/2023.09.29/: Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг өнгөрөгч тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан.
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулсан тус сонгон шалгаруулалтад Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарсан.
Гэрээний дагуу төслийн техник, эдийн засгийн үндэслэл, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг 2023 онд багтаан дуусгаж, барилга угсралтын ажлыг 2024 оны I улиралд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын нийт дэлгэмэл урт 32.7км, 1 дүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай гүүрийн нийт урт 9.1км. Эстакадан гүүр нь мушгирсан төлөвлөлттэй, 32 метрийн Т дам нуруутай, газрын гадаргаас хамгийн ихдээ 31 метр өндөр, жилд 30 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.
Төслийн хүрээнд Монгол Улсын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон БНХАУ-ын Ганцмод-Бугатын Ваньшуйчуань чиглэлийн төмөр замуудыг холбохын зэрэгцээ нарийн болон өргөн хос царигийн гүүрэн байгууламжтай замаар хил нэвтрэх төмөр зам барьж байгуулж байгаагаараа онцлог юм.
Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт-Ганцмод боомтод түшиглэсэн цогц төслүүд эдийн засгийн өсөлтийг жилд 1.8-3.2 хувиар өсгөж, дунджаар 4.8-5.4 тэрбум ам.долларын нэмүүн өртгийг үйлдвэрлэж, 5000 орчим шинэ ажлын байр ба түүнийг дагасан 1800-3200 шууд бус хөдөлмөр эрхлэлтийг үүсгэнэ.
Үүнээс гадна, нүүрсний экспорт 2 дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2 дахин буурснаар урсгал тэнцлийн тээврийн үйлчилгээний алдагдлын өнөөгийн түвшин болох 700 тэрбум ам.долларын алдагдал мэдэгдэхүйц буурч, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төгрөгийн бодит худалдан авах чадвар сайжирна.
Мөн нийт бүтээмж өсөж, эдийн засгийн өсөлтөөс хүртэх иргэдийн оролцоо тэлж, улмаар эдийн засгийн урт хугацааны өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө гарна.
Эх сурвалж: ЗТХЯ