/2022.06.27/: Украинд өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлуудын мэдээ, мэдээллийг тоймлон хүргэж байна.
"Их 7-гийн бүлгийн" дээд хэмжээний уулзалт:
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар "Их 7"-ын орнууд эрчим хүчний дараа орох хоёр дахь том экспорт болох Оросын алтыг импортлохыг хориглоно гэж албан ёсоор мэдэгдэв. Байден мөн Украины асуудлаарх G7 болон НАТО-гийн эв нэгдлийн талаар дурдаад, Германы канцлер Олаф Шольцэд G7 болон НАТО хамт байх болно гэж хэлэв.
Орос Киевт цохилт өглөө:
Ням гарагт Их Долоогийн орнуудын удирдагчид Германд цугларч байх үед Орос Украины нийслэлийг хэд хэдэн пуужингаар довтолсон байна. Киев дэх орон сууцны хороололд Оросын пуужингийн цохилтын улмаас нэг хүн нас барж, дор хаяж зургаан хүн шархаджээ. Пуужингийн довтолгоонд нэг цэцэрлэг өртсөн гэх мэдээлэл байгаа ч хэн ч бэртэж гэмтээгүй байна.
АНУ-ын дэмжлэг:
АНУ энэ долоо хоногоос эхлэн Украйнд зориулж "газар-агаар" ангиллын пуужингийн довтолгооноос хамгаалах дэвшилтэт, дунд болон урт тусгалын систем худалдаж авснаа зарлахаар төлөвлөж байна гэж CNN агентлагт мэдэгдлээ. Цэргийн тусламжид нэмэлт их бууны сум, батерейны эсрэг радарууд багтсан байна.
Оросын ялалт "сүйрэл":
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд түрэмгийллээ амжилттай явуулахыг зөвшөөрөх нь дэлхий дахинд "туйлын гамшигт" үр дагавар авчрах болно гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ням гарагт CNN-д ярьжээ. Дайн дэлхийн газрын тосны үнэд нөлөөлсөн хэдий ч Москваг шийтгэх шийдвэрээ үргэлжлүүлэхийг Жонсон Америк, Британи болон барууны бусад хүмүүст уриалав.
Олзлогдсон оршин суугчид:
Украины Запорожье мужийн Энерходар хотод олон зуун оршин суугчид олзлогдоод байна гэж Орост эзлэгдсэн хотын захирагч Дмитрий Орлов мэдэгдэв. Тэдний олонх нь "Запорожье атомын цахилгаан станцын чадварлаг ажилчид" гэж тэр бичжээ. "Хүмүүсийг цахилгаанд цохиулж, зодож, долоо хоног, заримдаа сараар хорьдог" гэв.
Беларусийн пуужингууд:
Орос ойрын саруудад цөмийн хүчин чадалтай Искандер-М пуужингийн системийг Беларусь руу шилжүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод мэдэгджээ. Бямба гарагт Украин улс Беларусийн агаарын орон зайгаас анх удаа халдлагад өртсөн гэж мэдэгдэв.
Эх сурвалж: CNN