Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн их баяр цэнгэл наадмын үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож, түрүү бөхөө тодруулсан. Тус наадамд зургаа давж шөвгөрсөн Хэнтийн аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын үндэсний бөхийн тамирчин, Монгол Улсын харцага, ахлах ахлагч Г.Бадрахтай ярилцлаа.
-Төр түмний их цэнгэл наадамд зургаа давж, улсын цолтны эгнээнд багтсанд тань монголынхоо нийт хилчдийн өмнөөс халуун баяр хүргэе. Ингээд ярилцлагаа яагаад бөх болохоор шийдсэн тухайгаас эхэлье.
-Монголчууд хүү төрвөл бөх болно гэж бэлэгшээдэг. Аав, ээж, хамаатан садангууд маань “чи бөх болно” гэдэг байлаа. Ингээд ухаан орохын л бөх болох юм байна гэсэн сэтгэлгээтэй өссөн. Миний аав Батширээт сумынхаа Бөхийн холбооны дарга, бөхийн зүтгэлтэн хүн бий.
-Таны анхны багш хэн байв, мөн үзүүлж байсан амжилтуудаас дурдвал?
-Аав маань намайг бөхийн тэмцээн алгасуулахгүй дагуулж явдаг байсан. Хамгийн анхны багш гэвэл Алдар спорт хорооны дасгалжуулагч байсан Монгол Улсын начин Ш.Зоригт багш дээр ирж гурван жил бэлтгэл хийсэн. Анхны амжилт “Аваргын гараа” гээд хүүхдийн бөхийн барилдаанд үзүүрлэж байлаа. Өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд мөн амжилт үзүүлж байсан.
-Сумын заан цолыг 18 настайдаа авна гэдэг том амжилт. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Батширээт сумандаа сайхан барилдаж түрүүлсэн. Хүүхэд байхын л том зорилготой, том бөх болно гэж боддог байсан. Тиймээс ирээдүйн их амжилтын эхлэл гэдэг утгаараа сайхан байсан.
-Хилчин спорт хороотой хэрхэн холбогдож байв?
-Их сайхан түүх бий. 2013 оны хоёрдугаар ээлжээр хилийн цэргийн 0164 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн. Сумын заан цолтой цэрэгт ирсэн учраас ангийнхан маань намайг “Заанаа” гэж дууддаг байсан. Том биетэй болохоор ч тэр үү тэгэж эрхлүүлнэ. Тухайн үед цэргүүдээс судалгаа авсан юм. Тэгсэн нэг цэрэг хоолондоо цадахгүй байна гэж биччихсэн юм билээ. Хурал дээр “Хэн хоолондоо цадахгүй байна” гэж дарга нар асуухад дуугарах хүн байдаггүй. Тэгсэн над руу харсанаа бодвол чи л биз. Энэ цэрэгт хоёр хүний нормоор хоол өг гээд тэр цагаас хойш хоёр цэргийн хоол иддэг болсон юм даа. Зун нь Хилчин спорт хорооны бөхчүүд Бугын сангийн аж ахуйд наадмын бэлтгэлд гарахад надад хамт бэлтгэл хийх боломж олдсон. Наадмын бэлтгэлээс буугаад намар нь халагдаж байлаа. Ингээд спорт хороотойгоо холбогдож улсын начин, дэд хурандаа Н.Бүрэнбаатар багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн.
-Монгол Улсын дархан хил дээр очиж байсан уу?
-Би төвийн биш хилийн ангид алба хаадаг байж гэж тухайн үед харамсдаг байлаа. Хэрэв тэгсэн бол Хилчин спорт хорооны тамирчин болж чадахааргүй байсан байж ч мэднэ. Бөхчүүд торгон хилд гээд үйл ажиллагаа зохиогдоход ах нарыгаа дагаж улсынхаа хилийн шугам баганыг үзэж байлаа. Одоо тэрхүү үйл ажиллагааг дахин явуулмаар санагддаг.
-Хэнтий аймагтаа барилдаж түрүүлж арслан цол авсан ч өгөхгүй гэсэн маргаан дагуулж байсан. Энэ асуудал яг юу болсон бэ?
-Би 2017 онд аймагтаа үзүүрлээд заан цол авсан. Дараагийн зорилго түрүүлэх байсан юм. Ингээд 2019 онд сайн барилдаж түрүүлсэн. Тэр жилдээ бөхийн холбооноос Хэнтий аймгийн наадмыг хүчингүйд тооцож, цол олгохгүй гэсэн. Гарын даа нар оноолтыг буруу хийсэн гэх шалтгаанаар хэсэг хугацаанд заан цолтойгоо барилдсан. Ингээд цагаан сарын өмнөх барилдаанд аймгийн арслан цолоороо бүртгүүлсэн.
-Та аймгийн заан цолтой улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн анх бөх болсон. Бөхийн өргөөнд болсон тэр барилдааны тухай ярихгүй юу?
-Өмнөх хоёр барилдаанд нь нэгийн даваанд уначихсан байсан. Тэгээд “Арай ч дээ чи аймгийн арслан цолтой хүн байж, нэг давж чадахгүй” гэж өөрийгөө хурцалсан. Манай нутгийн Босоо Самдан аварга мэндэлсний 120 жилийн ойн барилдаанд ядаж гурав давчихая гэсэн бодолтой очсон. Гурвын даваанд Завхан аймгийн Сонгино сумын харьяат аймгийн арслан Б.Ганбаатартай таарч их хүнд барилдаан хийсэн. Дөрвийн даваанд Н.Золбоо харцагатай оноолт таарлаа. Би хонгодуулах гээд зогссон чинь хонгодож өгдөггүй. Сүүлдээ хоёр гар цуцаад өргөгдөхөө больчихсон. Тэгсэн чинь өөрөө чөлөөтийн хүн учраас хонгодоод дайрахад нь өшиглөж давсан. Дараагийн даваанд нь Улсын заан Б.Соронзонболд ахад амлуулж даваад зургаагийн даваанд Ц.Одбаяр заантай барилдсан. Тухайн үед би хөдөө 14 хоног амарч ирээд Булган Хан дэвжээн дээр очиж бэлтгэл хийхэд Ц.Одбаяр заан “Миний дүү чинь сайн байгаа юм байна, нутгийнхаа аваргын барилдаанд дээшээ барилдана шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хөдөөгүүр бэлтгэлгүй явсан юм чинь сайн барилдана гэж юу байх вэ” гэсэн бодол төрж байлаа. Тэгээд зургаагийн даваанд Ц.Одбаяр ахыг хаяхад “Ах нь энэ барилдаанд түрүүлэх хэмжээний сайн байсан. Ахыгаа хаясан юм чинь түрүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд одоогийн улсын заан Б.Серик, улсын арслан Б.Орхонбаяр нарыг хаяж түрүүлээд жигтэйхэн их баярлаж билээ. Тухайн үед улсын цолтой бөх хүний баримжааг мэддэг юм байна л гэж бодсон.
-Бөх хүний ард бат найдвартай гэр бүл байж амжилт гаргах үндэс нь болдог. Гэр бүлээ танилцуулаач?
-Манай эхнэр Баянхонгор аймгийн Баянгол сумын харьяат Сүрэнхорлоогийн Сугармаа гэж сайхан бүсгүй бий. Хоёр хүүгийн аав, ээж болоод амьдарч байна. Бөх хүний ар гэр их хаягддаг. Албатай юм шиг өдөржин бэлтгэл хийж ирээд хоолоо идчихээд унтаад өгнө. Миний хань л ар гэрийнхээ амьдралыг зохицуулж, ар талыг дааж явдаг даа.
-Өмнө нь та улсад зодоглож байв уу?
-Энэ жил улсын наадамд гурав дахь удаагаа зодоглосон. Аймгийн арслан болсоноос хойш анх удаа цэнгэлдэхэд зодоглож буй нь энэ.
-Энэ жилийн бэлтгэлээ хаана базаасан бэ?
-Э.Оюунболд арслантай хамт Сүүж ууланд гарсан. Энэ жилийн бэлтгэл их сайхан таарсан. Өнгөрсөн жил бэлтгэлээ их цөмлөсөн. Жил жилийн наадмаас хамгийн муу орсон.
-Аймгийн цолтой бөхчүүдэд хоёрын давааны оноолт хамгийн чанга байдаг гэлцдэг?
-Энэ жил 1024 бөх зодоглосон. Би өөрөө нэг заан, хоёр харцагатай арслан болохоор эрэмбэ дээгүүр байдаг. Тиймээс аймгийн заан О.Бундхоролтой оноолт таарсан. Харин 512 бөхийн барилдааны хоёрын даваанд үеийнхээ арслангуудтай таарна.
-Тавын даваа хүртэлх барилдаанууд хэр хүнд байсан бэ?
-Бүх хүн л бэлтгэлийг тултал нь хийдэг болчихсон үед сул өрсөлдөгч гэж байхгүй. Алдаа гаргах л юм бол аваад залах залуучууд өчнөөн бий. Энэ наадмын гурвын даваанд улсын начин Ж.Дагва-Очир ахад амлуулж барилдаж давсан. Ж.Дагва-Очир ах ч ёндоотой начин болсон хүн дээ. Надад ч бас аз, ёндоо нь ирэх нь дээ гэж бэлэгшээсэн. Дөрвийн нугараанд улсын начин Г.Ганжидтай таарч барилдаж давчихаад төрийн наадмын одтой хүнээр давлаа даа гэж мөн л бэлэгшээж байсан. Тавын давааны өмнө би ч өөрийгөө нэлээд доошилчих болов уу гэж бодож байлаа. Тэгсэн энэ цагт ид жагсаж яваа улсын начин Хөхчирэнгэр буюу Ч.Батчулуун ах намайг авсан. Төрийн наадмын тавын даваа гэдэг чинь ямар ч аавын хүүгийн шандасыг шалгаад тэнд нь үлдээчихдэг л хүнд даваа шүү дээ. Амласан хүнээсээ эмээж байсан ч гэлээ шийдсэн мэхээ хийж барилдсан.
-Төрийн наадамд тав даваад есөн хөлт цагаан тугаа тойроод дэвэхэд ямар санагддаг юм байна.
-Мэдээж хэрэг баярлалгүй яахав. Гэхдээ дараагийн даваа байгаа учраас өөрийгөө дарж байлаа. Зургаагийн давааний өмнө Э.Оюунболд арслан их юм бодолгүй сайхан тайван бай гэж зөвлөсөн. Би аливаа зүйлд төвлөрхөөрөө нүдээ аниад нутгийнхаа уул усыг боддог. Зургаагийн давааны ам сонсоход Б.Эрдэнэхүү начин намайг авчихлаа. Том биетэй бяртай ч гэлээ сэнжиг ухаад дайраад байдаггүй учраас надтай барилдаан таардаг. Мэдэрч зогсож байгаад баруун мордоод хавирах мэх маань намайг харцага болгосон доо. Би өөрөө сэтгэлийн хөөрөл их багатай хүн учраас ямар их баярлаж байгаагаа гадагшаа гаргаж чадаагүй байх. Нутгийн маань уул усны буян надад шингэж дээ гээд маш их баярласан.
-Долоогийн даваанд таныг их дээрээс даян аварга Н.Батсуурь амалсан. Тэр барилдаанд ямар алдаа гаргасан бэ?
-Барилдахын өмнө харцага гээд сайхан цол авчихлаа. Заан цолтой болчихвол надад томдох болов уу гэж цолноосоо эмээсэн. Барилдааны хувьд миний анхаарал алдсанаас болсон.
-Бэлтгэлдээ гарчихсан байгаа юу?
-Улсын цол авчихаар тухайн хүнд асар өндөр үүрэг хариуцлага ирдэг юм билээ. Цолондоо дүүрэн барилдах хэрэгтэй гэсэн бодол байнга төрнө. Наадмаас тав хоногийн дараа бэлтгэлээ эхлүүлсэн.
-Өдөрт хэдэн удаагийн ямар бэлтгэл хийдэг вэ?
-Ддоогийн байдлаар өдөрт нэг удаа дөрвөн цагийн бэлтгэл хийж байна. Намраас өдөрт хоёр болгоод хавраас буцаагаад багасгана. Хүчний бэлтгэл, үндэсний бөх гэсэн зарчимаар явдаг. Мөн өглөөний гүйлтийн дараа мэх давтахаар толгойд сайн суудаг.
-Тайлбарлагч нар Бадрахын баруун ташаа гэж ирээд их ярьдаг зүүн талдаа хэр ажиллаж байна вэ?
-Хүүхэд байхаасаа л баруун барилдаад сурчихсан. Зүүндээ ажиллаад мэх давтаад л байгаа. Сурсан юмыг сураар боодоггүй гэдэг шиг баруун ташаа түрүүлж явчихаад байдаг. Зүүн талдаа хийдэг олон мэхтэй болох гээд бэлдэж л байна.
-Хэнтий аймаг, Хилчин спорт хорооноос төрөх дараагийн улсын цолтон гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Алтанцоож, Дэлгэрхаан сумын харьяат аймгийн арслан Д.Аззаяа, Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс нарыг нэрлэх байна. Хилчин спорт хорооноос гэвэл Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат аймгийн начин Д.Төрбаяр нар сайн барилдаж байгаа.
-Багаасаа үлгэр дуурайлал авсан тамирчин гэж бий юу?
-Хилчин спорт хорооны Д.Баасандорж, М.Өсөхбаяр гэж хоёр заан ахыгаа л нэрлэнэ дээ. Хамт байхад гоё, сайхан энергитэй хүн. Бөхийн жудаг, хүндлэл, эрэмбэ, дараа ямар байх ёстой вэ гэдгийг энэ хоёр хүнээс харж болно.
-Дараагийн том зорилгынхоо талаар ярихгүй юу?
-Бэлтгэлээ сайн хийгээд улсын заан цолны төлөө л маш их хөдөлмөрлөнө дөө. Хөдөлмөрлөсөн хүнд л аз ирдэг. Тэрнээс биш бяртай болгон нь тав давдаггүй наадам шүү дээ.
-Харайдаг хэмээх харцага цолонд хүрсэн юм чинь төр түмнийхээ их баяр наадмын түрүү бөхөөр тодрох ерөөл өргөе.
-Маш их баярлалаа. Энэ завшааныг ашиглаад хүүхэд байхаас минь намайг өлгийдөж авсан Хилчин спорт хорооныхоо хамт олонд баярлалаа. Миний амжилт гаргах болсон хамгийн том шалтгаан бол Хилийн цэрэг, Хилчин спорт хорооны багш дасгалжуулагч нар маань юм. Олон аавын хөвгүүдийг улсын цолонд дөрөөлүүлсэн спорт хорооныхоо хамт олондоо дахин баярлалаа гэж хэлье.
Эх сурвалж: ХХЕГ