/2023.09.29/: Монгол Улсын нийслэлд өндөр боловсролтой эмэгтэйчүүд эрчүүдээс хавьгүй илүү байдгаас шалтгаалан хань ижлээ олоход тэдэн бэрхшээл тулгардаг байна.
Сүүлийн хэдэн арван жилд Монголчууд охидоо нийслэлд их сургуульд оруулж тэдний боловсролд хөрөнгө оруулалт хийсээр иржээ. Зарим эцэг эхчүүд охид нь хөгширсөн хойноо тэднийг илүү сайн халамжилна гэдэгт итгэдэг бол зарим хүмүүс мал маллах нь эрэгтэйчүүдийн хийх ажил тул эмэгтэйчүүд өөр ур чадвар эзэмших хэрэгтэй гэж боддогоос хөвгүүд гэртээ үлдэж мал хариулдаг байна.
Энэ хандлага нь Монголд “хүйсийн урвуу ялгаа” гэж нэрлэгддэг зүйлийг бий болгожээ. Одоо эмэгтэйчүүд эрчүүдээс илүү боловсролтой болсон. Мөн тэдний ихэнх нь ажил, хөдөлмөр эрхэлдэг. Тэд бас эрчүүдээс дунджаар 10 жилээр урт насалдаг.
Гэвч эрчүүдийг гүйцэж түрүүлснээрээ монгол эмэгтэйчүүд их сургуулиа төгсөөд ихэнх нь ажил хийн хотод үлдэж, өөртөө тохирсон хамтрагчаа олох гэж тэмцэж байна. Улаанбаатар хотод гэрлэлтийн түвшин 2007 онд 22.9 байсан бол 2016 он гэхэд 1000 хүн тутамд 8.9 болтлоо буурсан талаар тус улсын статистикийн газраас мэдээллээ.
Хотын эмэгтэйчүүд шаардлага хангасан эрэгтэй хүн дутмаг байгаад сэтгэл дундуур байдаг. Нэг талаараа тэдний зөв. Тус улсын гурван сая хүн амын тал нь амьдардаг нийслэл хотод эрэгтэйчүүдээсээ 60,000 гаруй их эмэгтэйчүүд амьдардаг. Их, дээд сургууль болон ажлын байранд эрэгтэйчүүдээс хамаагүй олон эмэгтэйчүүд байдаг. Харин 15-аас дээш насны хот суурин газрын эрчүүдийн бараг 40 хувь нь гэрлэсэн байдаг бол эмэгтэйчүүдийн дөнгөж 32 хувь нь гэр бүлтэй.
Монгол эмэгтэйчүүд болж өгвөл 29 нас хүрэхээсээ өмнө гэр бүлтэй болж, ажил мэргэжилтэй болох гэсэн давхар соёлын дарамттай тулгардаг байна. Харин нас нь яваад ирэхэд тэд эрчүүдийг арай өөрөөр харж эхэлдэг.
Зола [жинхэнэ нэр нь биш], 39 настай, эдийн засагч, гадаадад магистрын зэрэг хамгаалаад буцаж ирснээсээ хойш хамт амьдрах хүнээ хайсаар байна. Тэр сохор болзоо болон найз нөхдийн найзтай танилцах гэх мэтээр оролдож үзжээ. Тэр ч бүү хэл бөө дээр очиж үзсэн байна. Саяхан тэрээр эрчүүдэд анх тавьж байсан өндөр шалгуураа өөрчлөхөөр шийджээ.
"Одоо би зүгээр л намайг халамжилж, хайрладаг байх ёстой гэж бодож байна. Би мөнгөтэй, өндөр боловсролтой эр хайж байгаа юм биш. Тэр зүгээр л сайхан сэтгэлтэй, намайг сонсож, халамжилдаг л бол амжилттай яваа эсэх нь надад хамаагүй. Тэгээд л болоо."
Дэлхийн банкнаас өнгөрсөн гуравдугаар сард гаргасан судалгаагаар 20-иод насны Монгол эрчүүд эмэгтэйчүүдийг өөрсдөөсөө илүү амбицтай гэж тодорхойлсон байна. Гэхдээ энэ зан нь сонирхол татахуйц биш харин тийм ч таатай бус зан чанар гэж дүгнэжээ. Нөхөр олохгүй байх эрсдэл нэмэгддэг ч эмэгтэйчүүд яагаад боловсролдоо ийм их хөрөнгө оруулалт хийв гэж зарим хүмүүс гайхаж байна.
Улс төр судлалын чиглэлээр суралцдаг их сургуулийн оюутан, 19 настай Гантулгын Булганчимэг хэлэхдээ, түүний насны эрчүүд богино банзал өмссөн эмэгтэйчүүдийг илүүд үздэг. Эдгээр эрчүүд, тэр ч байтугай ангийнхан нь хүртэл хүйс, ЛГБТ эрхийн асуудалд хоцорч байдаг гээд хэзээ ч гэрлэхгүй гэж бодож байгаагаа хэлжээ.
Говьсүмбэр аймгийн эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Төмөрийн Болдбаатарын хэлснээр 1990-ээд онд Монгол Улс коммунист тогтолцооноос шилжсэн энэ үед төрийн өмчит компаниудын хувьчлалын улмаас олон мянган эрчүүд ажилгүй болсон ч одоо болтол сэргэж чадаагүй байна. Архидан согтуурах, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж буй эрчүүдээс илүүтэй төрийн бус байгууллагууд болон засгийн газар эмэгтэйчүүдэд илүү анхаарал хандуулдаг гэв. “Эмэгтэйчүүд монгол эрчүүдийг нэлээд хоцрогдсон учраас дорд үзэж эхэлсэн. Ямар ч эмэгтэй дутуу боловсролтой, ёс суртахуунгүй хүнтэй амьдрахыг хүсдэггүй. Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүд илүү чинээлэг, боловсролтой эрчүүдийг хайж байгаа гэж боддог" гэв.
Эх сурвалж: Theguardian