. Энэ удаад бид тус хүрээлэнгээс эрчим хүчний чиглэлээр гаргасан нийтлэлүүд болон монголын нутгаар дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаарх нийтлэлээс тоймлон хүргэж байна.

ОРОС УЛСЫН ХУВЬД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Эхлээд Оросын хувьд эрчим хүч гэдэг ямар зүйл болох талаар тайлбарлая. Оросын хувьд эрчим хүч бол бизнес, ашиг орлого гэдэг зүйл сонин биш. Эрчим хүч бол Оросын хувьд улс төр, эдийн засгийн зэвсэг нь юм. ЗХУ нь Зүүн Европын орнуудыг хяналтдаа байлгахын тулд тэдэнд газрын тосыг асар хямд буюу олон улсын нефтийн зах зээлийн үнээс 50 орчим хувиар хямдаар нийлүүлж, рублиэр тооцоогоо хийдэг байжээ. АНУ-ын Уолл Стрит сэтгүүлийн тооцоолсноор хэрвээ Зүүн Европын орнууд ЗХУ-ын газрын тос, байгалийн хийг олон улсын зах зээлийн үнээр худалдаж авсан бол ЗХУ-ын засгийн газар жилд дор хаяж 10 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох байсан ажээ. ЗХУ-ын эрчим хүчний өвөрмөц дипломат стратеги нь юм.

Орос украины дайныг эхлэхээс өмнө Европын холбооны улс орнуудын байгалийн хий, газрын тос, нүүрсний гол ханган нийлүүлэгч нь ОХУ байв. 2021 онд Европын холбоо нийт нүүрсний хэрэглээнийхээ 45 хувь, байгалийн хийн 36 хувь, газрын тосны 25 хувийг ОХУ-аас импортоор авч байлаа. Жишээ нь, Герман улс гэхэд эрчим хүчний түүхий эдийнхээ 50 гаруй хувийг ОХУ-аас импортолдог байсан учир томоохон хямралтай нүүр тулж байв.

Дайн эхэлснээс хойш эрчим хүчний үнэ Европ төдийгүй дэлхий даяар өсөв. Дайн эхлэхээс өмнө 1 мегаватт цаг (МВт цаг) байгалийн хий 53 ам.доллар байсан бол 2021 оны сүүлчээр 360 орчим ам.доллар болж түүхэн дээд амжилт тогтоосон юм. Эрчим хүчний түүхийн эдийн үнэ өссөнтэй холбоотой айл өрхүүдийн зардалд ихээхэн өөрчлөлт гарсан бөгөөд хамгийн их өөрчлөлт орсон орнуудын тоонд Монгол Улс багтана. Өрхийн зардал нь 176%-иар нэмэгдсэн. Эрчим хүчийг эдийн засаг, улс төрийн зэвсэг болгон ашиглах гэсэн ОХУ-ын оролдлогын хариуд Европын холбоо хориг арга хэмжээ удаа дараа авсан. ОХУ-ын экспортын орлогын 50 орчим хувь, улсын төсвийн 1/3 хувь нь шатах ашигт малтмалын орлогоос бүрддэг. Энэ нь Украины дайныг санхүүжүүлэх гол эх үүсвэр гэж үзэн өрнөдийн холбоотнууд Оросын эрчим хүчний бүтээгдэхүүний экспортод хориг тавьсан.

Гэвч барууны орнуудын тавьсан хоригийн улмаас оросын экспортод гэхдээ нөлөө гараагүй яагаад гэвэл Хятад, Энэтхэг зэрэг улсуудад хямд үнээр бүтээгдэхүүнээ экспортолдог болсон. Хэдийгээр эдгээр улс орнууд оросоос хямд үнээр эрчим хүчний бүтээгдэхүүнээ авдаг болсон ч тус улсаас хамааралт байдалд орохгүй. Яагаад гэвэл тэд олон эх үүсвэрээс хангадаг болчихсон.

Украины дайны нөлөөгөөр улс орнууд дотооддоо тархмал, бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, үнэ тогтворжуулах арга хэрэгсэл мөн болохыг ихээхэн анзаарч харсан байна. Жишээ нь, Финлянд нь цахилгааны хэрэглээнийхээ 20 орчим хувийг ОХУ-аас импортоор хангадаг байсан. Финлянд улс 2022 оны 4 дүгээр сард НАТО-д элсэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэний дараа ОХУ-ын Интер РАО компани тус улсад нийлүүлж байсан цахилгаанаа зогсоов. Мөн тус улс удаан хугацаанд хойшлогдоод байсан цөмийн цахилгаан станцаа 2023 онд ашиглалтад оруулснаар ОХУ-аас нийлүүлж буй газрын тос, байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний хамаарлаа багасгаж эрчим хүчний аюулгүй байдлаа дээшлүүлэв. Төвлөрсөн цахилгаан дамжуулах болон дулааны сүлжээ нь цэргийн ажиллагааны, гадаад харилцааны, кибер халдлагын гол бай болж байна. 2014 онд ОХУ Крымыг эзлэж авахдаа зэрэгцээд Украины эрчим хүчний системд кибер халдлага үйлдэж, нийгмийн эмх замбараагүй байдлыг дэвэргэж байв. Цаашлаад дайн эхэлсний дараахан Украины 6 мужийн цахилгаан эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгсөн. Гэтэл манай улс цахилгаан, дулааны үйлдвэрлэлийнхээ ихэнх хувийг ганцхан (ДЦС-4) обьектод үйлдвэрлэдэг, нийт улсын хэрэглээний 80 орчим хувийг хэрэглэдэг Төвийн бүсийн эрчим хүчний систем нь ганцхан ОХУ-тай холбогддог ийм эрсдэлтэй хэвээр байна.

ХЯТАД-ОРОСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХ ХАМТЫН АЖИЛЛАГАА

МУ-ын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойн талаар ярихынхаа өмнө Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны талаар товч дурдъя. Хятад улс газрын тос, байгалийн хийн импортоо нийт 5 чиглэлээр хүлээн авч буй. Баруун хойд талд Төв Азийн 5 орноос, зүүн хойд талд ОХУ-аас, баруун өмнөд талд Пакистан ба Мьянмараас, зүүн өмнөд талд Африк, Австрали, Өмнөд Америк, булангийн гэх мэт орнуудаас Маллакийн хоолойгоор дамжуулан эрчим хүчний бүтээгдэхүүн Хятадын эрчим хүчний зах зээлд нийлүүлэгдэж байна. Орос Хятад хоёрын хувьд 2011, 2018 оны ашиглалтад орсон газрын тос дамжуулах хоолойн төсөл хоёр төсөл бий. Зүүн чиглэлийн байгалийн хий дамжуулах 30 жилийн хугацаатай 2014 онд зурагдсан байгалийн хий дамжуулах хоолойн төсөл шингэрүүлсэн байгалийн хийн төсөл 2017 онд эхэлсэн төсөл.Мөн атомын цахилгаан станцын төсөл цахилгаан эрчим хүчний бусад төслүүд бий. Өөрөөр хэлбэл, энэ хоёр улс эрчим хүчний салбарт өргөн хамтын ажиллагаатай.

СИБИРИЙН ХҮЧ2 ТӨСӨЛ МАНАЙ УЛСАД ЯМАР АШИГТАЙ БАС АШИГГҮЙ БАЙХ ВЭ?

Сибирийн хүч2 бол манай улсын газар нутгаар хийн хоолой дамжуулах хоолойн төслийг явуулахаар болсон. Энэ бол 30 орчим жил яригдаж буй төсөл. 1990 оны сүүлийн хагасаас эхлэн яригдсан. Энэ төсөл нь манай улсын 6 аймаг, 22 сумын нутаг дэвсгэрээр дамжина. Эдгээр 6 аймагт Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгууд багтана. Алтанбулагаас Замын- Үүдийн хил хүртэлх 970 орчим км хийн хоолойг төмөр замын трассын дагуу газар доогуур 1,5 метрийн гүнд байрлуулна. Хамгаалалтын зурвасын өргөн нь 800 метр. Хамгаалалтын зурваст зөвхөн орос цэргүүд ажиллана гэж тухайн үед монгол улсад суух оросын элчин сайд ярьж, сошиалд ширүүн маргаан өрнөж байсан.

Хятадын тал хийн хоолойн төслийг монголын нутгаар дамжуулахыг дэмжихгүй байгаа талаарх мэдээлэл 2023 онд гарч байсан. Учир нь Монголоор дамжин өнгөрүүлэх нь өртгийг нэмэгдүүлэхээс гадна гуравдагч улсаар дамжуулах нь “тодорхойгүй” хүчин зүйлийг нэмэгдүүлнэ хэмээн үздэг. Шинжаанаас шууд ОХУ-ын хилээр хийн хоолойг холбох санал тавьсан байна. Хятадын хувьд Москвагийн эрчим хүчний нөлөөллийг Монголд нэмэгдүүлэх нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэж байсан. Мөн Хятад улсын 14-р таван жилийн төлөвлөгөө болон бусад баримт бичгүүдэд ч энэ талаар дурьдаагүй юм. Харин монголын “Алсын хараа- 2050” хөтөлбөрт тусгагдсан.

Гэвч өнгөрөгч долоо хоногт болсон ШХАБ-ын уулзалтын дараа манай улсын нутаг дэвсгэрээр хийн хоолойн төслийг явуулах болсон талаар манай засгийн газрын тэргүүн мэдэгдлээ.

Давуу тал: Байгалийн хийн хоолойгоор устөрөгч тээвэрлэх боломжтой. Ирэх 30 жилд нүүрстөрөгчийн эрин үе халагдаж цахилгаан тээвэр, устөрөгчийн эрин үе эхэлж, улс орнуудын эрчим хүч устөрөгч рүү шилжих төлөвтэй. Ялангуяа хятад улс, зүүн азийн улсууд устөрөгчийн хамгийн том зах зээл болно. Тиймээс устөрөгч тээвэрлэх боломжтой байгалийн хийн хоолой нь стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна. Тэгэхээр монголын нутгаар татах байгалийн хийн хоолой нь хятад улсад ч ашигтай байж болох юм.

Эрсдэл:

  1. Хоёр хөршөөс манай улсад үзүүлэх улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болох. ШХАБ-т элсэхээс өөр аргагүй болоох нөхцөлд хүрнэ гэжээ.
  2. Импортын түүхий эдээс хамааралтай болох эрсдэл. Эрчим хүчни хараа бдал нэмэгдэх
  3. Мөн өмнө өгүүлсэнчлэн монголын газар нутагт хамгаалалтын зурвасыг 800 метрт бий болгож, орос цэргүүд хамгаална гэвэл монголын газар нутгийг хуваагаад зогсохгүй, орос цэргүүдийн мэдэлд монголын газар нутаг орно гэх болгоомжлолыг сошиалд хүмүүс бичиж байна. Гэвч энэ талаар одоог хүртэл ЗГ-аас зүгээс тайлбар өгөөгүй.
  4. Байгалийн хийн үнэ тарифтай холбоотой гэрээ нь байгалийн хийг дамжуулах үнэ болон дотоодын хэрэгцээнд хэрэглэх хийг худалдан авах үнэ гэх хоёр өөр үнийн асуудлыг зохицуулдаг. ОХУ байгалийн хийн худалдаагаа ихэнх тохиолдолд онополь байдлаа хадгалах зорилготой хязгаарлалтын гэрээ, дэд бүтцийг хянах гэрээ зэргийг багтаасан урт хугацааны хий худалдах гэрээгээр зохицуулах сонирхолтой байдаг. дамжуулагч талтай хамтарсан компани байгуулж улмаар түүнийг худалдан авч бүрэн өөрийн эзэмшил болгохыг оролддог байдал Украин, Беларусь улсын жишээн дээр тод ажиглагдлаа. Ингэхдээ хэрэглэсэн хийн үнийн дарамт үүсгэх замаар хувьцааг нь авах, бартердах аргыг ашиглажээ.

Байгалийн хий дамжуулах хоолойг барихдаа оролцогч талууд хийн хоолойн бүтээн байгуулалт, эзэмшил, ашиглалт, аюулгүй байдлын хамгаалалт, техник, технологийн болон менежментийн шинэчлэл өөрчлөлт, үнэ тариф тогтоох, маргаан шийдвэрлэх зэрэг олон асуудлаар хэлэлцэн тохиролцдог.

Зэсийн ШИНЭ ОРД  нээгдлээ
Зэсийн ШИНЭ ОРД нээгдлээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.