/2025.1.20/ Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хос бичгээр хөтлөн явуулж буй.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгасан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажилласан юм. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяраас уг хуулийн хэрэгжилт болон боловсролын салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас нь сонирхлоо.
-Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх хуулийн заалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гадаадын хэвлэлүүдэд, “Монгол Улс XIII зуунд хүчирхэг байх ахуйдаа хэрэглэж байсан бичиг үсгээ эргүүлэн авлаа” гэх мэтээр мэдээлсэн тухай дуулдаж байна. Монголчууд олон нийтийн сүлжээгээр сэтгэгдлээ хуваалцаж байна. Хуулийн хэрэгжилт өнөөдөр ямар байдалтай байна вэ. Үүнийг гол зохион байгуулж байгаа газрыг Боловсролын яам гэж ойлгож болох уу?
-Энэ ажилд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Боловсролын яам хамтарч байгаа. Монгол бичиг бидний ууган бичгүүдийн нэг. Түүнээс өмнө Орхоны бичээс, брахма бичиг гээд авиа тэмдэглэдэг олон янзын үсэг хэрэглэж байсныг манай орон дахь бичиг үсгийн дурсгалууд харуулдаг. Хамгийн амжилттай хэрэглэсэн нь бидний хэлж заншсанаар босоо монгол бичиг маань юм. Үүнээс хойш тод бичиг, Вагиндрагийн үсэг, дөрвөлжин бичиг буюу Пагва ламын үсэг, соёмбо үсэг гээд олон бичиг үсгийг хэрэглэж байжээ. Монголчууд олон бичиг үсгийг хөгжүүлж ирсэн нь дэлхийн ард түмэнд тэр бүр байдаггүй, үнэхээр бахархмаар түүх билээ. Кирилл монгол бичиг ч гэсэн Оросын үсэг биш шүү дээ. Тэгэхээр кирилл монгол бичгийг уйгуржин монгол бичигтэйгээ хослуулан хэрэглэж эхэлж байна.
1990-ээд оноос хойш монголчууд монгол бичгээ сэргээн хэрэглэхэд том дэвшил гаргасан.
Монгол бичиг бидний өдөр тутмын ажил амьдрал, хүндэтгэлийн ёслолд бүрэн нэвтэрсэн байна. Хамгийн нандин сайхан үгээ монгол бичгээр сайн уран бичээчээр бичүүлж үүрд хадгалах гэдэг болсон байна. Энэ бол монгол бичгээ үнэхээр дээдэлж байгаагийн хэлбэр юм.
XIII зуун үнэхээр монголчуудын зуун байсан. Хамгийн сүүлд би франц эрдэмтний “Алтан орд” зохиолыг уншлаа. Тэрхүү нэг сэдэвт бүтээлд бахархмаар түүх их бий. Монгол хэл гэдэг олон улсын хэл болж, монгол бичгээр бичсэн захидлууд олон улсад хүрч байсан байна. Манай монгол хэлийг хятад, перс гээд олон үсгээр тэмдэглэж байж шүү дээ.
-Таны хэлсэнчлэн монголчууд бичгийн агуу их соёлтой ард түмэн. Монгол бичгээ сэргээгээд, төрийн бичиг болгоод авбал монголчууд бидний мандал бадралд их л хэрэгтэй учиртай юм сан гэж билгүүн номч Б.Ринчен гуай хэлсэн байдаг. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн мэдээллээр, монгол бичгийг 4200 байгууллагын бараг 50 хувьд нь туршаад эхэлжээ. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангахад зориулан нэмж журам гарах уу?
-Төрийн албан хаагчдыг бодлоготойгоор монгол бичгийн сургалтад суулгаж бэлдсэн. Судалгаагаар Говь-Алтай аймаг хамгийн өндөр буюу 70 гаруй хувьтай бэлэн гэсэн дүн гарсан. Говь-Алтай аймагт Ш.Чоймаа багш мэндэлсэн. Тэгэхээр тэнд бичгийн хүмүүсийн уламжлал хадгалагдаад буй хэрэг шүү дээ.
Монгол бичгээс хүмүүс битгий айгаасай, битгий шүүмжлээсэй гэж боддог. Монгол хүн өөрөө хичээж, энэ бичгээ сайтар үзье гэвэл гурван сарын дотор сурах бүрэн боломжтой.
Би 13 дугаар сургууль төгссөн. Бидэнд монгол бичиг заасан Жамбалсанжид гэж захирал байсан. Анхны хичээл дээрээ орж ирээд монгол бичгийн зурлагуудыг нь танилцуулахдаа “сүүл, орхицыг суга руугаа шидэж буй мэт бичээд бай” гэж байж билээ. Монгол бичиг маань шилбэ, шүд, гэдэс, сүүл, титэм гээд хэдхэн зурлагатай. Үгийн эхэн, дунд, адагт өөр болж хувирч байгааг нарийн харахад тэгж бичихээс өөр аргагүйн учрыг ухаартал минь заадаг байсан.
Монгол бичиг үгийн язгуурыг эвддэггүй их сайн чанартай. Эх хэлээ илүү амталъя, мэдэрье гэх үед тэр язгуур руу нь ороход хэчнээн сайхан. Жишээлбэл, зургаа гэдэг үгийг жиргуга гэж бичнэ. Жирийн, жирэмсэн гэж бичихэд “жир” язгуур явж байна. С.Дулам багшийн хэлснээр, энэ бол хоёр гэдэг утгыг илэрхийлдэг язгуур. Үнэхээр “жирийн бус” гэдэг бол ахиж өөр байхгүй, хоёр гэж байхгүй гэсэн санаа шүү дээ.
Тэгэхээр үгийн язгуурыг хайх, эх хэлнийхээ баялаг сэтгэлгээ рүү оръё гэвэл монгол бичгээ ухах хэрэгтэй.
Харин кирилл монгол бичиг халх аялгуун дээр суурилсан. Бидний өдөр тутмын ярьж байгаагаар тэмдэглэхэд хамгийн их дэвшил авчирсан бичиг юм.
-Та нэрийн хуудсаа монгол бичгээр хэвлүүлсэн байна. Монгол бичгийг та хэзээнээс сурч эхэлсэн бэ?
-Монгол бичиг их гоё бичиг шүү дээ. Би оюутан байхдаа лекцээ монгол бичгээр тэмдэглэдэг байсан. Нэгдүгээрт, сурчихъя гэж бичиж байсан үе, хоёрдугаарт, их хурдтай бичиж болдог, гуравдугаарт нэг нууц бий. Тухайн үед бие биеийнхээ лекцийн дэвтрийг их гуйдаг байсан. Тэгэхээр монгол бичгээр тэмдэглэчихээр лекцийн дэвтрээ алдахгүй, амар байдаг байв /инээв/.
-Монгол бичгээр бичдэг хүмүүс цөөн байх үед монгол бичиг мэддэг хүмүүсийг ихэд тоодог, үнэлдэг байлаа шүү дээ. Ямар сайндаа, монгол бичгээр бичдэг улсууд илүү төлөвшсөн, хүмүүжилтэй харагддаг гэдэг байлаа. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Хичээж сурсан хүний цаана хөдөлмөр байдаг. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлж бий болгодог. Жишээлбэл, жүдогоор хичээллэж амжилт гаргасан хүнтэй уулзахад их даруу, ах захаа хүндэлдэг болсон байдаг. Тэгэхээр монгол бичиг сайн сурсны цаана өөрийгөө бий болгосон хөдөлмөрийг илэрхийлж байна. УИХ-ын гишүүдээс Н.Эрдэнэболд гишүүн монгол бичгээр маш сайхан таталгаж бичдэг, өөрийнхөө тэмдэглэлийг хөтөлж байхыг харсан. Мөн Б.Найдалаа гишүүн монгол бичгээрээ сайхан бичнэ. Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан сайд маш гоё хэвийн бичигтэй бичлэгээ цахим орчинд оруулсан байна билээ. Тэр нь цаанаа л их дадсан бичиг байгаа юм.
-Монгол бичиг сурахад танд хэцүү байсан уу?
-Сонирхолтой байсан л гэж хэлнэ. Манай багш монгол бичгээр “Монголын нууц товчоо”-г уншуулсан. Бид хуулж бичих явцдаа сурсан. Дандаа эртний ном бичээд байж болохгүй гээд монгол бичиг, кириллээр гарсан 1992 оны Үндсэн хуулийн монгол бичгийн хэсгийг нь уншуулаад, бас хуулуулж бичүүлдэг байв. Эцэст нь, Үндсэн хуулиа ч бараг цээжилсэн, монгол бичгээ ч тогтоогоод авсан.
Тэр байтугай монгол бичгийн тигийг судалсан судалгааг ч харж байхад, заргын бичгийг бичихдээ жадалж бичдэг, сүүлийг дээш татахгүй доош нь бичдэг байж шүү дээ. Энэ мэтээр монгол бичгийн үсгийн тигийн тухай асуудал ч сонирхолтой. Одоо ингээд хэний тигээр явах вэ гээд маргалдаж байна гэдэг бол монгол бичгийн хэрэглээ аль хэдийн бий болсны шинж юм даа.
-Т.Галсан гуай энэ үеийг “Монгол бичигтэн залуу үеийнхэн зулзган ширэнгэ шиг төрсөн үе” гэж их гоё тодорхойлсон?
-Үнэхээр гоё хэлжээ. Зулзган ширэнгэ 80 жилийн дараа ямар ой болох бол гэхээр сайхан санагдаж байна.
-Монгол бичиг дэлгэрэхэд уран бичлэг ихэд нөлөөлсөн, залуус ч уран бичлэгт ихэд татагдсан. Та уран бичлэг сонирхож байв уу?
-Ёстой чаддаггүй, тэгээд ч энэ нь авьяасын урлаг юм. Араб бичгийн уран бичмэлийг харахаар гайхамшигтай байдаг. Яагаад гэвэл, Исламын шашин элдэв дүр бүтээхийг хориглодог. Тэр бичиг дотроо дүр, дүрсийг бий болгох, хээ угалз болгох тал руу хөгжсөн учраас тэнд гайхамшиг байна. Монгол бичиг яг тийм. Хос уянгаар бичих, эвхмэл бичгээр бичих гэх мэт. Эвхмэл бичгийн учрыг эхэндээ олж уншина гэдэг бас л хүнд шүү дээ. Төрийн сүлдийг бүтээсэн зураач Ц.Ойдов гуай хос уянгын ланз маягийн бичгийг судалж нэг тиг бий болгосон гэж би ойлгодог.
-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулсан ажлын хэсгийг Боловсролын сайд ахалж ажилласан. Тэгэхээр одоо төрийн албан хаагчдын монгол бичгийн чадварыг гүнзгийрүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай вэ?
-Гол нь хэрэглээнд орох ёстой. Төрийн албан хэргийг хөтөлж эхэлж байна. Энэ нь бүр дээр үеэсээ эхэлчихсэн байсан шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадагш явуулж байгаа албан захидлыг англи, монгол бичгээр явуулдаг болчихсон байсан. Бид цаашдаа монгол бичгээр гарч байгаа хэвлэмэл материалуудыг нэмэх ёстой. Хоёрдугаарт, монгол бичгийн судалгааг дэмжих ёстой.
Монгол бичгээр хэвлэгдсэн сайн бүтээл зохиолуудыг эргэж хэвлэж гаргах ажлыг хийж байж монгол бичгийн хэрэглээ илүү сайжирна. Сурах бичиг дээр унших бичиг нэмэгдсэн. Унших бичгийн зарим хэсгийг нь монгол бичгээр хэвлэж өгч болно. Тэгээд уншаад дадаад сурчихаараа “энэ ямар амар бичиг вэ” гэх нь зайлшгүй. Монгол бичигт маш олон давуу тал бий шүү дээ.
-Нийслэлийн гуравдугаар сургууль монгол бичгээр хаягласан нь гоёмсог, өвөрмөц л харагддаг. Энэ мэтээр байр байшингийн дизайн урлалд монгол бичгийн хэрэглээг оруулах боломжийн тухайд та юу гэж бодож байна вэ?
-Гуравдугаар сургууль анх барилга барих үедээ л хаягаа хийчихсэн байсан. Барилгын хананы хоёр талд улаан дээр монгол бичгээр бичсэн. Иймэрхүү байдлаар хийгээд явахыг дэмжинэ. Гэхдээ Монгол Улсын төрийн байгууллагуудын хаягийн стандарт бий. Түүнд монгол бичиг заавал багтдаг. Боловсролын яам ч гэсэн кирилл бичгийн хажууд монгол бичгээр бичсэн байгаа.
Нэг жишээ хэлье. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав гэж хотын төвд байдаг сургууль дээр очиход цагаан шохойн барилгын ханан дээр улаан тоосгоор маш томоор биччихсэн байсан. Ингэхдээ “Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл” гэж монгол бичгээрээ бичсэн байсан.
-Төрийн байгууллагууд бүх албан бичгээ хос бичгээр үйлдэх хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг талаар нэмэлт дүрэм журам үнэхээр шаардлагагүй гэж та бодож байна уу. Бүгдийг цаасаар гаргаад байх уу гэдэг асуулт олон байгууллагын өмнө тулгарч байх шиг?
-Хуулийн заалтаар төрийн хэрэглээнд оруулна гээд заасан, түүгээрээ л явж байгаа. Ямар ч байсан кирилл үсгээсээ монгол бичиг рүү хөрвүүлдэг программ хангамж нь орчихсон явж байгаа. Цахим орчиндоо хоёулангаараа байж байгаа. Засгийн газар 100 хувь цахим руу шилжиж байна. Тэгэхээр цаасны хэрэглээ эрс буурч байгаа.
-Боловсролын яамны хувьд ямар хөрвүүлгийн программ ашиглаж байна вэ?
-Кирилл үсгээр алдаагүй бичсэн бол монгол бичгээр алдаагүй л бууна. Монгол бичиг компьютерт илүү сайн таардаг бичиг. Гээгдэх эгшгийн дүрэм байхгүй, үгийн үндэс нь эвдрэхгүй.
Ер нь бүх л зүйлийг, журмаар тогтоох гэвэл асуудлыг төсөр биш нүсэр болгох талтай. Хэрэглээний хүрээндээ бүгд хэрэглээд явж байгаа зүйлийг заавал тэгнэ ингэнэ гэх хэрэггүй шүү дээ. Хуульд маш тодорхой заалттай, түүнийгээ л хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Таны хувьд ямар ямар албан бичгийг цаасан дээр үйлдэж байна вэ?
-Зарим тохиолдолд тушаалууд цаасаар гарч байна. Засгийн газар руу явах албан бичиг цахим болчихсон.
Монгол хэлтэн, тусгаар тогтносон улсын голомтоо сахиж байгаа, соёл уламжлалаа хадгалж, дэлхийн нүүдэлчдийн соёлын том төв болсон улс орны хувьд, үндэснийхээ бичгийг дахин сэргээх нь дэлхийн соёлт хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн үүрэг юм.
Түүнийг хүмүүс сайн ухамсарлах хэрэгтэй. Монгол бичиг дэлхийгээр тархан суурьшсан олон хүнийг нэгтгэж яваа бичиг учраас бид гал голомт нь гэдгээ харуулж байгаа том үйл явдал юм.
-Танд нэгдүгээр сарын 1-нээс хойш монгол бичгээр бичиг баримт ирж байна уу?
-Ирж байна аа, хоёр бичгээр ороод ирж байгаа. Аль илүү хурдан уншдаг бичгээрээ уншаад л явж байна.
-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан унших бичгийг монгол бичгээр хөрвүүлэх ажил яагаад ажил хэрэг болохгүй байгаа юм бол?
-1-5 дугаар ангийн боловсролын хөтөлбөр, сурах бичгийг шинэчилж байгаа. Мөн 27 түшиц сургуульд туршиж тохиргоо хийх ажил явж байна. Бүтэн жил үргэлжилнэ. Түүний дараа бүрэн хэвлэгдэж гарна.
Тэгээд 6-12 дугаар ангийн судалгаа, үндсэн хөтөлбөрөө боловсруулах ажил эхэлж байгаа. 2026 ондоо нэвтэрч эхэлнэ гэсэн үг. Боловсролын хуулиараа 10 жил тутамдаа хөтөлбөрөө, сурах бичгээ шинэчилдэг. Тэр хугацаа нь ирээд байгаа юм. 2014 онд цөм хөтөлбөр гэж гарсан шүү дээ. Түүнээс хойш энэ цөм хөтөлбөр тууштай яг тогтвортой хэрэгжсэн. Дунд нь сайжруулсан хөтөлбөр гэж үнэлгээн дээр өөрчлөлт хийсэн ч цөм хөтөлбөр үндсэндээ өөрчлөгдөөгүй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг өөрчлөхийн тулд бид 2023 онд үндэсний бүх зөвлөлөө ажиллуулаад боловсролын үзэл баримтлалаа баталсан. Тэрхүү үзэл баримтлал дээрээ суурилаад явж байгаа юм.
-PISA үнэлгээгээр монгол хүүхдүүдийн унших, ойлгож унших чадвар муу байна гэж үнэлэгдсэн. Тэгэхээр унших чадварын энэ хоцрогдлыг яах вэ?
-Энэхүү асуудлыг хүмүүс мэдрэмжээрээ мэдэж байсан л даа. Гэхдээ хөндлөнгийн зүйл гарч ирэхэд хөдөлшгүй нотлох баримт нь болсон. Тийм учраас бид унших бичгийг хоёрдугаар ангиас нь сэргээж байгаа. Нэгдүгээр ангидаа үсгээ таньж, цагаан толгойнхоо цаана гарна. Унших чадварын хөгжил гэдэг бол бид сэтгэж байна уу, үгүй юү гэдэг тулгуур шинж чанартай асуудал шүү дээ.
-Энэ онд дахин судалгаанд хамрагдах ёстой санагдаж байна. Дэвшил харагдах болов уу, яах бол?
-Тийм ээ, гурван жил тутамдаа хамрагдана. PISA шалгалт бол 9 дүгээр ангид авдаг шалгалт юм. Ихэнх улс орнууд 9 дүгээр ангид заавал суралцах ёстой суурь боловсрол нь дуусдаг жил учраас тэр л дээ.
-Цар тахлаас үүдсэн хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөж байгаа вэ?
-Хоцрогдол ер нь бүхий л ангид үүссэн байгаа. Цахим хичээлд бага сургуулийн хүүхэд бие дааж орж чадахгүй, эцэг эхийн хараа халамж заавал шаардлагатай учраас л хоцрогдол үүсчихсэн хэрэг шүү дээ. Тэгэхээр бид үүнийг нөхөх 3 жилийн төлөвлөгөө гаргасан. Энэ жилдээ дуусах ёстой. Танхимын хичээлүүдээ бүрэн дуусгах бодлогоо барина. Гурван улирлын тогтолцоонд орж, ханиад ид дэгддэг үеэс эхэлж амраасан. Тэгэхдээ нэгдүгээр улиралд амардаг байсан үед нь танхимаар хичээллэхгүйгээр бие даалтын 7 хоног гэж оруулж ирсэн.
Хүүхдийг музей үзэх, өөрийгөө хөгжүүлэх, төлөвлөсөн ажлаа хийх гэсэн байдлаар сургуулиудад чиг өгч ажилласан.
-Сурах бичгийн чанарын асуудал их хөндөгддөг. Сурах бичгийн агуулгыг сайжруулах талд та ямар байр суурьтай ажиллах вэ?
-Зунаас ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гардаж байгаа. Үүнд 250 орчим судлаач, багш, эцэг эхийн болон хэвлэлийн компанийн төлөөлөл, гадаадад төгсөж ирсэн судлаач гээд олон жил сурах бичиг бичилцсэн туршлагатай улсууд багтсан.
Бүүвэйн дуугаар эхэлж суудаг эх хэлнийх нь тэр айзмыг хүүхдэд тархинд нь суулгах ёстой. Туульс сонсож байж 3-4 үгээр айзам холбоно. Толгой сүүл холбохдоо биш хэлний айзам гүн бат суух ёстой.
Орчин цагт хүүхдийн амьдарч байгаа орчинд нь нийцсэн үг хэллэг байгаа эсэхийг харсан гэж ойлгосон. Тэгэхдээ манайхан энэ удаагийн гаргаж байгаа "Цагаан толгой"-н унших бичигтээ уламжлалыг барьсан байна билээ. Хэтэрхий их уламжлал барилаа гэх шүүмжлэл ч ирсэн байна билээ.
МУИС, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран 1-12 дугаар ангийн хүүхдийн толгой үг хэдийг мэдэж төгсөх ёстой талаар үгийн сангийн судалгаа хийсэн.
Хоёр удаа хэвлэгдсэн “Сурагчийн тайлбар толь”-д нэг, хоёр одтой үгийг оруулсан. Өмнө нь хэрэглээ ихтэй, бага хэрэглэдэг, монгол хэлээр гүнзгийрвэл шаардлагатай үгийн судалгаа байдаггүй байсан. Тэгэхээр сурах бичиг үгийн сан дээр үндэслэх ёстой.
Монголын ахлах сургуулийн хүүхэд толгой үг нь 30 мянгаас дээш үгтэй төгсчихмөөр байгаа юм. Хүүхдийг багад нь уншуулах номын жагсаалт гарсан байгаа.
Ээж аав нар хүүхдэдээ ном уншиж өгдөг байх хэрэгтэй. Ном сонсож өссөн хүүхэд үгийн баялаг ихтэйгээс гадна гэр бүл, хүүхдийн харилцаа бат нягт болно. Тиймээс багад нь ном уншиж өгч байсан хүүхдийн амжилт өндөр байна гэж судалгаагаар гарсан.
Тиймээс Боловсролын яам 2025 оны төсөвт бичил номын өргөөний системийг тусгаж чадсан.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд чинь монгол бичиг мэдэх үү?
-Хоёр хүүхэдтэй, хоёулаа монгол бичигтэй. Нэг нь оюутан, нөгөөх нь 10 дугаар ангид сурдаг. Миний охины бичгийн хэв нэлээн дадаад их сайн болчихсон байна билээ.
-Мэргэжлээрээ олон жил ажилласан хүмүүсийг 45 хоногийн сургалтад хамруулаад гэрээт багшаар ажиллуулахаар болсон. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Энэ ажлыг 5 их сургууль дээр бэлдэж байгаа. Өөрсдөө курсээ нээгээд, байгалийн ухааны чиглэлээр мэргэшээд, их дээд сургуулиа 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн, гэрээтээр, цагаар багшилж болно гэсэн хүсэл эрмэлзэлтэй улсуудыг сургаж байгаа. Төгсөхөөр нь шалгалт авч, тэд ажиллах боломжтой болно гэсэн үг.
-Эхнийх нь төгсөөд шууд ажиллах уу?
-Энэ хоёрдугаар сар дөхүүлээд төгсөх байх. Захирлууд шийднэ. Математикийн багшийн цаг гэхэд нэг багш 19 цаг заах ёстой байтал 30 гаруй цагийн хичээлтэй байхаар яаж чанарыг шаардах юм. Тиймээс багшлахуй дээр 6 багц арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Тэтгэвэртээ суучихсан багш нарыг ажиллуулахыг маш их дэмжиж байгаа. Энэ асуудал бол тухайн үедээ миний олон нийтэд ойлгуулах тал дээр сайн ажиллаж чадаагүйн жишээ л дээ. Манай улсад 1970-аад онд болон түүний өмнө багшийн хомсдол гарч байсан юм билээ.
-Сайдын хувьд хамгийн чухалчилж хэрэгжүүлэхээр байгаа ажлынхаа талаар ярьж болох уу?
-Багшийн чанар, ёс зүй, чадварыг эрс дээшлүүлэх хэрэгтэй. Сайн багш олон бий, туршлагыг нь түгээмээр байна. Багшийн ажил руу хамгийн чадварлаг хэсэг нь тэмүүлдэг болгохын тулд цалин хөлсийг нэмэх, зөвхөн салбарын биш үндэсний хэмжээний асуудал болж байна.
Боловсролын салбарт 90 мянга гаруй хүн ажиллаж байна. Төр засаг, УИХ бүхэлдээ хөдөлж байж, макро эдийн засгийнхаа тооцоог зөв хийх ёстой ажил болж байгаа. Мөн ахлах сургуулиудыг сонголттой болгох асуудал чухал. Өөрөөр хэлбэл, бид нэг л хэвийн ахлах сургуультай яваад ирлээ. Үүнээсээ цааш явъя. Есдүгээр анги төгсөж байгаа хүүхэд ахлах сургуулийн 5 хэв шинжийн өмнө ирж байх ёстой. Тэгээд ээж аавтайгаа 5 сонголт байгаа тухай ярина. Их, дээд сургууль руу зориод явах уу, эсвэл 12 дугаар анги төгсөхдөө бүрэн дунд боловсролын мэргэжлийн гэрчилгээ авдаг ахлах сургууль руу явах уу гэдэг 4 хэв шинж байна.
Монгол Улсад 9 дүгээр анги төгсөж байгаа хүүхэд бүр мэргэжлийн тест өгдөг болох хэрэгтэй. Олон улсын хүүхэд бүрийг анализ хийдэг байдлыг нэвтрүүлмээр байна.
Сонголт гэдэг бүх юмыг өөрчилж байдаг, агуу юм. Сонголт хийхийн тулд өөрийгөө тодорхой хэмжээнд нээсэн байх хэрэгтэй. Жишээлбэл, сонголтын талаар Харвардын их сургуулийн нэг профессорын лекц бий.
Социалист орнуудад сонголт байгаагүй. Дэлгүүрт ороход ундаа нь улаан ус нэртэй ганцхан төрөл. Гэтэл хөгжсөн орнуудад ундаа 200-300 төрөл болоод явчихна. Кола дотроо хэдэн төрөл, үргэлж сонголтын дунд оршиж байна. Сонголт хийж чадна гэдэг өөрөө боловсролын маш том үзүүлэлт. Сонголт хийж чадна гэдэг цаана нь үнэ цэн, сайн мууг харж чадах нүд байна гэсэн үг. Энэ нь өөртэйгөө ажилласан хүний шинж. Мөн XXI зууны чадамжийн гол хэсэг юм. Үүнийг суулгахад анхаарах ёстой. Тэгэхээр ахлах сургууль төрөлжиж эхлэх нь байна. Хүүхэд өөрөө өөрийгөө сорьж үздэг болно. Тэгээд 10 дугаар ангид орж байгаа хүүхэд зорилготой болж эхэлж байгаа юм.
Хоёрдугаарт, Хөдөөгийн эзэд нь байхгүй болчихоод байна. Хөдөө нутгийн эзэн нь 6 настай хүүхэд шүү дээ. Зургаан настай хүүхдийг тойрч гэр бүл оршиж, амьдрал эргэлдэж байгаа. Хүүхдийг нь сумын төвд хүчээр суулгадаг байдлыг цөөлж эхэлнэ. Багийн бага сургуулийг бид мотоциклоороо хүргээд өгөх зайд байгуулж эхэлнэ. Ийм бага сургуулиуд байж байж боловсролын чөлөөт бүс гэсэн ойлголт өнөөдөр орж ирж байгаа. Тавдугаар анги төгсөхөд нь тодорхой чадварыг суулгачихсан байхыг зорино. Хөдөө эзэнтэй байх хэрэгтэй. Бид малчин залуучуудад зориулсан сургалтыг хийхээр төсөв оруулсан.
Насан туршийн боловсрол гэж чухал хэсэг. Монгол Улс өнөөдөр уламжлалт МАА-гаа соёлын гол үндэс гэж үзвэл боловсролын нэг хэсэг байх ёстой гэдгийг бид хэлж байгаа. Боловсрол гэдэг өөрөө тасралтгүй хөдөлгөөн дунд байна. 20, 30 жилийн өмнө AI гэж мэддэггүй, 10 жилийн өмнө цөм хөтөлбөр гэж гарч байхад хиймэл оюун ухаан гэхэд ойлгодоггүй байсан. Гэтэл өнөөдөр хүүхэд ChatGPT суулгачихсан гэрийн даалгавар хийгээд сууж байна.
Тэгэхээр энэ их хүчтэй өөрчлөлт дунд боловсролын систем өөрчлөгдөх ёстой болчхоод байна. Тиймээс бидний шинэчилж байгаа хөтөлбөрт компьютерын ухааныг нэгдүгээр ангиас нь, англи хэлийг 3 дугаар ангиас нь орж байна.
Дэлхий рүү гарах хоёрхон том гарц байгаа. Нэг нь англи хэл, нөгөөх нь компьютер. Мөн “Хүүхэд бүрд компьютер” хөтөлбөр Засгийн газрын хөтөлбөрт орсон. Багш бүрд биш хүүхэд бүрд тэгш боломжийг олгохоор интернэтийн хурдыг нь нэмэх ажил хийж байгаа. Үүлэн орчин дахь нэг хүнд оногдож байгаа тэр зай байж байж бүрэн явна шүү дээ. Ерөнхийдөө боловсролын асуудлаар яриад байвал маш их олон асуудал байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.