/2024.01.19/: УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 сар үлдэж байна.
Намрын чуулганыг хааж хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэтгэлийн чуулган болсон хэмээн онцоллоо. Шинэтгэлийн чуулган гэж нэрлэх хэд хэдэн шалтгаан бий ажээ.
Нэгдүгээрт, “3D” буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан гээд ард түмний засаглах эрхийг хангахад дэвшил гарсан хэмээв. Цахим талбараар дамжуулан хууль тогтоох үйл ажиллагаанд анх удаа иргэдээсээ санал авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн зэрэг нь парламентын түүхэн дэх шинэчлэл гэдэг нь маргаангүй юм.
УИХ-ын даргын намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ, эрүүл, шударга нийгмийг цогцлоохын төлөөх их нүүдэл болон өрнөж байна хэмээсэн нь олон жил бугшсан булхай луйвар илчлэгдэн, гэм буруутнуудыг зарлаж нийгмийн шударга ёсны хүлээлтэд ямар нэг хэмжээгээр хариулт өгч чадаж буйгаа илэрхийлсэн биз ээ.
УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн дагуу шат дараалсан сонсголуудыг удирдсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр хэлэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатарын манлайлал дор Хөгжлийн банкны, нүүрсний хулгайн хэргүүдийн гэм буруутны нийгмийн өмнө гаргаж чадлаа хэмээн хэдхэн хоногийн өмнө постолсон байсан.
Тэгэхээр УИХ-ын даргын намрын чуулганы хаалтын үгэнд парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдэж эхэлсэн талаар агуулга жинтэй байр суурь эзэлж байна. Улмаар “ Уламжлал, шинэчлэл хоёрын тэнцвэрийг олох, буруу зөвийн ялгааг таних, тогтолцоо, засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдөө илрүүлэн, шүүн шийтгэх зэргээр товчхондоо их өөрчлөлтөд тэмүүлсэн нүсэр хөдөлгөөн идэвхжсэн цаг үеийг бид туулж байна. Эмх цэгцгүй, бужигнаан түжигнээнтэй ч юм шиг санагдах энэ хөдөлгөөн бол эмх цэгцээ олж цэгцрэх их том эерэг үйл явц гэдгийг бид ойлгох ёстой” гэж хэлжээ. Эдгээр хэргүүдийг үйлдсэн гэм буруутныг гэсгээхэд хууль, шүүхийн байгууллага анхаарал хандуулахыг сануулсан юм.
Тиймээс тэрбум тэрбумаар төрөөс хулгай хийсэн эзэд илэрсэн, харин одоо хэрхэн хариуцлага тооцохыг ард түмэн хүлээж харж байна. УИХ-ын дарга ч бас ард түмэнтэйгээ хамт хариуцлага тооцохын хүлээж байгаа гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын дарга сүүлийн нэг жилийн доторх эдийн засгийн өсөлтийн талаарх таатай тоо баримтыг хэлсэн. Гэхдээ энэ өсөлт бидэнд хэрхэн “наалдах” нь бүрхэг.
УИХ-ын дарга энэ талаар “макро эдийн засгийн амжилт, өсөлтийн тоон үзүүлэлтээр ард түмнээ цатгаж бид чадахгүй ээ. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой” гэж онцолсон нь иргэдэд итгэл төрүүлж, эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэх хугацаа холгүй байгаасай гэх хүсэмжлэл төрлөө. Үнэндээ инфляц буурч буй хэдий ч орлого нь амьжиргааг нь залгаж чадахгүй байгаа талаар судалгаанд оролцсон 10 иргэнээс 8 нь хэлсэн ажээ. Бид үнэндээ тоонд “цадаж” ханалаа. Тоог тооноор “оруулах” талаар УИХ-ын даргад төлөвлөгөө бий гэдэгт итгэнэм.
“Ард түмний мэдэх эрх” хэмээн холбоо үгс сүүлийн үед улстөрчдийн амнаас гарах боллоо. Үнэндээ бол “нүүрсний” болон Хөгжлийн банкны луйврыг ямар хүмүүс, хэрхэн үйлдсэнийг олон түмэн мэдэж авсан. Энэ бол ард түмний мэдэх эрхээ эдэлсэн бодит жишээ. УИХ-ын дарга хэлэхдээ “өмнө нь өндөр түвшний улстөрчид, эрх мэдэл бүхий хууль сахиулагчид, шударга бус замаар бизнес эрхлэгч гурав эрх ашгаараа нийлэхэд, энэ улсад хуулиас дээгүүр давхарга үүсгэдэг байсан бол парламентын шинэтгэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд 10, 20 жилээр далд бугшиж байсан хулгай, дээрэм ил гарч байна. Ард түмэн төрөөсөө шударга ёсыг тасралтгүй шаардаж, тэр шаардлага нь энэ танхимд хууль болон батлагдаж, хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод нийгмийн хариуцлагатай засаглал бүрдэж байна” гэсэн нь энэхүү парламентыг түүхэнд үлдэх гавьяа хэмээн ойлгож байна.
“Хиймэл оюун ухаан бол хоёр үзүүртэй илд” гэж үздэг болсон гэж хэлсэн УИХ-ын даргын үг тун оновчтой байв. Өнөөдрийн сошиалын эмх замбараагүй мэдээлэл дунд бид живж буйг анхааруулаад үүнээс сэргийлэх цорын ганц найдвартай, үр дүнтэй арга бол хэрсүү няхуур, мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвартай ард иргэд юм.
Нуран унаж буй хуучин, бохир хүсэл шинэ аргаар хэлбэржсээр байгаад иргэн бүр соргог мэдрэмжтэй хандаж, үүний эсрэг шийдвэртэй тэмцэхийг уриалж байна хэмээв.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад одоо ганц хаврын чуулган л үлдэж байна. Тиймээс ганц намрын чуулганаа дүгнэх бус бүрэн эрхийнхээ хугацаанд баримталсан бодлогоо илэрхийлэх цаг үе ирсэн. УИХ-ын дарга 8 дахь удаагийн парламент бүхэлдээ улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж нөхцөлүүдийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн гэв.
Үнэхээр засаглалын түүхэнд хамгийн бага халаа сэлгээтэй нь Д.Оюун-Эрдэнийн Засгийн газар болж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын тэнцвэрийг хангахын тулд Засгийн газрын хэд хэдэн гишүүнийг сольсон. Үүнээс өөрөөр “өөлөх” юмгүй Их хуралдаа “өлгийдүүлсээр” өнөөг хүрч чадлаа. Гэхдээ УИХ-ын даргад Засгийн газрын шүүмжилсэн жинтэй үг хэлэв.
Тэрбээр, “Авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны суурь шинэчлэлүүд, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх Засгийн газрын шийдвэр, шийдэл бүхнийг Улсын Их Хурал гацаа саадгүй, яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Гэвч Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадаагүй, байр сууриа нэгтгээгүй, тооцоо судалгаа дутуу хийсэн зэрэг олон алдаа дутагдлын буруутан нь УИХ болдог жишиг тогтож, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна” гэсэн юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтүүдийг хөрсөнд буулгахад маш чухал Сонгуулийн жил эхэлж байна. Ирэх парламентад бүсчилсэн 8 тойргоос өрсөлдөж ялалт байгуулсан 78, намын жагсаалтаас шүүгдсэн 48, нийт 126 төрийн түшээдээс бүрдэнэ. УИХ-ын дарга ирэх сонгуулийг бүс нутгийн хөгжил дэвшлийн төлөө бодлого дэвшүүлж, бодлогоор өрсөлдөх сонгууль болох ёстой хэмээгээд хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтууд амжилттай хэрэгжихэд бүсчилсэн хөгжлийн бодлого чухал түлхэц болох болно гэв.
УИХ-ын даргын намрын чуулганы хаалтын үгэндээ уламжлал ёсоор УИХ-ын гишүүддээ хандсан урилга дэвшүүлж улмаар үүрэг өглөө. Чуулганы завсарлагаанаар малчдын өвөлжилтөд анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах үүрэг өгөөд “нийгмийн ухамсар нягтарч, ёс зүйн өндөр хэм хэмжээ тогтож, улс төрийн ёс суртахуун, хариуцлагын босго өндөрссөөр буй энэ цаг үетэй хөл нийлэх нь улс төрчдийн хувьд нэг ёсны сорилт юм. Тиймээс нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай” хэмээн уриалжээ.