Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай болгоно

/2022.06.27/: Ногоон байгууламж нь хүртээмжтэй, иргэд байгальтайгаа ойр байх нь стрессийг багасгаж, хүний оюун санаа, бие бялдар гээд нийгэмд төрөл бүрийн ашиг тустай болохыг тогтоосон судалгаа олон бий.

Сүүлийн жилүүдэд төр, аж ахуйн нэгж, иргэд ногоон байгууламжийн ашиг тусыг ойлгож, амьдралын чанараа сайжруулахад анхаарч эхлээд байна.

Орчин үед дэлхийн олон хот ногоон байгууламж, хүрээлэн байгаа орчныг сайжруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын гадаад үзэмжийг сайжруулах, иргэдийн аялж зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг өвөрлөх болсон. Энэ жишгээр Улаанбаатар хот ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах орчныг бий болгосоор байна.

Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

-Үндэсний соёл, амралтын хүрээлэн

-Мишээл цэцэрлэгт хүрээлэн

-Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн

-Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн

-Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэн

-Чингэлтэй цэцэрлэгт хүрээлэн

-Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу уулын энгэрт барьж буй цэцэрлэгт хүрээлэн гэх мэтчилэн ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа юм.

Тийм учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ жил 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил эрчимтэй өрнөж байна. Энэ талаар Хотын дарга хэлэхдээ:

-Дэлхийн томоохон хотуудад ногоон байгууламжийн эзлэх хувь өндөр байдаг. 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгодог стандартыг тэд мөрддөг. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Тэгэхээр бид хуулийн зохицуулалтаа бий болгох хэрэгтэй байна. Хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар хуульчилж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн, Туул, Сэлбэ голын сав газруудыг ногоон байгууламж байдлаар нь ашиглах, иргэдэд аюулгүй байхад анхаарч байгаа. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд зүлэг тарьж ургуулах гэхчлэн ажлуудыг хот хийж байна. Швед Улсын туршлагаар зүлэг суулган, тарьж ургуулж эхлээд байна. Зүлэг болоод ногоон байгууламжийг тарьж ургуулах нь нарийн мэргэжлийн ажил. Тиймээс мэргэжилтнүүдийн хүчээр модлог, бутлаг ургамал, зүлэг тарьж эхэлсэн. Байгалийн зүлэг нэлээд сийрэг, амархан халцарч мууддаг бол Швед үрээр тарьж буй зүлэг натурал бөгөөд хүний хөлд амархан талхлагддаггүй онцлогтой гэсэн юм.

Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэхээр ажиллаж буй газрын нэг бол Богдхан уулын бэл дэх Дугуй цагаан орчмын бүс. Энэ газрыг “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнтэй хамтран тохижуулах юм. Тус хөдөлгөөний залуус долоо хоногийн турш иргэдээс судалгаа, санал авч, түүндээ үндэслэн зураг төслийг гаргажээ. Дархан цаазат газрын угтах хэсэгт харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, гудамжны хоолоор үйлчлэх боломжтой талбай гээд томоохон тохижилтыг хийх бөгөөд наймдугаар сардаа багтаан дуусгахаар ажиллаж байна.

ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫГ БАЙГАЛИЙН МАТЕРИАЛААР ТОХИЖУУЛНА

Архитектор Б.Батсайхан:

-Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулах ажлыг хийж байна. Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан онгон, хамгаалалтын, хязгаарлалтын бүс гэж хуваадаг. Онгон бүсэд ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Харин хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд хууль зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулж болдог. Ер нь бол тусгай хамгаалалттай газрын тохижилт хот, хотхон доторх тохижилтоос ялгаатай. Хотын даргын зүгээс Дархан цаазат газрын тохижилтын талаарх саналыг иргэдээс авах, залуусын хүч хөдөлмөрөөр хийх санал гаргаж, бид энэ дагуу ажиллаж байна. Дугуй цагаан орчмын тохижилтод АНУ, Австрали зэрэг орны тусгай хамгаалалттай газрын концепцийг барих юм уу, эсвэл Зүүн Өмнөд Ази чиглэлийн концепцийг барих уу, өөрийнхөө улсын хуулийн дагуу тохижуулах уу гэхчлэн шийдэх асуудал олон байсан. Хууль тогтоомжийн хүрээнд байгалийн материал ашиглан тохижуулах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн. Амралтын цэгүүд болоод ариун цэврийн өрөөний асуудлыг хүмүүс их хөнддөг. Гэвч тусгай хамгаалалттай бүсэд, тэр дундаа Дархан цаазат газарт нийтийн бие засах газар байгуулах боломжгүй. Тиймээс угтах хэсэгт шийдэж өгсөн. Цаашдаа Туул гол дагасан таван байршилд байгуулах цэцэрлэгт хүрээлэнд бол хүүхдийн тоглоомын талбайгаас эхлээд хэрэгцээт тохижилтыг хийх боломжтой гэсэн юм.

НОГООН БАЙГУУЛАМЖ НЭМЭГДҮҮЛЭХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИЖ БУЙ ИРГЭДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Төрөлх хотоо өнгө үзэмжтэй болгон тохижуулж, дэлхийн хотуудын жишгээр хөгжүүлж, амьдрах орчноо сайжруулахад залуучууд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах шинэ хандлага дэлгэрч байна. Залуучууд бүтээн байгуулалтуудыг шүүмжилж, үгүйсгэх гэхээсээ илүүтэй засаж залруулж, хамтран бий болгож байгаа нь Монголын ирээдүй гэрэлтэй байгаагийн илрэл билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж байгуулах ажилд иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллах, залуучуудын оролцоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Нийслэл амарч, зугаалах орчин бүхий ногоон байгууламжийг бий болгоход иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж оролцож байна уу?

-Улаанбаатар хот залуучууд, иргэдийн оролцоог хангасан хот байх ёстой гэж бодож байна. Хотын бүтээн байгуулалтад иргэдийн саналыг авах, залуучууд, иргэдийн оролцоог хангах хүрээнд уралдаан зарлах, хотын гаргасан санаачилгыг иргэдийн саналтай нэгтгэх зэргээр нээлттэй ажиллаж байгаа. Залуучууд их идэвхтэй байна. Жишээлбэл, “Creative 100” гэх залуучуудын хөдөлгөөн Дугуй цагаан орчимд байгальд ээлтэй, байгалийн өөрийнх нь давуу талыг ашиглан, тогтоцтой нь уялдуулан тохижилт хийхээр ажиллаж байгаа юм. Иргэд, залуучууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцоод, өөрсдийн хийсэн зүйлийг үзээд, бидний бүтээсэн хот гэж харна шүү дээ. Иймд тэдний оролцоог хангах нь их чухал.

-Энэ жил хашаа, хайс буулгах ажил эрчимтэй үргэлжилж байна. Хашаа, хайс буулгаснаар нийтийн эзэмшил талбай цэлийж, үнэхээр сайхан болж байна. Үзэгдэх орчин гэдэг ямар чухал байсан нь хүмүүсийн сэтгэгдлээс харагдсан. Энэ тал дээр та өөрөө ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Үзэгдэх орчин сайжирч, сайхан тохижуулсан ногоон байгууламж харж байвал хүний сэтгэл санаа ч уужирна. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот байлгахын төлөө ажиллаж байна. Хотын соёлтой иргэн байх, хотын өнгө үзэмжийг сайжруулах тал дээр иргэд өөрсдөө ч мөн ихэд анхаарч байгаа юм. Явган хүний замыг өргөсгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах боломжтой болгож, стандартад нийцүүлэн засах ажилд хувь нэмэр оруулахын дээр санаачилгаараа хашаа, хайсаа буулган, талбай чөлөөлж өгч байгаа ухамсартай иргэд, аж ахуй нэгж олон байна. Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжиж байгаа тэдгээр хүмүүст талархах ёстой.

Улаанбаатар хот өмнөх алдаагаа засах, цаашид хөгжих бүрэн боломжтой. Энэ боломжийг Улсын Их Хурал, Засгийн Газраас сайтар дэмжиж, эрх зүйн бие даасан байдлаар хангаж өгч байна. Улаанбаатар хот орлого, санхүүгээ төвлөрүүлэн, зарцуулах эрх албажсанаар иргэдийг бухимдуулж буй олон асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр баталгаажиж, иргэд үүний үр шимийг хүртэх боломжтой болсон. Энэ утгаараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол иргэдийн ая тухтай байдлыг хангах, бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр урьд өмнө нь байгаагүй түүхэн шийдвэр юм. Тиймээс хотын иргэд маань ч мөн бидний ажлыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжсээр байхыг хүсэж байна. Иргэдийн зүгээс тохижилт, ногоон байгууламжтай холбоотой олон хүсэлт, санал санаачилга гаргаж байгаа. Үүнийг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ.

Жишээлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд сүүлийн 63 жил их засвар хийгээгүй байгаа юм билээ. Баяр наадам гурван өдөр л болно, харин иргэд 40,50 жил тэр газарт амьдарна шүү дээ. Иймд зөвхөн Үндэсний их баяр наадамд бэлдэж бус, тэр орчмын иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд их засвар, тохижилт хийж байна гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.